Өмнөговь аймгийн ИТХурлын үзэл баримтлал, Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт заагдсаны дагуу "Нутгийн хишиг" хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 100 мянган төгрөгийг олгосон. Харин оны өмнө хуралдсан ИТХ-аар энэ сард 200 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас зургаан ажлын хэсэг байгуулж “Нутгийн хишиг” олгох журмын дагуу иргэдийн нэрсийг сум бүрээр нарийвчлан гаргаж хяналт тавин ажиллаж байна. Үүний үр дүнд эхний ээлжинд Сэврэй сумын иргэдэд өнөөдрөөс 200 мянган төгрөг өнгөрсөн долоо хоногт олгогдож эхэллээ. Тус сумын хувьд журмын дагуу аливаа нэг зөрчилгүй, “Нутгийн хишиг” хөтөлбөрт хамрагдах эрх бүхий 2044 иргэн бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар бүх сумдаас олгох иргэдийн нэрсийг урьдчилсан байдлаар ирүүлсэн бөгөөд ажлын хэсэгт хяналтын шатандаа явж байна. Ирүүлсэн сумдаас хүн амын тоо болон шилжилт хөдөлгөөн ихтэй Ханбогд, Цогтцэций, Даланзадгад зэрэг сумдуудын нэрсийг эцсийн байдлаар гаргахад хүндрэлтэй байгааг ажлын хэсгийнхэн онцллоо. Ямартаа ч дэвшүүлсэн зорилтын дагуу иргэн бүрт нутгийн хишгээ хүртээх ажлыг ирэх хоёрдугаар сарын 5-ны дотор олгож дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд бүх сумдын иргэд болон удирдлагуудыг "Нутгийн хишиг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд идэвхитэй оролцохыг уриалжээ.
А.Зул