МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн зааланд өнгөрөгч амралтын өдрөөр болсон 12 дахь удаагийн Сэтгүүлчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй 22, эмэгтэй 12 багийн тамирчид өрсөлдсөн. Улмаар эрэгтэйчүүдийн төрөлд “Монгол Масс Медиа” группийн “Sport Box”-ын нэгдүгээр баг түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд мөн “Монгол Масс Медиа” группийн баг тэргүүлэв. Харин мөнгө, хүрэл медалийг BTV болон “Улс төрийн тойм” сонины баг, эмэгтэйчүүдийн төрөлд “Ардчилал” сонины баг мөнгө, Шууд ТВ-ийн баг хүрэл медалийн эзэд болжээ. Шилдгийн шилдэг тоглогчдоор эрэгтэй Г.Идэр-Ууган /Sport box/, Б.Баатар /Улс төрийн тойм/, эмэгтэй Т.Хишигбаяр /Монгол Масс Медиа/, О.Мөнгөнчимэг /Шууд ТВ/ нар шалгарсан байна.
Тэмцээнийг “Оюутолгой”, “Юнител” болон Хадгаламж банк ивээн тэтгэсэн бөгөөд энэ жил оролцогчдын тоо нэмэгдсэн, мөн сэтгүүлчдийн дунд Монголын сагсан бөмбөгийн холбооны Пэпси хөгжлийн лиг болон “TLG-13” ТББ-аас зохион байгуулдаг Спрайт хөгжлийн болон супер лигт тоглодог тоглогчид цөөнгүй байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам хурцалсан гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.