Энэ тухай ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн төгсөх курсын ангийн оюутан С.Өлзийхишигтэй ярилцлаа.
-Ямар учраас та бүхэн хүний хөгжил сангийн мөнгөө авч чадахгүй байгаа вэ?
-Биднийг их сургуульд орох томилолтод 2-р ээлж гэсэн тодотгол байсан. Үүнийг манай сургуулийн удирдлагууд оройн ээлж гэж үзээд өмнөх жилийн 500 мянган төгрөгөө одоо болтол авч чадахгүй байна.
-Яагаад нэг, хоёрдугаар ээлж гэж ангилдаг юм бэ?
-Яам тамгын газраас захиалсан буюу товлосон оюутан элсүүлэх тоог заасан томилолт байдаг. Манай сургууль дотооддоо шийдвэрлэн өөрсдөө томилолт нэмдэг буюу нэмж оюутан элсүүлдэг. Бид тэр нэмэлт элсэлтэд хамрагдсан оюутнууд. Ингээд нэмэлтээр элссэн оюутнууд “хоёрдугаар ээлж” гэх тодотголтой болж байгаа юм.
-Нэгдүгээр ээлжээсээ ялгаатай эсэхийг анх мэдсэн үү?
-Анх сургалтын албанаасаа асуухад нэгдүгээр ээлжээсээ ямар ч ялгаагүй гэсэн. Гагцхүү төрийн сангийн зээл авахад л хүндрэл гардаг гэсэн. Тэрнээс биш ингээд хүний хөгжил сангийн мөнгөө авч чадахгүй байсан бол бид анх сонголт хийхдээ л анхаарах байсан.
-Сургуулийн удирдлагууд энэ асуудлаар ямар нэг хариу өгсөн үү?
-Манай сургуулийн удирдлагууд төрөөс хувьсах зардлын мөнгө авах болохоороо бидний тоог оруулаад мөнгө авдаг. Харин Хүний хөгжил сангийн мөнгийг өгөх болохоор биднийг тоодгүй. “Төр л мэднэ, яам энэ асуудлыг шийднэ” гэсэн хариулт өгдөг.
-МУИС-н оюутнууд тэтгэлгийн 70 мянган төгрөгөө хандивлах уриалга гаргасан. Танай сургуулийн оюутнууд дэмжиж байгаа юу?
-Ер нь бол дэмжиж байгаа. Тэтгэлгийн 70 мянган төгрөгийг бас л өдрийн ангийн оюутнуудад өгнө гэсэн. Бид энэ мөнгийг авах эсэх нь тодорхойгүй байна.