Грегори Крюдсон ертөнц бүтээдэг… Энэ нь түүний урлагт баримталдаг зарчим хийгээд зорилго юм. Тэрээр өөрийнх нь оюун сэтгэлд байгаатай яг төстэй төгс ертөнц бүтээхийг шунан тэмүүлдэг билээ.
Крюдсон бага байхдаа музейн дэлгэмэл үзмэрийг үзэж байгаад энэ санаагаа анх олсон гэж ярьж байсан. Тэрхүү үзмэрт тухайн орчин хийгээд цаг хугацааг эд ширхэг бүрээр нь нарийвчлан үзүүлсэн нь үзэгчдэд ургуулан бодох баялаг сэдэл өгдөг байж л дээ. Тэгээд хийсвэр ч гэсэн мэдэрч болох ертөнцийг цогцлоон бүтээхдээ Крюдсон зогсонги буюу статик дүрслэл нь хөдөлгөөнт буюу кино дүрслэлээс боломжийн хувьд хязгаарлагдмал, мөн илүү байдаг тухай сэтгэж эхэлсэн байна.
Уран зөгнөлийн дүрслэлээ олох эрэл Крюдсоны хувьд хэдэн сараар үргэлжилдэг байна. Дүрслэл оюун бодолд нь “биежмэгц” тэрээр энэ дүрслэлд тохирох зургийн талбайг хайж эхэлдэг гэнэ. Машиндаа сууж зөн билэгтээ найдсан эрлийнхээ дүнд таарсан газраа олмогц олон тооны хар зураг, төлөвлөгөөгөө гаргадаг байна. Энэ ажилд улмаар дизайнер, гэрэлтүүлэгч, цахилгаанчид гээд олон тооны хүмүүс татагдан оролцоно.
Кино үйлдвэрлэлийн ээдрээтэй бөгөөд нүсэр технологийг ашиглан туйлын нарийн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл болсон хий билгийн ертөнцийг үүсгэх тун ээдрээтэй зорилго тавьдгаа зохиогч бүрэн ойлгож ажилладаг юм. Гэхдээ чухам ингэж л тэрээр урлагийг ирүүлд дууддаг.
Үүний дараа тайз чимэглэлийг босгох ажил эхлэнэ. Энэ нь нэлээд хүнд, хөрөнгө мөнгө шаардсан, урт хугацааны ажил. Энэ шатанд өнгө, агаар, түүхэн бодит орчин, цаг хугацааг тусгах гээд нарийн чимхлүүр ажлууд хийгдэнэ. Гэрэл зургийг нь харахад үнэхээр л бодитой орших орон байр, гудамжинд авсан мэт сэтгэгдэл төрдөг нь үүнтэй л холбоотой. Энэ бүхэн яг л кинонд болж байгаа үйл явдал мэт. Гэхдээ энэ нь ганцхан фото кадр авах л зорилготой гэдгээрээ ялгаатай.
Тайз босгосны дараа гэрэлтүүлэгчдийн ажил эхэлж, энэ үйл явцыг Грегори зөвхөн хянаж, удирддаг. Тэрээр гэрлээ хэмжээд, фокусаа тавиад гүйгээд байдаггүй. Зөвхөн гэрэл зурагт буух тухайн нөхцөл байдлыг үүсгэхийг л өөрийн үүргээ гэж уран бүтээлчийн хувьд үзнэ.
Нэг талаас, тухайн орчинг бүрдүүлэхэд эд ширхэг бүрийг нь тооцно. Нөгөө талаас, бүтээХ явц амьд бөгөөд энэ хооронд тооцоолоогүй ямар ч үйл явдал, асуудал гарч болно.
Крюдсон болон түүний гэрэл зургуудын талаарх мэдээ түгээмэл байдаг. Жишээ нь түүний зураг авалтын продюсингийн ажилд холливудын дундаж кинотой эн зэрэгцэхүйц хэмжээний баг ажилладаг бөгөөд 45 настай нью-йорк эрд уран сэтгэмжээ гүйцэлдүүлэхэд нь мэргэжлийн жүжигчин, гэрэлтүүлэгч, нүүр хувиргагч, тусгай эффект бүтээгчид хамтран ажилладаг.
Интернетийн материалаар бэлтгэв
Албан ёсны сайт: www.aperture.org/crewdson