Манай улсын эдийн засагт илэрч эхлээд байгаа Голланд өвчний илрэлийн шинж тэмдгийг сааруулах, урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах нь бодлогын зөвлөмжийн гол зорилго юм. Уул уурхайн нөөц нэг л өдөр шавхагдаж дуусна. Тэр үед бид уул уурхайгаас олсон орлогоороо бусад салбаруудаа хөгжүүлсэн байх шаардлагатай нь тодорхой. Харин ямар салбарыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгээ сайтар бодох нь зүй. Манай улсын хувьд цоо шинэ салбарыг бие даан хөгжүүлэх боломж бараг үгүй. Харин уламжлалт салбарууд дээрээ түшиглэн хөгжих, өөрөөр хэлбэл уламжлалт бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг гүнзгийрүүлэх, илүү нэмүү өртөг бий болгох нь хамгийн эрсдэл багатай, олон улсын туршлагаас харахад амжилттай хэрэгжсэн стратеги юм.
Дэлхий нийтийн хэмжээнд хүнс тэжээл ховордож, эрчим хүчний эх үүсвэр эрдэс баялгийн үнэ ханшаас дутахгүй нэмэгдэж байгаа тул уул уурхайн салбараас олсон орлогыг нэн тэргүүнд улс орны эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдлыг хангах стратегийн салбаруудыг дэмжихэд чиглүүлэхийг судлаачид санал болгожээ. Мэдээж хөдөө аж ахуйн түүхий эд дээр түшиглэсэн арьс шир, ноос ноолуур нэхмэлийн үйлдвэрийн салбарууд мөн багтах бөгөөд эдгээр салбаруудад дорвитой хөрөнгө оруулж, малын гаралтай түүхий эдийн чанарыг сайжруулах, мал сүргээ эрүүлжүүлэхэд одооноос анхаарах хэрэгтэйг сануулсан байна. Эдгээр салбарыг татвар, зээлийн бодлогоор тууштай дэмжих, гадаад дотоодын хөрөнгө оруулалтад нэн таатай нөхцөл бүрдүүлэх, үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээнд “органик” болон “ногоон” брэндийг нэвтрүүлж, олон улсад сурталчлах, үүнд төрөөс дэмжлэг үзүүлэхийг зөвлөмж болгосон байна.
О.Хосцэцэг