Ц.Наранжаргал “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Ц.Наранжаргал “Дэлхийн цом”-оос мөнгөн медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны “Дэлхийн цом”-ын тэмцээн өнгөрөгч амралтын өдөр Болгар болон Гүрж улсад боллоо. Эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом” Гүржийн Тбилиси хотноо, харин эмэгтэйчүүд Болгарын нийслэл Софид өрсөлдсөн юм. Түрүүлсэн бөхөд чансааны 100 оноо олгох “Дэлхийн цом”-д Монголын багаас олимпийн эрхийн байрлалын төлөө өрсөлдөж буй жүдочид оролцсон. Тодруулбал, олимпийн эрх бүхий байрт багтаагүй жүдочид оноо авч, чансаагаа ахиулах зорилготой зодоглосон юм.

Болгарын Софи хотноо болсон эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д дэлхийн 43 орны 193 жүдоч оролцжээ. Монголын багийн тухайд гурван тамирчнаа сойсон. 57 кг-д Д.Сумъяа, Т.Баттөгс нар, 70 кг- Ц.Наранжаргал нар зодоглосноос залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Ц.Наранжаргал финалдаж, мөнгөн медаль хүртсэн бол Д.Сумъяа медалийн төлөө барилдаж, ялагдсанаар тавдугаар байрт шалгарлаа.

Ц.Наранжаргал хэсгийн барилдаануудад Пуэрто Рико, Шинэ Зеланд болон БНСУ-ын тамирчдыг ялж, хэсгийн аварга болжээ. Улмаар хагас шигшээд Голландын Ким Поллингтой барилдаж, вазари, хоёр юүкогоор ялаад, аваргын төлөөх барилдаанд Тунисийн бөх Хоуда Миледэд юүко үнэлгээгээр дийлдсэн байна.

Харин Гүржийн Тбилиси хотноо болсон эрэгтэйчүүдийн “Дэлхийн цом”-д 41 орны 220 тамирчин өрсөлджээ. Монголын тамирчдаас 81 кг-д Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар, +100 кг-д Н.Батсуурь нар зодоглосон ч харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж