Хотод ирээд хөл дээрээ боссон ”цагаан утасны ах”

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Хотод ирээд хөл дээрээ боссон ”цагаан утасны ах”

Олон хүүхэдтэй, мэргэжил боловсролгүй мөртлөө амьдралаа хэний ч туслалцаа, дэмжлэггүйгээр залгуулж яваа Завханаас нүүж ирсэн нэгэн айлыг сурвалжиллаа. Тэдний амьдралын түүх сонирхол, хачирхлаар арвин аж. Уулын бэлд нэлээд ташуухан газар хашаагаа барьжээ. Гэхдээ хашаагаа их авсаархан материалаар барьсан байв. /Далдуу модны тосны савны тагаар нэг ч төгрөг зарлагадахгүй барьсан аж/

“Амиа хорлох гэж ч үзсэн. Даан  ч хүүх­дүүдээ хараад чаддаггүй юм билээ. Идэх юм байхгүй болохоор элсэн чихрээр амталсан зутангаар оройн хоолоо болгодог байлаа” хэмээн өрхийн тэргүүн амьдралын хүнд хэцүү үеийн түүхээсээ  ярьж эхэлсэн юм. Эднийх Улаанбаатар хотын баруун хойд захад нийслэлийн Чингэлтэй дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр Зүрх-Уул хэмээх газарт амьдардаг. Зургаан охин, ганц хүүтэй.  Хамгийн том охин нь одоо 22-той. Харин бага нь хоёр настай. Өрхийн тэргүүнийг Ч.Содбаяр  гэдэг. Гэвч энэ олон хүний хоолыг ердөө гуравхан хүн л залгуулдаг. Эднийх Завхан аймгийн Цэцэн-Уул сумаас Улаанбаатар хотод нүүж ирээд 11 жилийн нүүр үзэж буй аж. Өрхийн тэргүүн Ч.Содбаяр цагтаа Цэцэн-Уул сумын цаг уурын ажиглагч хийдэг байж. Бас 80-аад бог, 10 гаруй үхэртэй сумандаа подхийсэн амьдралтай айл байв. Ч.Содбаяр гуай одоо 50 насыг шүргэж буй. Тэрбээр “Би хөдөө байхдаа архичин байлаа. Орой үдэш болно. Би л тэнд согтуу орилчихсон явна. Сумынхан намайг ер андахгүй” гэж арван тамын энэтэй архины хорыг яаж амсаж явснаа мөн ярина. Гэвч энэ айл тийм сайхан амьдралтай байж яах гэж хот руу зүглэдэг байна аа. Харамсалтай нь миний энэ бодол дэндүү ахар аж. Содоо /Ч.Содбаяр/ гуайгаас “Танайх юунд хот руу нүүж ирсэн юм. Тэндээ байж байхгүй” гэхэд хоолой зангируулан ийн хэлэв. “2000 оны хар зудад хамаг мал дуусаж, ажил ч үгүй болсон. Дээрээс нь би гэдэг хүн улаан архичин. Тэгээд арай гайгүй амьжиргаатай гэж бодоод хот руу ирсэн минь энэ” гэлээ. Анх хотод орж ирсэн даруйдаа “Ёстой амьдрахын аргагүй газар юм байна” хэмээн хаширсан удаа ч нэг бус гэсэн. Гэвч, хүүхдүүдээ өлсгөхгүй нь тулд мань хүн “Хүчит шонхор” зах дээр цуйван хийж зарж эхэлжээ. Эхнэр Л.Гантөмөр нь баруун дөрвөн замд байрлах “Топаз” цайны газарт үйлчлэгчээр ажилд оров. Тэрбээр хэлэхдээ “Тэр үед хөдөөнөөс орж ирсэн хүнд гуанзны ажлаас өөр юм олддоггүй байлаа” хэмээсэн. Содоо гуайг  “Хүчит шонхор”-т өмнө нь хоол зардаг байсан архагууд их дарамтална. Захын байцаагчдад орлогоосоо бас хуваалцана. Нэг таваг цуйванг 1500 төгрөгөөр зардаг. Гэсэн ч тэрбээр энэ ажилдаа  нэг их удсангүй. Өөр ажил хийхээр шийджээ. Бас хэдэн төгрөг илүү гарвал шилтэй ногооноор ходоодоо баярлуулахаа мартахгүй. Нэг өдөр Содоо жаахан балгачихсан гэртээ иржээ. Тэгээд өнөөх орилж, чалчидгаараа чалчиж байгаад гэнэт ухаан орсон янзтай өмнө нь нулимс цэлэлзүүлэн, ноорхой хувцастай зогссон хүүхдүүдээ хараад зүрх нь зүсэгдэх шиг болжээ. Тэгээд л тэднийгээ хараад дахин архи уухаа больсон гэнэ. Гайхалтай шүү. Өөрийнхөө ухаанаар тэр архи гэж идээнээс  гарч болдгийг энэ хүн харуулж чадаж байгаа биз.

Содоо гуай цуйван зардаг ажлаа байшин барих ажлаар солив. Найзтайгаа Дамбадаржаад айлын байшин барьж байхдаа цагаан утсаар яриулан биеэ зовоохгүй мөнгө олж болох арга сүвэгчилжээ. Гэтэл түүнд утас авах 170 мянган төгрөг олдоогүй аж. Нэг өдөр тэрбээр байшин бариулж байсан хүнд учраа хэлж мөнгө зээлж авснаар шинэ цагаан утастай болов. Ингээд түүний нэгэн шинэ амьдрал эхэллээ. 2004 оноос хойш СУИС-ийн өмнө бүтэн зургаан жил “Цагаан утасны ах” хэмээх нэртэй болж, амьдрал нь ч гэсэн хөл дээрээ босчээ. Өдрийн орлого нь сайн үедээ л гэхэд  60 мянган төгрөг. Гэхдээ түүний хувьд олсон мөнгө нь бага санагдана. Яагаад гээч. Зургаан хүний гэдсийг хоёрхон хүн тэжээнэ гэдэг хэцүү зүйл. Цахилгаан, унаа, хоол, хүүхдүүдийн хичээлийн хэрэглэл, хувцас энэ тэр гэсээр байтал өнөөх олсон мөнгө нь юм болдоггүй аж. Ядаж байхад тэдний амьдардаг Зүрх-Уулд айл олон байдаггүй, зэлүүд газар байжээ. Хотын төвөөс хол болохоор ихэнх мөнгөө унаанд зарцуулна.  “Өгөөж” ч үнэхээр өгөөжтэй компани. Эхнэр Л.Гантөмөрийг нь хадам эгч нь энэ компанид нарийн боовны туслахын ажилд оруулж өгчээ. Одоо эхнэр нь том охинтойгоо цуг нарийн боовны нормч хийдэг. Хоёулаа нийлээд сард 800-гаад мянган төгрөгийн цалин авна.


БОЛДОГСОН БОЛ ТОМ ОХИНОО Л МЭРГЭЖИЛТЭЙ БОЛГОЧИХ ЮМСАН

Содоо гуайд харамсаж явдаг зүйл байдаг нь том охин С.Даваадуламаа наймдугаар ангиас нь завсардуулсандаа сэтгэл эмзэглэдэг юм билээ. Тэрбээр “Эхнэр бид хоёр аргагүй эрхэнд охиноо сургуулиас нь гаргасан. Амьдралын боломж муу мөн бид хоёр ажилдаа явчихаар дүү нарыг нь харах хүн байхгүй. Бас хоолны хэд гурван төгрөгт нэмэр болох гээд олон ачаа үүрсний эцэст охин минь боловсролгүй болж хоцорлоо” хэмээн охиныхоо ирээдүйн төлөө санаа зовнин суув. Тэр 2009 он хүртэл цагаан утсаар амьдралаа залгуулж явснаа дахин ажлаа солихоор шийджээ. Түүний энэ ажил эхнэр, том охин хоёроо бараадаж “Өгөөж” компанид ачигчийн ажилд орсон явдал байлаа. Тэр өглөөний 08:00 цагт галт тэргээр ирсэн элсэн чихэр, гурил зэргийг буулгана. Өдөртөө 400 уут гурил зөөнө. Ийнхүү тэдний амьдралд гурван хүний орлого хангалттай хүрэлцэж Содоо гуай цалингаасаа лизингээр нэг аксент маркийн автомашин авчээ. Одоо тэрбээр ачигчийн ажилд бие дийлэхээ байсан учир аксентаараа таксинд явж байгаа аж. Түүний дараагийн охин С.Саруул. “Этүгэн” дээд сургуулийн сувилагчийн ангийн нэгдүгээр дамжаанд суралцдаг. Харин гурав дахь охин нь энэ жил 11 дүгээр ангиа дүүргэх юм.

Ч.Содбаярынх хэмээх айлын амьдралын түүх ийнхүү өрнөж байна. Харамсалтай нь хорооны пээдгэр дарга нь төрөөс өгч буй тусламж зэрэгт эднийхийг төдийлөн хамруулдаггүй гэнэ. Өмнө нь хорооны Засаг дарга байсан н.Энхтуяа зуух, туурга гээд нэлээд хандив, тусламжинд хамруулдаг байжээ. Одоо байгаа хорооны Засаг дарга нь нэг ч удаа гэрээр нь орж ирээгүй аж. Харин ч  бүр МАН-ын гишүүн болбол илүү их тусламжинд хамруулна хэмээдэг гэнэ лээ.

Л.Баатархүү

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж