Орлогоо нотлохгүй бол татварын хөнгөлөлт эдлэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Орлогоо нотлохгүй бол татварын хөнгөлөлт эдлэхгүй

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн дагуу татвар төлөгч иргэн жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор жилийн тайлангаа гарган өгч татварын тооцоо хийдэг. Тайлан гаргах явцад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, түүнийг нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Энэхүү хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн ачаалал сүүлийн үед эрс ихсэж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор татварын байцаагчид доромж­луул­лаа гэсэн иргэн Э-гийн гомдлын дагуу түүнтэй уулзсан юм.

    
-Танд ямар асуудал тулгараад байна вэ?

-Эхнэр, бид хоёр төрийн албанд ажилладаг. Өнгөрсөн жил орон сууцны зээлд хамрагдан Баянзүрх дүүргийн 16-р хороонд нэг өрөө байр авлаа. Байрны төлбөрийн 10 хувийн урьдчилгаа болох гурван сая гаруй төгрөгийг бэлнээр төлсөн юм. Энэ жил хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлтөд орох гэж нэлээд баримт бичиг бүрдүүлж, олон хоног хөөцөлдсөн. Гэтэл орлого нотлох баримт бичиг шаарддаг юм билээ. Би бусдын адил амьдрахын тулд орлогоосоо тодорхой хувийг нь ямар нэг санхүүгийн байгууллагад бус, гэртээ хадгалдаг байсан юм. Гэтэл бидний цуглуулсан мөнгө урьдчилгаа төлбөрт хүрээгүй учир аав маань бидэнд тусалсан. Энэ тухайгаа харьяа татварын байцаагчдаа тайлбарласан боловч заавал нотолгоо шаардлагатай гэнэ.

-Татварын байцаагч танд юу гэсэн юм?

-Манай дүүргийн 14, 16-р хороог Нармандах гэдэг байцаагч хариуцдаг. Тэр хүн надад зөвлөх нь бүү хэл, “төрийн байгууллагад ажилладаг та нар ямар мөнгөөрөө урьдчилгаа хийсэн юм. Аав чинь хүртэл төрийн албан хаагч юм бол яаж мөнгө олж өгсөн юм бэ” гэх мэтээр ёс зүйгүй авирласан. Би уг нь Авлигатай тэмцэх газарт байцаагдаагүй байлтай. Төрийн байгууллага бас иргэдэд үйлчлэх үүрэгтэй биз дээ. Доромжлолгүй, эвтэйхэн зөвлөөд өгвөл бид ойлгоно шүү дээ. Наад захын харилцааны соёлгүй аашилсанд нь гомдож байна. Угтаа бол орлогын ямар эх үүсвэрээс төлбөрөө хийсэн бэ гэдгийг нотлох ёстой гэнэ. Хэрэв банкинд хадгалж байсан бол хадгаламжийн дэвтрийн хуулбараа авчир гэсэн. Харамсалтай нь бидэнд нотлох баримт алга. Одоо яах учраа олохгүй байна. Бидэн шиг хоёр нарны хооронд ажилладаг хүмүүсийн хувьд олон дахин нааш, цааш явах боломж тэр бүр ховор. Хэтэрхий олон баримт, цаг хугацаа шаардах юм. 

Иргэн Э-д тулгарсан асуудал олон хүнд тохиолдож байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн байдал тогтворгүй болж, иргэдийн банкинд итгэх итгэл үгүй болсон гэж хүмүүс ярьж буй. Ийм үед мөнгөө банкинд бус өөр аргаар хадгалдаг хүмүүс ч  олширсон. Тэгэхээр ялангуяа татвар төлөгч болон татварын байгууллагын дунд үл ойлголцох явдал олон гарах болж.


Энэ талаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга Ч.Сүрэнхорлоотой уулзаж, тодрууллаа.

    
-Төрийн албан хаагч нэгэн гэр бүл орон сууцны зээлээр байр авчээ. Тэд энэ жил татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах гэтэл орлого нотлох аргаа олохгүй байна. Учир нь мөнгөө гэртээ хадгалдаг байсан гэнэ. Энэ тохиолдолд яах вэ?

-Татварын хөнгөлөлт, чөлөөлөл­төд хамрагдах эрх бүхий иргэн хуульд заасны дагуу шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх ё­той. Хүмүүс эрхээ эдлэхийнхээ хажуугаар үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Энэ тохиолдолд орлогоо нотлох баримтаасаа бусдыг нь бүрдүүлсэн байлаа ч зайлшгүй бэлэн мөнгөнийхөө эх үүсвэрийг баталгаажуулсан баримт бичгээ өгөх ёстой. Хэрэв үнэхээр нотлох боломжгүй бол татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд орох эрхгүй гэж үзнэ. Нэгэнт хуулиар батлаад гаргасан журмыг бид мөрдөхөөс өөр аргагүй. Манай байцаагч нар иргэдэд аль болох олон дахин чирэгдэл учруулахгүйн тулд баримт бичгийг бүрэн авахыг зорьж ажилладаг. Үгүй бол хэдийгээр иргэнээ бодоод хүлээж авлаа ч нийслэлийн татварын газар, эсвэл сангийн яам шалгаад баримт дутуу байна гээд буцаачихна. Тэгэхээр иргэнээ бодсон бус, харин ч хохирооно гэсэн үг. Ийм байдал гаргахгүйн тулд шаардлагатай материалыг нь гүйцэд авах хэрэгтэй. Үүнийг хүмүүс ойлгох нь чухал.

-Тэгвэл мөнгөө хувьдаа хадгалдаг хүмүүс энэ тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэх эрхгүй гэж ойлгож болох уу?

-Иргэд эрхээ эдлэхийнхээ хажуу­гаар үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Татвараа цаг хугацаанд нь төлөөд явбал хожим ямар их ашиг тустай болохыг мэддэггүйгээсээ болж зарим нэг эрхээ эдлэх боломжгүй болох тохиолдол гардаг юм. Хэрэв их хэмжээний мөнгийг аль нэг санхүүгийн байгууллагад хадгалуулж байсан бол түүнийг тодорхой хугацаанд хуримтлал хийж байсныг нотлох баримт нь хадгаламжийн дэвтэр болно. Эсвэл, хэн нэгэн хүнд зээлүүлж байсан тухай нотариатаар баталгаажуулсан гарын үсэг бүхий баримт бичиг нь мөн орлого нотлох баримт болно. Тиймээс аливаа санхүүтэй холбоотой асуудлыг заавал нотолгоотой гүйцэтгэж байхыг иргэдэд анхааруулмаар байна. Түүнчлэн бэлэглэлийн гэрээгээр ямар нэг үнэтэй зүйл авах гэж байгаа бол хуулиа сайн судлахыг зөвлөж байна.

-Сүүлийн үед татварын бай­цаагч нартай холбоотой санал, гомдол ирэх боллоо.  Танай хэлтсийн байцаагч н.Нармандах үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай хэлтсийн байцаагчийн талаар гаргасан гомдлыг би хүлээн авъя. Ёс зүйгүй авирласан бол манай байцаагчийн буруу. Энэ талаар байцаагчдаа сануулж, хариуцлага тооцох болно. Цаашид ч харилцааны соёл дээр анхаарч ажиллана гэдгээ амлая. Ачааллаас болж иргэд болон татварын байцаагч нар маань зарим тохиолдолд үл ойлголцох явдал гардаг бололтой. Тэгэхээр аль, аль талаасаа харилцаагаа эрхэмлэн, асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх нь зүйтэй. Ялангуяа манай Баянзүрх дүүргийн хэлтсийн байр маш жижигхэн. Анх цэцэрлэгийн зориулалтаар баригдаж байсан. Актлагдсан барилга юм шүү дээ. Нарийхан хонгилд иргэд амрах сандалгүй, дараалалд чихэлдэн зогсох нь үнэхээр хүндрэлтэй байгаа нь мэдээж. Ачаалал ихтэй үед бухимдал үүсэх нэг шалтгаан энэ. Гэхдээ бид аль болох иргэдийг чилээхгүйг хичээн, дарааллыг журамтай байлгах үүднээс иргэдэд дугаар тарааж үйлчилж байгаа. Энэ хавраас хуучин барилгыг нурааж, шинэ байр барьж ашиглалтад оруулахаар төсөвт тусган баталсан.

Я.Хулан

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж