Монгол Улсын Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны хуралдаанаар Монголын бүх ард түмний XIII их наадмыг 2012 оны I-IV сард дөрвөн үе шаттайгаар спортын 23 төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын дөрвөн төрлөөр улс орон даяар зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1, 20.3-ыг үндэслэн МБАТ-ий их наадмыг чөлөөт бөх, жүдо, шатар, бокс, гимнастик, буудлага, хөнгөн атлетик, таэквондо, кикбокс, самбо бөх, мотоцикль, олс таталт, волейбол, хөлбөмбөг, байт харваа, ширээний теннис, цана, тэшүүр, дугуй, хүндийг өргөлт, софт теннис, бүжгийн спорт, сагсан бөмбөг болон пара жүдо, суугаа волейбол, пара хөнгөн атлетик, хонхт бөмбөг гэсэн төрлөөр зохион байгуулах юм. “Хүн-хөдөлгөөн-хөгжил” уриан дор зохион байгуулах спортын их наадмын салхийг хагалж, боксын тэмцээн өнөөдөр эхэлж байна. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс /2012.01.30/ эхлэн хоёрдугаар сарын 5-ны хооронд нийслэл хотноо Спортын төв ордонд болох юм. Тэмцээнд 22 байгууллагын 240 гаруй ширэн бээлийтэн эрэгтэй есөн жингээс гадна олимпийн хөтөлбөрт багтсан эмэгтэйчүүдийн гурван жингийн ангилалд өрсөлдөнө. Тэмцээний тоглолтууд өнөөдөр 15.00 цагаас эхлэх бол нээлтийн ажиллагаа 18.00 цагаас болох ажээ.
МБАТ-ий XIII их наадмын хөтөлбөрийн дагуу боксын тэмцээний дараа буюу ирэх хоёрдугаар сарын 16-19-нд цана болон тэшүүрийн тэмцээн болно.
С.Цэлмэг