Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд бэлтгэн нийлүүлэлтээс эхлэн үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хэрэглэгчид хүрэх бүхий л үе шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан, нарийн хяналт шалгалтын дор эрүүл, баталгаатай хүнс үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж үүснэ гэсэн үг.
НАССР нь анх 1970-аад онд Америкийн сансрын нислэгийг удирдах төв буюу NASA сансрын хөлгийн нисгэгч нарт зориулсан эрүүл хүнс бэлтгэхэд зориулж, “Пилсбери” компанитай хамтран өндөр нууцлалтай боловсруулан гаргасан төсөл юм. Хамгийн чанартай хүнсийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд үйлдвэрлэх үйл ажиллагаа буюу энэ тогтолцооны эхлэл ийнхүү тавигджээ.
Улмаар 1983 онд АНУ-ын Засгийн газар хүнс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуддаа НАССР тогтолцоог заавал нэвтрүүлсэн байх шаардлага тавьж эхэлсэн байдаг. АНУ төдийгүй бусад улс орнууд ч өөрсдийн хүнс үйлдвэрлэлийн салбарт энэ системийн үр ашигтай байдлыг үнэлэн, авч хэрэгжүүлж эхэлжээ. 1993 онд Европын холбооноос гишүүн орнуудынхаа хүнс үйлдвэрлэлийн салбарт хүнсний аюулгүй байдлын НАССР тогтолцоог заавал нэвтрүүлэхийг хуульчлан баталсан юм.
“Жаст Агро” ХХК нь “Мах Маркет” төв үйлдвэртээ НАССР тогтолцоог нэвтрүүлэх төслийг 2010 оноос эхлүүлсэн бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцоо”-г нэвтрүүлж буй үйлдвэрүүдэд аудит хийх эрх бүхий олон улсын “SGS” компаниар шалгуулан, 2011 оны арваннэгдүгээр сарын 25-нд тэнцлээ. Энэ нь Монголын махны аж үйлдвэрийн салбарт НАССР тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн анхны компани болж буйг илтгэж байгаа юм.
“Жаст Агро” ХХК нь энэхүү тогтолцоог нэвтрүүлэхийн тулд “Мах Маркет” төв үйлдвэрээ эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангах иж бүрэн төхөөрөмжүүдээр бүрэн тоноглож, ажиллагчиддаа эрүүл зөв дадал эзэмшүүлэн MNS CAC/RCP 1:2003 стандартын шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. НАССР нь хүнс үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчдийн зүгээс тавьж буй аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн гэдгийг батлан харуулах зорилготой стандарт юм.
НАССР тогтолцоог хэрэгжүүлснээр эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, эрүүл хүнс үйлдвэрлэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулдаг давуу талтай. Мөн аюулгүй хүнс үйлдвэрлэх олон улсын стандарт болон Монгол Улсын хууль, стандартын шаардлагуудыг хэрэгжүүлж хэвшүүлэх, үйл ажиллагаагаа байнга сайжруулах хамгийн үр дүнтэй арга нь НАССР тогтолцоо юм.
Манай улсын “Хүнсний аюулгүй байдал”-ын үндэсний хөтөлбөрт 2013- 2016 онд хүнсний үйлдвэрлэлийн 60 хувьд нь НАССР тогтолцоо нэвтрүүлэх зорилт тавьсан байдаг бол тус компани энэ зорилтыг 2011 онд буюу хоёр жилийн өмнө ийнхүү биелүүллээ.
“Жаст Агро” ХХК махны үйлдвэрлэлдээ НАССР тогтолцоог нэвтрүүлснээр Монголын хүнс үйлдвэрлэлийн хөгжилд дэлхийн стандарт, цоо шинэ хөгжил дэвшил авчирсан чухал үйл явдал боллоо.