Давос 2012 дэлхийн эдийн засгийн форум ажиглагчдын таамаглаж байсан шиг үр дүн багатай өндөрлөв. Швейцарийн Давост таван өдөр үргэлжилсэн форумаар дэлхийн улс төр, эдийн засаг, бизнесийн гол тоглогчид ямартаа ч евро бүсийн өрийн хямралыг хяналтандаа авахаар тохиролцсон нь форумын гол ололт байв. Давос 2012 олон таагүй мэдээгээр эхэлсэн. Дэлхийн олон оронд ялангуяа, Европт иргэд эрх баригчдад итгэхээ больсныг харуулсан Эдельманы судалгаа гарч, Европын эдийн засгийн өсөлт 10-15 жилийн зогсонги байдалд орох нь гэж эдийн засагчид, банкирууд болон санхүүчид таамагласан таагүй уур амьсгал дунд форум эхэлсэн. Улс төрчид, эдийн засагчдаас илүү ирээдүйг өөдрөгөөр харахыг хичээж байгаа нь бизнес эрхлэгчид гэнэ. Тэд ирэх жилүүдэд Ази, Латин Америкт хэдэн сая хүн ядуурлаас гарч, нийгмийн дундаж давхаргад шилжих тул эдийн засаг нь тэр хэрээр өснө гэж үзэж байгаа аж. Баялгийн тэгш бус хуваарилалт, залуучуудын дунд ажилгүйдэл нэмэгдэж буй зэрэг асуудлыг хэлэлцсэн Давосын форумын үеэр өндөр зардалтай, үр дүн багатай уг чуулганыг эсэргүүцэгчдийн “Давосыг эзэл” хөдөлгөөн мөн өрнөсөн аж. Харуул хамгаалалт чанга форумын хэлэлцүүлгийн ордны гадаа эсэргүүцэгчдийн жижиг хөдөлгөөнүүд өрнөж байсан ч шуугиан дэгдээж чадаагүй юм. “Давосыг эзэл” хөдөлгөөний зарим төлөөлөгчид Давос 2012-ын зохион байгуулагч Клаус Швабтай уулзах хүсэлт гаргасан ч талаар болсон гэнэ. Хамгийн том ололт гэвэл Евро бүсийн орнуудын Засгийн газар, Европын Төв банк санхүүгийн секторын тулгамдсан асуудал, өрийн хямралыг арилгах эхний алхмыг хийсэн гэж АНУ-ын банкны салбарын аварга “Citi”-ийн гүйцэтгэх захирал Викрам Пандит ярьсан байна. Форумын таван өдөр оролцогчид хэлэлцүүлэг болгон дээр дэлхийн эдийн засаг маш муугаар эргэж мэдэх хямралын ирмэг дээр ирснийг анхааруулж байв. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард форумд оролцсон зарим орны удирдагчдад “Өрийн хямрал зөвхөн Европын хямрал биш. Хямрал Европоос хальж, дэлхийн бусад орнуудад сөрөг үр дагавар учруулж болзошгүй гэж анхааруулсан байна. Европын хүчирхэг эдийн засагтай Германы Канцлер Ангела Меркел Европыг өрийн хямралаас гаргахад санхүүгийн зээл олгох нь тус болгохгүй гэдэг байр сууриндаа хатуу зогсч байна. Давосын форумыг нээж үг хэлсэн Ангела Меркел өрөнд баригдсан Европын орнуудад санхүүгийн зээл олгож эрхлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, Европын санхүүгийн тогтвортой байдлын сан гээчийг байгуулах төлөвлөгөөг дэмжихгүй нь тодорхой болсон юм. Харин хүнд цаг үе ирсэн ч нэгэндээ туслахгүй байх нь уучилшгүй явдал гэж үзэх хүн байсан юм. “Microsoft”-ийг үндэслэгч Билл Гейтс форумын үеэр хумхаа, ДОХ болон сүрьеэ өвчний эсрэг тэмцэхийг уриалж, кампанит ажил явуулах “Global Fund”-д гэр бүлийнхээ өмнөөс 750 сая ам.доллар хандивлахаар болжээ. Давос 2012 форумд дэлхийн 100-аад орны 2,600 гаруй зочид төлөөлөгч урилгаар оролцсон. Тэдний дунд их 20 гүрний удирдагчид, олон улсын томоохон корпорацийн захирлууд, улс төрчид, технологийн салбарын хөрөнгө оруулагчид болон хэвлэл мэдээллийнхэн байв. Гэвч тусгай урилга буюу цагаан пайзыг хүн болгонд үнэгүй олгодоггүй. Форумын мэдээллийн ивээн тэтгэгч, академич, бизнесийн аль нэг салбарын ирээдүйтэй залуу лидер, олон улсын байгууллагын хүндэт төлөөлөгчөөс бусад нь урилга авахын тулд 20,000 ам.доллар төлсөн аж.
CNN-ийн тоймчдын тооцсоноор Швейцарийн Давос хүрэх нислэгийн тийзэнд нэг хүн дунджаар 6,000 ам.доллар, тээврийн бусад зардал 9,000 зочид буудалд 3,000 ам.доллар, хоол хүнсэнд 2,000 ам.доллар зарцуулсан байна. Давос 2012 форумд оролцсон нэг төлөөлөгч 40,000 ам.доллар зарцуулсан тооцоо гарчээ.
Н.Энх