Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, ерөнхий дасгалжуулагч Ж:Баярсайхан, дасгалжуулагч н.Энхбаяр нараар ахлуулсан самбочид тус тэмцээнд зодоглож, хоёр мөнгөн медаль хүртжээ.
“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Амартүвшин 62 кг-д барилдаж, ОХУ, Азербайжан, Тажикистаны бөхчүүдийг ялж, хагас шигшээд Казахстаны тамирчинг ялсан ч аваргын төлөөх барилдаанд дэвжээний эзэн орны тамирчинд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин 82 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Болд-Эрдэнэ Тажикистан, Казахстан, Армяны бөхчүүдийг ялж, аваргын төлөө Гүржийн бөхөд ялагдсанаар мөнгөн медалийн тавцанд гарчээ.
Тэмцээний үеэр Азийн самбо бөхийн холбоо хуралдаж, Казахстаны самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Мудрановыг ерөнхийлөгчөөр, Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очирыг дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна.
Самбын “Дэлхийн цом”-ын дараагийн цувралууд ОХУ-ын Москвад гуравдугаар сарын 24-27-нд, Венесуэлийн Каракаст зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-нд, дараа нь ОХУ-д аравдугаар сарын 5-8-нд болох ажээ.