Өвөрхангай аймгийн ИТХ-ын тогтоолын дагуу 2012 оныг "Ажлын байрыг нэмэгдүүлэх жил" болгон зарласантай холбогдуулан Ажил олгогчдын зөвлөлгөөнийг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Уг зөвлөлгөөний онцлог нь орон нутагт ажил хөдөлмөр эрхэлж буй нийт аж ахуйн нэгж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцох бөгөөд аймгийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс зэрэг олон байгууллагууд хамтран зохион байгуулах аж. Өвөрхангай аймгийн Засаг даргын хоёрдугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх чиглэл, орон нутгийн төр захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг сурталчлан, төрөөс баримталж буй бодлого, үр дүнгийн талаар хэлэлцэн бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуудал, тэдэнд үзүүлж буй олон төрлийн хөнгөлөлт, боломжууд зэрэг олон талт мэдээллийг нийтэд мэдээлж танилцуулах аж. Уг албан даалгавар нь тухайн ондоо хэрэгжиж биелэлтээ гарган дүгнэх юм байна.
А.Зул