Мелбурнд болсон Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй хосын төрөлд Энэтхэгийн Леандэр Пайс, Чехийн Радек Штепанек нар энэ төрөлд сүүлийн 12 “Их дуулга”-д түрүүлсэн, Америкийн ах, дүү Майк, Боб Брауныг ялснаар шинэ аварга боллоо. Харин эмэгтэй хосын төрөлд Оросын Светлана Кузнецова, Вера Звонарева нар Италийн Сара Эрани, Роберта Винчи нарыг хожиж, аваргалсан байна. Харин холимог хосын тулаанд Америкийн Беттани Сандс, Румыний Хора Течау нар аварга болжээ. Харин хамгийн гол тулаан эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сербийн Новак Жокович, Испанийн Рафаэл Надаль нарын хооронд өрнөв. Хоёр теннисчин өмнө нь 29 удаа таарахад Надаль 16 удаад нь хожиж байсан. Гэхдээ сүүлийн зургаан тулаанд дэлхийн чансааг тэргүүлэгч Жокович ялаад байсан юм. Тиймээс энэ удаагийн тулаан маш өрсөлдөөнтэй болсон. Эхний сетэд Надаль 7:5-аар хожиж, давуу байдлыг бий болгосон ч дараагийн сетээс Жокович тоглолтоо гаргаж эхэлжээ. Брейк хийсэн Серби теннисчин 6:4-өөр хожиж, сетийг тэнцүүлсэн бол дараагийн сетэд өрсөлдөгчийнхөө хоёр ч давуулалтыг авч, 6:2-оор хожин ерөнхий дүнд хошуучилж эхэлсэн байна. Харин дөрөв дэх сетэд 11 дэх “Их дуулга”-аа авахад ойрхон ирсэн Надаль өрсөлдөөн гаргаж, тай брек хүргэсэн бөгөөд тай брект 7:5-аар хожиж шийдвэрлэх тав дахь сетийг гаргахаар болсон байна. Нэмэлт сетийн тулааны зургаа дахь гэймд Жокович шийдвэрлэх оноог авснаар 7:5-аар хожиж бараг зургаан цаг үргэлжилсэн тулааны ялагч нь боллоо. 24 настай Серби теннисчин ийнхүү гурав дахь удаагаа Австралийн нээлттэй тэмцээний ялагч болж, нийтдээ тав дахь “Их дуулга”-аа гардсан байна. Жокович Надалийн тулаан “Их дуулга”-ын орчин цагийн хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн шигшээ тоглолт болсноос гадна Австралийн нээлттэй тэмцээний хамгийн урт тоглолт болж бүртгэгдлээ.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Score Studio