Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Их хямралын өмнө

“Их-20” чуулга уулзалт ээлжит удаагаа явагдаж өндөрлөлөө.

Өмнө нь “Өөрсдөө эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, мөнгө хаанаас олох вэ” гэж хуралддаг байсан дэлхийн хамгийн баян орнууд энэ удаа харин “Баялгийн тэгш бус хуваарилалт эдийн засгийн хямралыг өдөөх гол шалтгаан болж байна” гэсэн гаргалгаа хийсэн нь геополитикчдын анхаарлыг гойд татлаа.

Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон Европын улсуудад хандан чөлөөт худалдааг илүү олон оронтой, идэвхитэй явуулахыг зөвлөсөн, БНХАУ Африкийн улс орнуудад чөлөөт худалдаа, эрчим хүч, үйлдвэрлэлийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсон, ОУВС-гийн Ерөнхийлөгч К.Лагард төсөв танах бодлогоос татгалзахыг уриалсан зэрэг нь бүгд “баялгийн тэгш бус хуваарилалт”-ын эсрэг чиглэсэн мэдэгдлүүд юм.

Хөгжингүй орнууд хариуцлагатай капитализмын шинэ концепцийг боловсруулах, олон талт санал бодлыг уралдуулж байна. “Дэлхийн эрсдэлүүд-2012” хэмээх илтгэл чуулганд оролцогчдын гол гарын авлага, бас гэрийн даалгавар байх юм. Энэ жил Европын олон улсад Парламентын сонгууль болно. Энэ нь бодлого тодорхойлогч нөлөө бүхий улсуудын үзэл баримтлалд нөлөөлж эхэлснийг Давосын чуулга уулзалтаас олж харж болохоор байв.

Жишээлбэл, Германы Канцлер Ангела Меркель чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ оруулаагүй ч дараа нь болсон удирдагчдын уулзалтын үеэр “Грекийг анхнаасаа аврах гэж оролдох хэрэггүй байсан юм. Грект зарцуулсан хөрөнгө үр дүнгээ өгөх нь байтугай элсэнд асгасан ус шиг алга болж байна” гэж хэлсэн. Грект тусламж олгохыг Германы олон нийт эхнээсээ эсэргүүцсээр ирсэн юм. Сөрөг хүчний намууд энэ баримтыг сонгуулийн сурталчилгааны гол хөзрөө болгож авах нь ойлгомжтой тул эдүгээ А.Меркелийн үг хэл ингэж өөрчлөгджээ.

Давосын чуулга уулзалтад оролцож буй дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсууд эцсийн эцэст баялгийн тэгш бус хуваарилалт нь хүн төрөлхтний гол асуудал болоод байгаа гэсэн дүгнэлтэд санал нэгдэж байгаа талаар бид өмнөх дугаартаа өгүүлсэн. Энэ нь эдийн засгийн уламжлалт систем орвонгоороо өөрчлөгдөнө гэсэн үг билээ. Гэхдээ энэ санааг “жинхэнэ” биш гэж хардах хүмүүс ч олон байна.

Хөрөнгөтөн орнууд харин ч баялаг тэгш хуваарилагдаж байгаа явдалд санаа зовж байгаа гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, баялгийн хуваарилалт өнгөрсөн жилүүдэд тэгш биш байснаа тэгш болж өөрчлөгдөж байгаад хэргийн учир оршиж байгаа юм байна. Дэлхийн эдийн засагт шинэ доргилт мэдрэгдэн, хүчний харьцаа өөрчлөгдөж, санхүүгийн төвүүд буурь сэлгэх магадлалтай болсон гэдгийг Олон улсын валютын сан ба Дэлхийн банк өнгөрсөн наймдугаар сард болсон жил тутмын уулзалт-хуралдаан нотолсон.

Дээр өгүүлсэн “Дэлхийн эрсдэлүүд 2012” илтгэлд “Улсыг өрийн дарамтад оруулдаг тэтгэвэр авагчдын тоо өссөнөөс залуучуудын ирээдүй бүрхэг болж, энэ нь баян, ядуугийн ялгааг богино хугацаанд ихэсгэж, улмаар бухимдал газар авах тул даяаршлын бүх амжилт аюулд учирч болзошгүй”, “ХХ зуунд байгуулагдсан улс төр, хэм хэмжээ, институтууд илүү нарийн бөгөөд бие даасан ертөнцөд биднийг цаашид хамгаалж чадахгүй“ гэсэн байна.

Тэгвэл үүнийг илүү томоор сэтгэх гээд үзье. Дэлхийн баялгийн ихэнхийг эзэмшдэг байсан ч эдийн засгийн хөгжил нь удааширч аажимдаа байр сууриа алдах нь тодорхой болоод байгаа барууны орнууд нэг талаас, эдийн засгийн өсөлт нь жилээс жилд эрчимжиж, дэлхийн бодлогод шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ирээдүй нь гэрэлтэж байгаа БРИК, Зүүн өмнөд Азийн орнууд нөгөө талаас “цусгүй дайн” өрнүүлж байна.

Баян ядуугийн ялгаа ихсэх тусам ядуучуудын зүгээс тэмцэл үүсгэдэг нь ёс. Тэгвэл хүчний харьцаа тэнцвэржих тусам баячуудын зүгээс тэмцэл өрнүүлэх магадлал өндөрсдөг байна. Тиймээс геолполитикчдын хувьд барууны ертөнцийн энэ уриалгахан найрсаг байдлыг их тэсрэлтийн өмнөх түр зуурын үзэгдэл гэж харж байгаа юм. Тэд дэлхий нийтэд хандан их хямралд бэлэн байхыг сануулсаар байна.

Баялаг нэгээс нөгөөд шилжинэ үү гэхээс бүрмөсөн устаж алга болдоггүй. 2008 оны хямралын үед ямар улс хожиж, ямар улс алдсаныг эргэн харахыг эдийн засагчид сануулж байна. Дэлхийн баячууд Давост хүрэлцэн ирж хандивын үйл ажиллагаа явуулдаг уламжлал 1987 оноос хойш тогтоод байгаа. Энэ удаа дэлхийн баячуудын хоёрдугаарт жагсдаг, “Microsoft” корпорацийн захирал Билл Гейтс ДОХ-оос урьдчилан сэргийлэх, ерөндөг гаргаж авах үйлсэд 750 сая ам.долларын хандив өргөхөө мэдэгдсэн нь урьд хожид дуулдаагүй их мөнгө хандивласан тохиолдол болсон юм.

Дэлхийн баячууд цугласан газар бүхэнд очдог болоод байгаа “Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн Давост мөн ирсэн байсан. Тэд нутгийнхний зохион байгуулсан “Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг цуцлая”, “Давосыг эзэл” гэх зэрэг нэр өөр ч зорилго нэгтэй бусад хөдөлгөөнүүдтэй нэгдэн эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж байсан юм.

Зүүний үзэл баримтлалыг дэмждэг Швейцарийн улс төрийн намууд ч зүгээр байгаагүй. Швейцарийн Социал Демократ залуучуудын байгууллагын Ерөнхийлөгч Дэвид Рот “Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг болиулья, цаашид хийж байхаа больё” гэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж байгаа юм. “Их-20”-ийн дараагийн уулзалт ирэх сард Мексикт болно.

Х.Сайхан

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж