-Та саяхан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн баримт дээр түшиглэн “Цагаагчин гахай жил” гэдэг роман хэвлэн гаргалаа. Энэ романы өвөрмөц тал буюу онцлог нь юу вэ?
-Энэ роман бол түүх аж байдлын роман. Дан цулгуй түүх бичих юм бол түүхэн судалгаа болчихно шүү дээ. Тийм учраас түүх, уран сайхны сэтгэлээ хоёрыг зангидаж байж сая уран зохиол болно. Энэ хоёр хоорондоо зарим талаар нийлнэ, зарим талаар нийлэхгүй. Тэгэхээр аж байдлыг оруулах ёстой юм. Тэр нь одоогоос зуун жилийн өмнөх хүн гэдэг ямар хүн байсан юм? Тэр үеийн ван, гүнгүүд гэж ямар үзэл бодолтой хүмүүс байсан юм? гэх мэтээр тэр үеийн ахуй соёл, аж байдлыг сайн судална гэсэн үг. Энэ романыг бичсэнээрээ би монголын утга зохиол болоод романы бичлэгт байхгүй нэлээд олон шинэ шинэ баатруудыг гаргасан. Хамгийн гол нь би өөрөө судалдаг учраас, шүүмжилдэг учраас монголын утга зохиол, хүүрнэл зохиолд ямар баатар байхгүй байна вэ гэдгийг бас мэднэ л дээ. Тиймээс тэд нараас ялгарахын тулд маш их бодсон. Ер нь аливаа юм гэдэг нэг голтой байх хэрэгтэй шүү дээ. Жишээ нь наймдугаар Богдын дүр гэхэд л нэг үе сохор доголон, төвдийн тэнүүлчин гээд л хэт хар тал руу нь бичдэг байсан бол одоо тэр хүн шиг мундаг хүн байхгүй гээд л бичээд байна. Үнэн хэрэг дээрээ Богд өөрөө уриалаад л за одоо Манжийн дарлалаас гарцгаая алив Ханддорж, Чагдаржав, Цэрэнчимэд, Хайсан гүн нараа цуглаарай нийлээрэй хувьсгал гаргая гээд байсан юм судлаад үзэхээр байхгүй л юм билээ. Харин тэр үеийн нэр нөлөө бүхий цөөн тооны ван, гүн, лам нарын л эх оронч сэтгэл, эр зориг, ур ухааны үр дүнгээр бий болсон хувьсгал, үүнд харц ардууд ч оролцоогүй. Дээр үеийн хэллэгээр феодалуудын гаргасан хувьсгал. Сүүлийн үеийн хэллэгээр бол ноёд дээдсүүдийн гаргасан хувьсгал. Нөгөөтэйгүүр Манжийн тухай арай өөрөөр өгүүлэхийг бодсон. Урьд нь бид чинь Манжийн дарлалд хоёр зуун жил талхигдсан зовсон муу муухайгаа үзсэн гээд л бичээд байсныг арай өөрөөр харах цаг болжээ. Сая ерөнхийлөгч Элбэгдорж маш зөв үнэлгээ өгнө лээ. Ерөөсөө Манж чин улс, ар Монголын хооронд төрийн харилцаа л байсан. Түүнээс биш нэг их колончилоод л, ташуурдаад л, загнаа л, занчаа л шорон оронд хийгээд байсан юм үнэндээ байхгүй. Яг нарийндаа бол Хятадаас Манж хамгаалж байсан. Тиймээс би түүнийг дарлал, колоничлол гэхээсээ арай өөрөөр эрхшээл гэж яримаар байгаа юм. Энэ мэтчилэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Түшээ чин ван Чагдаржав, наймдугаар Богд нарын холбоо сүлбээ монгол орноо гэсэн үндэсний үзэл, хааны ордон хийгээд Дондогдулам хатан, тэр ч битгий хэл түүнтэй холбоотой ордны хов жив гээд аль л сонин сонин асуудлыг гаргаж тавьсан. Бараг л үзэж байгаа юм шиг, харж байгаа юм шиг л бичихийг хичээсэн. Зарим үедээ газраас өөрөө хөндийрч байж, онгод орж бичлээ шүү дээ. Хамгийн гол нь миний энэ романы үзэл санаа бол “Төрд зүтгэсэн хүнийг зажилж дуусгадаг гэж” энийг л харуулахын тулд хоёр зуу гаруй дүр, зохиолын баатартай нэг романыг монголын утга зохиолд оруулж ирлээ дээ.
–Монголын утга зохиолын төрөл зүйл сүүлийн үед хомсдох тийшээгээ хандаж байх шиг байна. Тэр тусмаа хүүрнэл зохиолын төрлөөр хүмүүс нэг их бичихгүй юм. Энэ талаар судлаач хүний хувьд ч, өөрөө үргэлжилсэн үгийн бас нэгэн төлөөлөл хүний хувьд ч гэсэн ямар бодолтой байдаг вэ?
-За яах вэ энэ утга зохиолын сэтгэлгээ, арга, эрэл хайгуул энэ тэр дээр ярих юм алга. Ялангуяа яруу найраг их хөгжиж байна. Гадна талаас нь харах юм бол янз бүрийн төрлийн яруу найраг байна. Сэтгэлгээнийх байна, эрэл хайгуулых байна, афоризм гээд утга зохиолын нэг төрөл болоод гараад ирлээ шүү дээ, за тэгээд хэлбэрийн яруу найраг байна, хийсвэрлэх яруу найраг байна. Монгол хүн бүр гоо сайхны өндөр мэдрэмжтэй бодол санаагаа урвуулан хөрвүүлж хийсвэрлэн сэтгэхдээ их айхтар хүмүүс байдаг юм байна. Ер нь шүлэг бичиж чаддаггүй ч хүн гэж байдаггүй юм байна шүү дээ. Харин нэг газар л ган болоод байгаа нь хүүрнэл зохиолын салбар юм. Хүүрнэл зохиол бол агуу их тэвчээр, хөдөлмөр, судалгаа, авьяас шаарддаг. Дээр нь амьдрал их үзсэн байх шаардлагатай. Хүний амьдралд тохиолдох жаргал баяр, бэрхшээл зовлонг нэвт туучсан байх хэрэгтэй. Миний өдий зэрэгтэй бичиж байгаагийн гол шалтгаан бол малчины гэрт төрж тэнд өссөнийх мөн таван аймаг, хоёр суманд ажилласных бас Америкт болон Москвад ажиллаж суралцсаных. Бичихээс өөр яах юм. Өөр тэгээд над шиг хөдөлгөөн багатай ингээд л нусаа гоожуулаад үүрийн дөрвөн цагаас оройны арван нэг, арван хоёр цаг хүртэл сандалд хадаатай юм шиг бичих тийм тэвчээр манай залуучуудад байна уу? Бид нарын үе арай нэг өөр байж дээ. Яруу найргийг хаана ч бичиж болдог бол хүүрнэл зохиолыг тэгж бичиж болдоггүй. Жишээ нь яруу найргийг шорон гянданд байж байгаад ч бичиж болно, хонин сүргийн бэлчээр дээр ч бичиж болно, хаана ч бичиж болно. Гэтэл хүүрнэл зохиол тийм биш нэг өгүүлэгийн санааг гэхэд л тав зургаан жил тээж явж байгаад бичдэг. Цаг тутамд дандаа бодоод байсан юм байхгүй ч гэлээ би “Морь” гэдэг өгүүллэгээ дөрвөн жил бодож байж, “Тэнгэрт хальсан тоос” гэдэг туужаа арав гаруй жил бодож байж бичсэн. Ингэж шаналж, ингэж зовж, ингэж өвчлөх хэрэгтэй байдаг юм. Тэгэж бичсэн бүтээл үнэхээр сайхан байдаг. Үргэлжилсэн үгийн зохиол гэдэг маш хатуу, дүрийн нээлт хийх хэрэгтэй, уран сайхны нээлт хэрэгтэй. Дээр нь нэмээд зохиолын байгууламж хэрэгтэй, үйл явдлын зөрчил гэж агуу юм байна. Энэ бүгдийг эзэмших хэрэгтэй. Эд нарт хүрэхийн тулд тодорхой хэмжээнд нас хэрэгтэй. Гэтэл одоо романы үе дууссан энэ тэр гэж шал худлаа юм ярьцгаах юм. Тийм юм байхгүй. Зузаан роман уншихгүй байна энэ тэр гэдэг бол залхуу амьтдын л яриа шүү дээ. Эх орноосоо өөр Америк, Солонгос, Европт байгаа монголчууд ах дүү, нутаг усаа, эх орноо их санадаг юм байна. Тэр хүмүүсийн зовлонг энэ газар шороон дээрээ байгаа улс мэддэггүй юм байна. Тэд нар юу хүсэж байна вэ гэхээр ерөөсөө л нэг сайхан кайф авчихмаар зузаандуу роман унших сонирхолтой байна. Францаас надад хүн хэлсэн та нөгөө “Хөх жавар”-аа дахин хэвлээч, дахин дахин уншмаар байна гэж. Надад бололцоо олдохгүй байгаа учраас би хэвлэж чадахгүй байна. Энэ “Цагаагчин гахай жил”-ийг гадаадад байгаа монголчууд их захиалж байна. Үр хүүхдүүддээ аваачиж уншуулдаг юм байна. Нутгийн зүгээс ирсэн хэрээ хүртэл цагаан харагдаж байна шүү дээ гадаадад байгаа монголчуудад. Тэд нар чинь хамгийн эхлээд яруу найраг, монгол зохиол, монгол дуу үүнийг л хүсэж мөрөөдөж байна. Тэгэхээр одоо романчид л төрөх хэрэгтэй байгаа юм. Одооны залуучууд дэндүү хялбар бүтээж байна. Дээр үеийн манай романчдын туршлага байсан шүү дээ хүн судлал гэж. Хүнийг судлах, тэр хүний сэтгэлийг судлах хэрэгтэй. Ийм судалгаа хийхгүй зүгээр л нэг хэдэн ном уншаад л, номноос ном төрүүлээд байна. Амьдрал дундаас энэ утга зохиол төрөх хэрэгтэй. Бараг л Солонгос, Хятадын олон ангит кино үзэж байгаад түүнийгээ нэг жаахан монголжуу маягтай болгосноо л зохиол гэж бодоод байх юм. Тийм биш. Тууж роман хоёр бол зохиолчийг сунайтал нь шалгадаг төрөл. Инжинашийн хэлсэн үг байдаг даа “чөмгөө дундартал суулаа…” гэсэн утгатай.
–Өнөөдөр үзэгчдийн хүртээл болоод байгаа жүжиг, киноны зохиол болон дууны шүлгийн хувьд хэр чанар чансаатай юм шиг санагдаж байна вэ?
-Одоо бол энэ чанарын тухай ярих цаг биш, бүгдээрээ жүжигчин, дуучин, зохиолч, яруу найрагч болсон юм байна. Аяндаа шалгарал бий болно доо. Хүн бүхэн ном гаргадаг болж, оюутнууд төгсөхдөө хоёр, гурван номтой болоод төгсөж байна. Дуучид ямар муухай адилхан хоолойгоор дуулж байна вэ. Үг нь ямар муухай байна аа. Одоо цагийн дууны үгийг үнэхээр би үзэн ядаж байгаа. Дууны яруу найраг гэж байх ёстой. Дууны шүлэг гэж байх ёстой. Дууны үг гэж байх ёстой. Гурван өөр зиндаатай сонсогдож байгаа биз дээ. Манай утга зохиол гэж ёстой нэг жинхэнэ заваарч гүйцлээ шүү дээ. Бүр эрээ цээр алга. Жүжиг хөгжиж байна гээд яриад л байх юм. Тэр теарт тавигдсан жүжиг нь гэж зүгээр л тайзыг нүцгэлж шалдалсан юм л байгаа байхгүй юу. Гэтэл хуучин цагт ямар байв “Найрын ширээний ууц” гэдэг жүжгийг үзэх гэж хүмүүс бүр хөдөөнөөс хүртэл ирдэг байлаа. Одооны жүжиг ч дээ байгууллага албан газарт билетээ хүчээр шахаж байж л нэг юм тоглож байна шүү дээ. Хэтэрхий их арилжааны тал руу нь утга зохиол, урлагийг оруулах гээд байх юм. Энэ цаг үеийг би сонгодог утга зохиолын үе гэж боддог юм. Одоо л жинхэнэ дуугаа хадаах ёстой. 21-р зууны утга зохиол бол сонгодог утга зохиолын үе байх ёстой. Сонгодог утга зохиол гэдэг гайхалтай, шижир алт хэзээ ч өнгөө алдаггүйтэй адил. Шекспирийн гурав дөрвөн зуун жилийн өмнө зохиосон жүжгүүд өнөөдөр хүртэл үнэ цэнэтэй байсаар л байна. Тэгэхээр сонгодог тал руугаа бичиж шинэ шинэ нээлт гаргамаар байна. Монгол хүнд авъяас байгаа. Монголчуудын дундаас Нобелийн шагналтан төрөх бол энүүхэнд.
–Утга зохиолын хэл доройтож монгол хэлний үгийн сангийн хомсдол бий боллоо. Сор болсон бүтээлүүд гаргахын тулд үгийн сангийн яруу хэрэглүүрийг л их хэрэглэх хэрэгтэй юм шиг санагдах юм. Харин таны бодлоор?
-Ер нь хэлгүйгээр утга зохиолд орохын ч хэрэг байхгүй. Төсөөлөхийн ч хэрэг байхгүй. Гэтэл одоо нэг буруу ойлголт байна. Хэл чухал биш гол нь текст гэж нэг юм яриад байх юм. Тэр нь одоо арван жилийн хүүхдүүдийн бичдэг гол баатар ч үгүй, үйл явдал ч үгүй зүгээр л нэг зохион бичлэг шиг юм байдаг юм уу даа. Түүнийгээ л зохиол гээд байцгаах юм. Аугаа их хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн турш мэрийж мэтгэж байж бий болгосон утга зохиол хэмээх гайхамшигт урлагийг арай л хялбараар ойлгоод байх шиг байна даа. Утга зохиолд хэлээс эрхэм зүйл байхгүй. Энэ тухай Томас Элиот гэдэг хүн хэл байгаагүй л бол утга зохиол гэдэг зүйл байхгүй гэсэн санааг хэлсэн байдаг. Манай монгол хэл Ренчин гуайн томъёолсноор хоёр сая гаруй үг хэллэгтэй гэж байгаа. Гэтэл одоо тэр үгийг бүрэн мэддэг хүн ер хэд байгаа бол. Хамгийн баялаг хэлээр бичих хэрэгтэй байгаа юм. Үг гэдэг бол үнэхээр агуу үгийн энерги, үгийн хүч, үгийн өнгө, аялга, айзам зэргийг гаргаж ирэх хэрэгтэй. Одоо энэ уул уурхайгаа ухаж байна. Тэрэнтэй адил монгол хэлний үгийн санг ухах хэрэгтэй байна. Зөвхөн адууны зүс гэхэд л 300 гаруй үг байна шүү дээ. Энийг л ашиглах хэрэгтэй. Энэ уурхайгаа бид ашиглахгүй байна. Би “Цагаагчин гахай жил” гэдэг романаа жинхэнэ монгол хэлт зохиол гэж бодож байгаа. Яагаад гэхээр тэнд албаны модон хэл найруулгын ганц ч үг байхгүй.
-Утга зохиол судлал, шүүмж ер нь хөгжлийнхөө ямар шатанд явж байна вэ?
-Одооны шүүмж гэдэг бол бид нарын дээр үеийн шүүмж биш болсон байна л даа. Утга зохиолыг тайлбарлах хэрэгтэй нээлтүүдийг ажиглах хэрэгтэй болсон байна. Жинхэнэ уран зохиол ойлгодог, сонгодог зохиол ойлгодог тийм шүүмжлэгч, судлаач нарийг бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ шүүмжлэгч судлаачдын залуу үе байгаа юм байна лээ. Шүүмж судлалыг үнэлэх хэрэгтэй байна. Шүүмж судлалаар бичиж байгаа залуус ёстой сонирхолоороо л бичиж байна шүү дээ. Утга зохиолыг шүүмжлэхдээ яг үнэнийг нь хэлдэг чанар манайд дутагдаж байна. Одоо хэн нэг хүнийг шүүмжлэх юм бол эргээд өс санаж дайсагнах болж. Хараар цагаан дээр бичих нь байтугай чи бид хоёр юм ярьж байгаад ам алдаад тэрийг нь нэг хүн аваачаад хэлэхэд л дайсан болж байна шүү дээ. Дайсан болох бол туйлын амархан. Өнөөдөр үй зайгүй сүвээгээрээ нийлж явсан хүн маргааш дайсан болж байна. Ийм учраас шүүмжлэх маш хэцүү болоод байна. Ер нь энэ шүүмж гэж ярьдаг нэр томъёо ч буруу юм шиг байна лээ. Утга зүйн шинжээч гэж байх ёстой юм байна лээ. Шүүлтгүйгээр утга зохиол хөгжихгүй л дээ. “Тэмээ гэдгэрээ мэдэхгүй хүн муугаа мэдэхгүй” гэдэг шиг бүгд аварга зохиолч гэж бодоцгооно. Тийм учраас энэ маш хэцүү. Хэдийгээр хэцүү байлаа ч гэлээ утга зохиол судлалыг заавал хөгжүүл хэрэгтэй.
–Танд баярлалаа.