”Бидний амлалт бусад тамирчдыг зоригжуулах болно”

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

”Бидний амлалт бусад тамирчдыг зоригжуулах болно”

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, тэр дундаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Гавьяат тамирчин Б.Наранбаатар нар “Алтын төлөө хамтдаа” тэмцэхээр нэгдсэнээ албан ёсоор зарласан талаар бид өнгөрсөн дугаартаа мэдээлсэн билээ. Монголын нүүр царай болсон тэд Лондонгийн олимпод алтан медаль хүртэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчлахаа мэдэгдсэн. Харин “МCS Coca-Cola” компани тэднийг олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм. Энэ үеэр Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, Б.Наранбаатар нартай цөөн хором ярилцлаа.

Э.Бадар-Ууган: Казахстаны тэмцээнээс олимпийн эрхээ авна


-Энэ өдрийн мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт гайгүй юу?

-Гайгүй ээ. Өндөр ачаалал авахгүйгээр өдөр тутам бэлтгэлээ хийгээд явж байна.

-Эрчимжсэн бэлтгэл хийж болохгүй байгаа юм уу. Бэртэл гэмтэл гайгүй биз дээ?

-Миний хувьд өндөр ачаалал авахаар нурууны бэртэл маань эргэж сэдрээд жаахан зовиуртай байна. Тийм болохоор нуруундаа ачаалал өгөхгүй байна. Олимпийн эрхийн тэмцээн хүртэл бэртлээ сэдрээхгүй байж байгаад оролцох бодолтой байна. Казахстаны тэмцээнээс ямар ч байсан олимпийн эрх авна гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Бэлтгэлийн орчин, боксын шигшээ багийнхны хангалт хэр байна вэ?

-Манай холбоо саяхан бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилсэн байгаа. Хангалт боломжийн байна. Шигшээ багийнхан маань боломжийнхоо хэрээр бэлтгэл сургуулилтаа хийж, хангалт ч боломжийн байгаа гэдгийг хэлье. Бидний амжилт гаргахад нөлөөлөх бүхий л зүйлээр манай холбоо болон үндэсний шигшээ багийн алба тусалж байгаа.

-56 кг-ын жинд олимпийн эрхийн тэмцээнд оролцох магадлалтай хоёр тамирчин бий. Сорил хийх болов уу?

-Мэдээж сорил хийлгүй яах вэ. Хэдийгээр би улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадахгүй ч сорилд оролцоно. Сорилоос хэн ялсан нь эрхийн тэмцээнийг зорих ёстой. Цаашлаад эрхээ авчихвал Лондонгийн рингэнд гарах юм. Сорилыг манай холбоо болон шигшээ багийн албаныхан шударгаар явуулна гэдэгт итгэлтэй байна. Надаас гадна Л.Отгондалай ч мөн адил олимпод оролцохыг хүсч байгаа байх.

-Тэгвэл Отгондалайгийн хувьд юу хэлэх вэ?

-Сайн тамирчин. Бэлтгэл сургуулилтаа нэлээд чамбай хийж байгаа харагдсан. Манай шигшээ багийн залуу тамирчин учраас тодорхой зорилготой байгаа байх. Сорилоо өгөөд хэн ялсан нь олимпод оролцохын төлөө зүтгэе.

Х.Цагаанбаатар: Олимпод хэн нь оролцохыг С.Мияарагчаа бид хоёр шийдэхгүй

-Дөрвөн жилийн өмнө “Алтын төлөө хамтдаа” гэсэн уриалга гаргаж байсан байх аа?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. 2008 онд “MCS Coca-Cola” компанитай хамтран анх энэхүү уриалгыг гаргасан. Харин энэ удаа дахиад санал тавихад нь дуртайяа хүлээж авлаа. Олимпийн алтан медалийн төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулъя гэж нийт шигшээ багийнхаа тамирчдад уриалмаар байна.

-Олимпийн наадамд өөрийнхөө жинг манлайлж барилдмаар байна гэл үү?

-Тийм ээ. Хэдийгээр “Мастерс”-т мөнгөн медаль хүртэж чансаагаа ахиулсан ч одоогоор гуравдугаарт бичигдэж байна. Яагаад гэвэл олон улсын жүдо бөхийн холбооноос чансааг албан ёсоор шинэчлээгүй байгаа. Чансааг манлайлж барилдвал медаль хүртэл магадлал хамгийн өндөр байдаг. Учир нь, чансааг харгалзан үзэж хэсэгт хуваадаг юм.

-66 кг-д дэлхийд данстай хоёр монгол жүдоч бий. С.Мияарагчаагийн талаар юу хэлэх вэ?

-С.Мияарагчаа маань үнэхээр Монголд төдийгүй дэлхийд данстай тамирчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Хувь хүнийхээ тал дээр даруухан, хүн чанар сайтай. Тамирчныхаа хувьд яалт ч үгүй миний гол өрсөлдөгч юм. Би ийм мундаг найзтай, бас шилдэг өрсөлдөгчтэй хамт бэлтгэл сургуулилтаа хийж байгаадаа маш их баярлаж байгаа. Миний амжилт гаргаж байгаа нь зарим талаараа С.Мияарагчаатай холбоотой. Бид хоёр үргэлж бие биенээ хурцалж барилддаг. Ер нь ганцхан 66 кг гэлтгүй Монголын хөнгөн жингийнхэн дэлхийд данстай гэдгийг олон улсын шилдгүүд хүлээн зөвшөөрсөн байдаг юм. 66 кг-ыг “Монголын жин” гэж гадаадsy хэвлэлээр олон удаа бичсэн байсныг олж харсан.

-Хоёр шилдэг тамирчинтай байх нь сайн хэрэг ч олимп болохоор хүн бүр “хэн нь явах бол” гэж анхаарлаа хандуулах юм?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Хэн, хэн нь олимпод оролцохыг хүсч байгаа. Яагаад гэвэл тамирчин хүний гол мөрөөдөл нь олимпод оролцох байдаг шүү дээ. Миний хувьд ч гэсэн олимпиос алтан медаль авахын тулд зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарал хандуулж байна. Бид хоёрын хэнийг нь олимпод явуулахыг Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийнхан мэднэ. Түүнээс биш С.Мияарагчаа бид хоёрын дураар шийдэхгүй. Тийм учраас дор бүрнээ бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд олимпийн өмнөх тэмцээндээ амжилттай оролцохын төлөө зүтгэе гэж хэлмээр байна.

Б.Наранбаатар: Миний гол зорилго бол Лондонгийн олимп

-Юуны өмнө Германы Бундеслигээс мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. Гэхдээ зорилгодоо хүрч чадсангүй.

-Финалын барилдааныхаа талаар эргэн дурсвал?

-Шийдвэрлэх мөчид би 60 кг-ын жингийн Европын шилдэг бөхтэй барилдаж, гурван үеийн турш нэг ч оноо өгөлгүй ялалт байгуулсан. Энэ нь тухайн үедээ Европт нэлээд анхааралт татсан үйл явдал боллоо. Уг нь манай багт алтан медаль хүртэх боломж байсан. Харамсалтай нь манай багт данстай сонгомол бөхийн 55 кг-ын жинд барилдах ёстой тамирчин маань ирээгүйн улмаас мөнгөн медаль хүртлээ. Бундеслигийн аварга гэдэг цолыг Монголд авчрахыг маш их хүсч байсан учраас эх орондоо болсон “Mongolian open” тэмцээнийг өнжсөн байгаа.

-Гуравдугаар сараас олимпийн эрх олгох тэмцээнүүд эхэлнэ. Чөлөөтийнхөн гурван тэмцээнээс эрх авах боломжтой. Хэр найдвар байгаа бол?

-Миний гол зорилго бол олимпод оролцох. Тиймээс гурван тэмцээнийг алгасалгүй оролцож, аль нэгнээс нь Лондон хүрэх тийзээ өвөртөлнө гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Олимпийн эрхээ авч амжаагүй хэрнээ амлалт маягийн зүйл ярилаа?

-Бид нарын амлалт нэгдүгээрт, Монголын шигшээ багийн тамирчдыг зоригжуулж байгаа юм. Тэгээд ч амласан амлалтынхаа төлөө зүтгэвэл заавал амжилтад хүрдэг. Тиймээс зөвхөн алтын төлөө зүтгэхийг хүсч байна. Ингэхийн тулд бүх хүч чадлаа дайчлах хэрэгтэй.

Б.Мөнхзул
“Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж