Түүний анхаарах нэг хэрэг. Харин Хөгжлийн банкны шинэ удирдлагууд дэндүү хөшүүн хойрго хандаж, бараг ажил хийхгүй байгаа нь өөр хэрэг билээ. Өмнөд Солонгосоос урилгаар ажиллаж буй Ким Жанг Жин тэргүүтэн Монголын хөгжлийн төлөө санаа зовниж, тэр тусмаа улстөрчдийн амлалтыг ажил хэрэг болгохоор яаравчлахгүй нь ойлгомжтой. Гэхдээ өнгөрсөн оны наймдугаар сарын 30-нд байгуулсан “Удирдлагын гэрээ”-нд гарын үсэг зурахдаа ямар гоё, сайхан үгс хэлж байснаа мартаагүй гэж найдъя. Учир нь хэдийгээр тэд урилгаар ирж ажиллаж буй бизнесмэнүүд боловч баян, ядуу аливаа орны Гүйцэтгэх засаглалын тэргүүний өмнө хэлсэн үг хоолны ширээний ард ярьдгаас илүү хариуцлагатай байх ёстойг хангалттай ухамсарласан баймаар юм.
Тухайн үед Ерөнхий сайд С.Батболд “Монгол Улсын хөгжлийн томоохон зорилт хөтөлбөрийг бодит ажил болгоход банк, санхүүгийн салбар, тэр тусмаа Хөгжлийн банк томоохон үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс ч Монгол Улс Хөгжлийн банкийг байгуулсан. Засгийн газраас орон сууц, төмөр зам, авто зам, дэд бүтэц зэрэг хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүгийн бусад эх үүсвэрээс гадна Хөгжлийн банкны санхүүжилтээр түлхүү дэмжин, бодит ажил болгохоор зорьж байна. Энэхүү Хөгжлийн банкийг орчин үеийн менежментийн түвшинд авч явахад бусад хөгжилтэй орны туршлага асар чухал юм. Тэр дундаа Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг сонгох олон улсын нээлттэй тендерийн үр дүнд шалгарсан БНСУ-ын Хөгжлийн банктай хамтарч ажиллах болсондоо Монгол улсын Засгийн газар тааламжтай байна” хэмээн онцолж байсан.
БНСУ-ын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Хан Дай Ву тэр үед “Монголд ажиллахаар ирсэн солонгос ажилтнуудаа монгол хүн мэтээр төсөөлж, хичээнгүйлэн ажиллахыг хүсч байна” гэсэн. Харин тэр өдрөөс хойш Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Ким Жанг Жиний барааг харсангүй. Бүр нэрийг нь ч мартах шахаж. Тухайн үед хүний хүнд Хөгжлийнхөө алтан жолоог, хамаг нууцлал, санхүү, эдийн засгийн холбогдолтой мэдээллүүдийнхээ хамт атгуулсанд харамсах хүн цөөнгүй байсан ч тендерийн дүн буюу тэдний лобби аргагүй хүчтэй байсан болохоор хэн ч тоож сонсохыг хүсээгүй юм.
Хөгжлийн банкийг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 тоот тогтоолоор байгуулж дүрмийг баталсан тэр өдрөөс хойш 800 тэрбум төгрөг л нэхээд байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 26-нд Засгийн газрын 2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгон Хөгжлийн банкинд Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайдын гаргах зээлийн баталгааны үндсэн нөхцөлийг урьдчилан тохиролцох зорилгоор Засгийн газрын баталгааны үндсэн нөхцөлийг тохиролцох гэрээг байгуулсан. Энэхүү гэрээг байгуулснаар Монгол Улсын Хөгжлийн банкны 800 тэрбум төгрөгийн үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Сангийн сайд зээлийн баталгааг тухай бүр нь гаргах нөхцөл бүрдсэн юм.
Хөгжлийн банк нь энэхүү гэрээний дагуу Засгийн газрын баталгаатай үнэт цаасаа дотоодын зах зээлд гаргах хууль эрх зүйн орчин бүрдэж, шаардлагатай үед арилжааг зохион байгуулах боломжтой болсон. Тиймээс ч тухайн үед Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улс анх удаа ДНБ-ий 9.8 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын баталгааг Монгол Улсын Хөгжлийн банкинд гаргасан нь манай улсын эдийн засаг, банк, санхүүгийн түүхэнд тэмдэглэх үйл явдал боллоо” хэмээж байв. Одоо Сангийн сайд намдаа “харьсан”, Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Ч.Хашчулуун ажлаа өгсөн. Бүх мэдээлэл, эрх мэдэл Ким Жанг Жингийн гарт буй. Тэр яаж ажиллаж байгаа, Монголын хөгжлийн төлөө зүтгэх хүсэлтэй эсэхийг бурхан л мэдэх байх.
Засгийн газар өнгөрсөн наймдугаар сарын 24-ний хуралдаанаараа шинэ төмөр замын төслийг хэлэлцэж, “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёрдахь үе шатны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжсэн. Мөн уг төсөлд заасан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасан билээ. Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн боловч одоо болтол гацаанд байгаа хэвээрээ.
Гэтэл “удирдлагаар хангах” үүрэг хүлээсэн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, ноён Ким Жанг Жингийн үгийг сонсож, үйлийг харах нь байтугай нэрийг нь мартаж эхэллээ. Тэр хаана, юу хийж явна. Яагаад Монголын хөгжлийн санхүүжилтийн ажлыг зохион байгуулах асар том хариуцлага, итгэл найдварыг хүлээчихээд ил гарч ирдэггүй юм бол. Түүнтэй байгуулсан гэрээнд “Нууц байдалд ажиллана” гэж тохироогүй шиг санагдах юм. Ийнхүү хэдэн жилийн турш ярьсан Хөгжлийн банкны асуудал гацаанд орж, “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэгчээр “Кимчи жигэ”-ний нутгийн харийн нэгэн ноёнтонг хүлээсээр сууна.
Бухимдахдаа “Яг хөгжиж харагдаач” гэмээр. Эсвээс тэнэг шийдвэрээ цуцалж, Хөгжлийн банкны тамгаа монгол хүн л бол хэнд ч хамаагүй өгөөч гэж хашгирмаар санагдана.
Энэ дашрамд нэгэн сонирхолтой илгээлтийг сануулъя. Уг илгээлтийг Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Европт ажиллаж амьдарч буй монголчууддаа хандан гаргажээ. Энэхүү илгээлтээс “Манай улс эдийн засгийн эрчимтэй хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа энэ түүхэн үед тэрхүү хөгжлийг жинхэнэ ёсоор бүтээгч нь гагцхүү хүн төрөлхтөний жинхэнэ баялаг болох Монгол хүмүүн өөрөө байх нь дамжиггүй” хэмээсэн ганцхан өгүүлбэр харьд суугаа монгол залуусын цөсийг хөөргөсөн билээ.
Гэтэл бодит байдал дээр удтал хэлэлцсэний эцэст тендер зарлан солонгосчуудыг шалгаруулаад “Биднийг хөгжүүлээд өгөөч” гээд сууж байгаа нь гомдмоор төдийгүй оргилсон сэтгэл рүү ус цацах шиг санагдах аж. Хэдийгээр солонгосчууд дайны хүнд үеэс дэлхийд цойлсон амжилтад хүртэл улсаа хөгжүүлсэн туршлагатай ч бусад орныг хөгжүүлж өгсөн туршлагыг нь сайн мэдэхгүй юм. Манай улсыг хөгжүүлэх сэтгэл зүтгэлгүй бол харьж амар, Ким Жанг Жинг гуай.
"Улс төрийн тойм" сонин