Манай хууль, шүүхийн систем өдрөөс өдөрт дордсоор. Улс төрч, албан тушаалтан, эрх мэдэлтний дур зорго хуулийн байгууллагын үе шат бүхэнд оршиж, хүчтэй нь хүчгүйгээ хэмлэж, шударга ёс, эрх чөлөө биднээс улам алсалсаар л…
Нэгэн прокурор шүүх рүү хэрэг шилжүүлэхдээ шүүгчээс “Хянаад шүүх рүү ирүүлсэн энэ хэргийг маань битгий буцаагаарай, заавал таслаад, ял өгөөрэй” гэж гуйжээ. Хэргийг нь үзтэл гэмт хэрэг гэхээргүй зүйл байсан тул өнөөх шүүгч “Угаасаа хэрэг биш байна ш дээ, би л лав ял өгч чадахгүй” гэж прокурорт хэлтэл өнөөх нь заавал таслаад өг л дөө, тэгэхгүй бол хэрэг буцаасан гээд миний ажлын үзүүлэлт унаад, би ажилгүй ч болж магадгүй гэж шалаад салдаггүй гэнэ. Гэтэл өнөөх хэрэгт сэжиглэгдсэн залуугийн зүйл анги нь хамгийн багадаа 10 жилийн хорих ялтай. Хэрэгт холбогдсон гэмгүй иргэнийг шоронд явуулах нь өөрийнх нь ажилтай байхын хажууд юу ч биш гэж үзсэн тэрэн шиг прокуроруудыг, хэрэг буцаах ёсгүй, яллаж л байвал прокурорын ажил сайн байна, иргэн хүн цагаатгагдаж байвал зөрчил гэж үздэг тогтолцоог хэн бүхэн үзэн ядахаар.
Залуухан шүүгч ажилдаа томилогдоод удаагүй байхдаа Дээд шүүхийн нэгэн эрхэм дээр дуудагджээ. Тэр болтол мань эр хэд хэдэн хэрэг шийдэхдээ анх удаагийн, болгоомжгүй үйлдэгдсэн гэмт хэргүүдэд аль болох хөнгөн ял ногдуулж, тэнсэж, зарим нэг тогтоогдохгүй байгааг нь цагаатгачихсан юмсанж. Өргөсөн тангарагынхаа дагуу ажлаа хийсэн түүнийг харин өнөөх дээд шүүхийн эрхэм нүүр нүдгүй загнах нь тэр. “Чи яасан ялын бодлого султай нөхөр вэ, ийм байж цаашид ажиллаж чадах уу чи, ажлаа өгөөрэй” хэмээжээ. Үүнээс хойш мань хүн аль болохоор л хорих ялыг олон жилээр оноодог, цагаатгана гэдгийг сонсох ч дургүй болчихсон юм даг. Ажлынх нь үзүүлэлт сайн, ялын бодлого чанга, нэг үгээр бол “ок”. Харин үүний цаана хичнээн эгэл иргэн эрх чөлөө, санаа сэтгэл, амь амьдралаараа хохирсон бол гэж бодогддог. Энэ явдлын талаар залуу, өөр сэтгэлгээтэй зарим шүүгч нар дургүйцэн ярьж байсан ч ил гаргаагүй. Үнэн зөвийг олж, шударга ёсыг тогтоох ёстой шүүгч хэнээс ч, тэр тусмаа дээд шатны шүүгчээсээ хамааралгүй шийдвэр гаргахад хүнд болсон энэ арчаагүй байдлыг ч үзэн ядна.
Та хэрвээ эд зүйлсээ хулгайд алдаад цагдаад хандвал тэд нар бараг юу ч хийхгүй. Хэргийн газраас хурууны хээ авна, элдэв янзаар мөрдөөд илрүүлнэ гэвэл ёстой үлгэр. Тэр чинь зөвхөн кинон дээр л байдаг юм.Сэжиглэж байгаа хүн байна уу гэж асууна, байгаа гэвэл өнөөхийг чинь байцаана, баахан дуудна, өөрийг чинь бас залхтал дуудна, сүүлдээ та өөрөө тэр хэргээс салахын түүс болно. Өөр дээрээ байгаа хэргүүдээсээ хэрхэн ашиг хонжоо олж болох вэ, яавал бие амар байх вэ гэдэг л манай мөрдөн байцаагчдын тулгамдсан асуудал. Ядарсан нэгэн дээр хэрэг тулгана, хулгайн хэргийн тухайд бол бүр ч гарамгай, өөр хүнд тохно. Хулгайн баахан үйлдэлтэй, энд тэндхийн илрэхгүй байсан хэдэн арван хэргийг хүлээчихсэн нөхдүүд шүүхэд олноороо шилждэг. Ингэж байж мөрдөн байцаагчдын илрүүлсэн хэргийн үзүүлэлт сайжирна. Тэр үзүүлэлтээр ажлыг нь дүгнэдэг тул ажлын үзүүлэлт нь мөн дээшлэнэ гэсэн үг.
Өнөөдөр шорон дүүрчихсэн. Шорон гэдэг сав бол бараа материал биш, хүнийг агуулдаг. Гэтэл тэрүүгээр нь дүүрэн хүн. 2009 онд Өршөөлийн хууль гараагүй бол өнөөдөр яагаад ч багтахгүй байхаар байв. Хэдэн мянгаар нь хориод байгаа манай улсын нийт хүн ам хэд билээ. Найзуудтайгаа дарвиад зодоон цохион хийсэн залуус 5 жилийн ял авах энүүхэнд. Хууль мэддэггүйгээсээ болоод хэрэгт орчихсон, цагдаа, прокуророор дамжаад амьдралдаа дахиж алдахааргүй болтлоо ухаажсан залуусыг заавал шоронд хорихыг хууль нь шаардана, тэнсэх, цагаатгах боломжийг нь “дээрээс” бодлогоор явцууруулна, заавал яллах бодлого хэрэгжинэ. Эцэст нь өнөөх залуус шоронгоос гарахдаа ихэнхи нь нийгмээсээ тусгаарлагдсан, өсөрхүү зантай, хэрцгий авиртай хүмүүс болцгоодог.
Ийм байдал гэнэт үүсээгүй. Шүүх, прокурорын үе үед явуулж ирсэн бодлого, “Нямдоржийн хар хууль” гэдгээрээ олноо алдаршсан дэлхийн хамгийн хоцрогдсон гэж хэлж болохоор манай Эрүүгийн хууль, жил ирэх тусам авилгалд идэгдэж байгаа манай нийгмийн байдал, улам гүнзгийрч байгаа баян хоосны ялгаа, хууль зүйн боловсрол олгох системийн доройтол гээд маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр ийм болсон.
Сүүлийн жилүүдэд энэ байдал эдийн засагт нөлөөлж эхэлсэн. Гадна дотны хөрөнгө оруулагчдыг дарамталдаг, тэднээс мөнгийг нь салгадаг бүхэл бүтэн сүлжээ үүслээ. Бизнес эрхлэх аргагүй болтол нь дарамтална, дараа нь хэрэг тулгана, эцэст нь хэргийг нь хаана. Урьдын цагт нам дагаж бизнесээ хамгаалдаг байсан бол дараа нь аль аль намд хөрөнгө оруулалт хийдэг жишиг тогтсон. Харин одоо бол зөвхөн улс төр бус хуулийн байгууллагуудын үйл ажиллагаанаас, тэнд байгаа албан тушаалтнуудаас бизнесийн салбар хамааралтай болж ирлээ. Гэтэл жинхэнэ утгаар бизнес эрхлэнэ гэдэг бол улс төрөөс ч, хуулийн байгууллагуудаас ч хамааралгүй зүйл мөн. Хууль зөрчөөгүй л бол бизнесийн үйл ажиллагаанд төр оролцох ёсгүй. Харин өнөөдөр хууль зөрчөөгүй байсан ч зөрчсөн болгох, үгүйдээ л зөрчсөн эсэхийг нь шалгах нэрийн доор дарамтлах бүх бололцоо байна.
Энэ байдал хэнд ашигтай вэ. Ямартай ч жирийн иргэдэд, хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөж байгаа бизнес эрхлэгчдэд, эрх баригчдыг шүүмжлэгчдэд л лав ашиггүй. Харин өөрсдөө баялаг бүтээдэггүй мөртлөө бусдын бий болгосноос ахиухан халааслахыг хүсэгчдэд, эрх мэдлийн төлөө юуг ч золиослож, хэнийг ч хилсдүүлэхээс буцдаггүй увайгүй улс төрчдөд, хүний мөс, жудаг гэчийг аль эрт мартсан цөөн хэдэн хүмүүс, тэдний гэр бүлд л ашигтай.
Үүнийг бичигч би ч гэсэн энэ системийн эрэг шураг. Захиалгатай хэрэг, зориудын яллах ажиллагаа, хэрэгт холбогдсон иргэнийг үнээ болгох уу (хэрэг үүсгэчихээд байнга мөнгө салгахыг ингэж хэлнэ), гахай болгох уу (нэг удаа ахиухан мөнгө аваад хэргийг нь дуусгана) гэсэн эргэлзээн дунд ажиллах мөрдөн байцаагч, прокуроруудын гарт өөрийн үйлчлүүлэгчээ ямар нэг аргаар үрэгдүүлчихгүй байлгах, шоронд явуулчихгүйн төлөө бүхнийг хийх үүрэгтэй өмгөөлөгч хүн. Миний үйлчлүүлэгчид ашигтай бол зарим шударга бус зүйлийн хажуугаар нүдээ аниад өнгөрөх хэрэг гардаг. Гэхдээ энэ системийг эвдэхсэн, шударга ёсны хэмжүүр болсон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэхсэн, хүний эрхийг хамгаалах тогтолцоог жинхэнэ утгаар нь бүрдүүлэхсэн гэж шатаж, шаналж явдаг хуульчдийн нэг.
Даанч нэн тулгамдсан энэ асуудлыг бусад хүн хэрэгт холбогдохоороо л ойлгодог, өөр үед нь надаас л холуур байвал гэж боддог, улс төрчид нь үүнийг хийх гэж яарснаас томилгоо, уул уурхай, хавтгайрсан халамж яриад суух нь дээр гэж үздэг болохоор ойрын хэдэн жилдээ л шинэчлэгдэж чадахгүй дүр зураг ажиглагдаж байна.
Гэтэл тэр хүртэл манай нийгэмд бодитойгоор үүссэн яллах дамжлагаар маш олон хүн орно, тэдний ихэнхи нь хилсээр, хүчээр аль эсвэл муу хуулийн золиос болж ял тулгагдана. Мэдээж олон хүн дамжлаганаас мултарна, гэхдээ нэр төр, хөрөнгө мөнгө, өөр олон үнэт зүйлээ алдаж байж л тийм үр дүнд хүрнэ.
Яллах дамжлага хэнийг ч хайрлахгүй. Улс төрчид, бизнес эрхлэгчид, эгэл жирийн иргэд гээд л. Гэмт хэрэг хийсэн эсэх, хууль зөрчсөн эсэх огт хамаагүй. Дамжлагыг тухайн үед ажиллуулж байгаа эзнийхээ л хүсэл зоригоор ажиллана. Дараа нь өнөөх эзнийгээ ч бас шинэ эзний зарлигаар хэрчинэ. Ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Учир нь яллах дамжлага өөрөө эрх мэдлийн хэрэгсэл. Эрх мэдэл хэнд байна, түүнд л үйлчлэх тавилантай.
Яллах ажиллагаа байх ёстой юу гэвэл байх ёстой. Гэхдээ зөвхөн хууль зөрчигч, гэмт хэрэг үйлдэгсдийг хамардаг, шударгаар ялладаг маш нарийн зохицуулалттай тийм л бүтэц байх учиртай. Харамсалтай нь өнөөдөр цус, нулимс, айдас шингэсэн энэ дамжлага улам л томроод байна. Хууль, шударга ёсонд итгэх иргэдийн итгэл сулрах тусам л дамжлаггын араа шүд чангараад байна гэсэн үг.
Тийм болохоор хууль тогтоогчдоос, эрх мэдэлтнүүдээс энэ яллах дамжлагыг аль болох хурдан устгаач, хуулийн байгууллагын үйл ажиллагааг улс төрөөс хамааралгүй болгооч, дэлхийн шившиг болсон эрүүгийн эрх зүйн системээ шинэчлээч гэж гуйя. Тэгэхгүй бол та нар өөрсдөө, та нарын дараагийнх ч бас энэ дамжлагаар дамжина. Хамгийн гол нь та хэдэн цөөн нөхдийг гэхээс илүүтэйгээр яллах дамжлагын золиос болсон, болох магадлалтай энгийн иргэд, тэдний гэр бүл үр хүүхдийг бодоод ингэж гуйж байгаа юм шүү.
"Улс төрийн тойм" сонин