-Ардын намынхны санал болгосон сайд нарыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Миний хувьд сайд нарыг тэр нь сайн, энэ нь муу гээд яриад байх шаардлагагүй гэж бодож байна. Ер нь хэнийг ч сайдаар тавьсан УИХ-ынхан янз бүрээр хэлээд л гаргадаг. Намайг ч гэсэн анх “Та ямар зоригтой амьтан бэ. Багш хүн байж Эрүүл мэндийн сайд хийх гээд нэр дэвшээд явж байдаг” гэхчлэн хэлж байсан шүү дээ. Хүний хийх ажлыг чадна, чадахгүй гэж хэлэхээсээ өмнө чадсан уу, үгүй юү гэдгийг дүгнэх ёстой юм. Би асуудалд энэ үүднээс нь ханддаг. Тиймээс Ерөнхий сайдын санал болгосон хүмүүсийг Ардчилсан намынхан бүлгийн хуралдаанаараа шийдэж, бүгдийг нь “дэмжихгүй” гэж шийдсэн. Гэсэн ч олонхийн шийдвэрээр томилохоор шийдлээ. Эдгээр сайд нарыг хэр ажиллаж байгааг гагцхүү цаг хугацаа л харуулна.
-Та өөрийгөө Эрүүл мэндийн сайдаар хэр ажилласан гэж боддог вэ?
-Би өөрийгөө дүгнээд байх шаардлагагүй юм. Харин ард түмэн, эрүүл мэндийн салбарынхан дүгнэх ёстой. Би ажлаа маш тайван, сэтгэл хангалуун өгч байна. Учир нь Эрүүл мэндийн салбар ямар байлаа. Намайг сайдаар томилогдож очиход таван удаа сайд нь солигдсон, салбарын хамт олон ямар ч итгэл үнэмшилгүй болсон, яам дотроо хэд хуваагдаж тэрний хүн, энэний хүн гэсэн уур амьсгалтай байв. Хамтарсан Засгийн газрын буянд өнгөрсөн гурван жил, дөрвөн сарын хугацаанд улс төр маш тогтвортой байлаа. Улс төрийн тогтвортой байдал нь эргээд салбарын ажлыг урагшлуулдаг. Эрүүл мэндийн салбарт юу хийсэн юм гэж хүмүүс намайг янз бүрээр дүгнэж байгаа байх. Гэвч миний хийсэн ажлын үр дүн өнөөдөр гарахгүй. Өөрөөр хэлбэл, миний эхлүүлсэн 100 гаруй барилга баригдсаар байгаа. Хэдэн жилийн дараа ч хийсэн ажлыг маань мэдрэх болов уу. Ням-Осор сайдын үед ийм эмнэлэг баригдсан гэж олон эмч хэлдэг. Харин хэдэн жилийн дараа С.Ламбаа сайдын үед ийм ажил хийж билээ гэж ярих цаг ирэх байх. Төрийн ажлыг хийж сурсан хүний хувьд тайлангаа 50 хуудас бичээд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Түүнчлэн шинээр томилогдсон сайдад ч гардуулж өгнө. Мөн 200 тэрбум төгрөгийн төсөвтэй салбарыг аваад 484 тэрбум төгрөг болгож өглөө. Энэ бүгдийн үр дүн өнөөдөр гарахгүй юм.
-Эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн өрнүүлж чадав?
-Эрүүл мэндийн яамны харьяанд байгаа улсын эмнэлгүүдийг шинээр барьж байна. Тодруулбал, Улсын клиникийн төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Шастиний гуравдугаар эмнэлэг зэргийг шинээр өргөтгөж барьсан. Мөн эхийн болон хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд төрөх эмнэлгүүдээ татан буулгаж, амаржих газрын ор хүрэхээ байсан үе бий. Ер нь хүүхдийн төрөлт буурлаа гээд бодлогын хувьд татан буулгаж, цөөхөн эх төрж байна хэмээн төрөлжсөн эмнэлгээ алга болгочихсон улс шүү дээ. Үүний гол буруутан нь ойлгомжтой. Түүнээс биш эрүүл мэндийн салбарынхан ийм зүйл хийгээгүй. Энэ бол төрийн бодлогын алдаа завхрал, хувьчлалаас болсон юм. Төрөөс даалгасан ажлыг хийсэн шиг хийх хэрэгтэй. Харин өнөөдөр улс төрийн намын шийдвэрээр сайдынхаа албыг ямар ч эргэлзээгүйгээр өгч байна. Нам намайг “Сайдын албыг хаш” гэж даалгасан. “Одоо гар” гэх нь намын удирдах байгууллагын эрхийн асуудал. Энэ хугацаанд намдаа тайлангаа тавих үүрэгтэй юм.
-Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар энэ салбарыг удирдах чадвартай хүн үү?
-Н.Хүрэлбаатарыг сайн, муу гэж хэлэхгүй. Харин тэр надаас их зүйл сурсан байх гэж бодож байна. Учир нь энэ хүн төрийн захиргааны дээд байгууллагад ажиллаж үзээгүй. Эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуульд багш, Халдварт өвчин судлалын үндэсний төвд Шинжилгээ эрхэлсэн дэд захирал хийж байгаад Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон хүн. Н.Хүрэлбаатар надтай гурван жил ажиллахдаа хийе гэсэн ажлаа хийж, зохион байгуулдаг байсан. Харин одоо бүх зүйл өөр. Төрийн алба хашиж байгаад улс төрийн алба хашихаар боллоо. Тэгэхээр улс төрийн албан тушаал бол мэдлэг, чадвартай, хамт олныг удирдаж чаддаг, өөрөө үлгэрлэдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн институци, УИХ, Засгийн газарт асуудал оруулахдаа зангарагтай байх ёстой. Энэ утгаараа би яамныхандаа захисан. Юу гэхээр “УИХ-д сууж байхад асуудал оруулж ирэхдээ битгий миний нүүрийг улалзуулаад байгаарай. Асуудлаа сайн бэлтгэж, судалж байж оруулж ирээрэй. Миний хувьд ямагт дэмжинэ шүү” гэсэн юм. Нөгөөтэйгүүр “Гурван жил, дөрвөн сарын хугацаанд та нар надад эрхэллээ. Яагаад гэвэл би та нарыг зовоосонгүй. Салбартаа тулгарч буй асуудлыг УИХ-д оруулан дэмжүүлж байлаа” гэж хэлсэн. Гэхдээ энэ бүхэн миний сайных биш. Хамгийн гол нь парламентад гурван удаа сонгогдож, олон хууль дээр ажилласан. Мөн УИХ-ын гишүүдийн дунд харилцан хүндэтгэл хүлээсэн гэж өөрийгөө боддог. УИХ, Засгийн газар дээр намайг эсэргүүцэж, дургүйцээд байдаг хүн байхгүй. Яамныхандаа ингэж захисны учир нь УИХ-ын гишүүн бус сайд асуудлаа шийдүүлэхэд хэцүү байдаг юм.
-Ардчилсан намынхан сайд нарын асуудлыг хэлэлцэхэд завсарлага авч МАН-тай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Ийнхүү завсарлага авах болсон шалтгаан нь Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгоход чиглэж байсан юм биш үү?
-Бүлгийн хуралдаанаар сайд нарыг хэлэлцэх нь зүйн ёсны хэрэг. Гэтэл нэг нь телевизээр огт өөр зүйл ярьж, бүх бурууг бидэн рүү чихэхэд бүлэг дахин хуралдаж “Сайд нарыг дэмжихгүй” гэсэн шийдвэр гаргасан. Тэргүүн шадар сайдын тухайд хоёр намын гэрээний үндсэн дээр гарч ирсэн алба юм. Энэхүү үйл явдлыг УИХ-ын гишүүн бүхэн өөр, өөрийнхөө өнцгөөр тайлбарлах нь ойлгомжтой. Энэ бүхэн дүгнэлт хийхээр гацаанаас гаргахын тулд Тэргүүн шадар сайдын албыг болих асуудлыг ярилаа. Тэгтэл учиргүй яарч сандраад, телевизээр нэвтрүүлэг гаргаж, Ерөнхийлөгчийг дахин сонгохгүй гэх юм ярьж түвэгтэй байдал үүслээ. Ардчилсан намын тухайд харин ч хэд, хэдэн удаа хуралдсаны дүнд асуудлыг зөөллөж авч гарлаа гэж улстөрч хүнийхээ хувьд ойлгож байна. Ер нь бол Монгол Улсын Ерөнхлийлөгч рүү дайрч, доромжилж нэвтрүүлэг хийж болохгүй шүү дээ. Миний бодлоор Ерөнхийлөгчийн зүгээс асуудал тавих байх гэж бодож байгаа. Аливаа асуудалд улс төрийн соёлтой байх үүднээс хандах хэрэгтэй.
-Ардын намын зарим гишүүний зүгээс “Ардчилсан намынхан завсарлага авснаараа улс төрийн соёлгүй гэдгээ харууллаа” гэх утгатай үг хэлж байгаа шүү дээ?
-Завсарлагаа хуулийн дагуу авч байгаа. Соёлгүйдээ ингэж байгаа юм биш. Харин телевизээр гарч буй нэвтрүүлэг бол улс төрийн соёлгүй байгааг харуулж байна. УИХ, чуулганы хүрээнд явагдаж байгаа ажлыг соёлгүй гэж ярих хэрэггүй юм.
-Н.Алтанхуяг дарга “Тэргүүн шадар сайдаар намынхаа Ерөнхий нарийн бичгийг тавьснаар Ардын намын үйл ажиллагааны төлөө ажиллах Засгийн газар бүрдэх гээд байна” гэсэн. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Гаднаас нь хэн ч харсан ингэж ойлгогдож байгаа юм. Намын генсек хүн нам дээрээ ажиллах ёстой. Бүр орон тоогоор ажилладаг албан тушаал. Генсекээс нь чөлөөлсний дараа нэрийг нь оруулж ирсэн бол өөр хэрэг. Гэтэл албан тушаалтай нь хэвээр оруулаад ирэхээр хүмүүс янз бүр болсон байх гэж бодож байгаа. Хүний хэлсэн ярьсныг зөв, буруу олон янзаар тайлбарлах нь буруу юм.
Жишээлбэл, Ерөнхийлөгч Хонгорт долоо хоногт 2-3 хүн нас барж байна гэдгийг гуйвуулан хэвлэлээр гаргуулаад байх шаардлагагүй. Ийм тохиолдол гарч байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6, 7 буюу нэг долоо хоногийн хоёр өдөр хоёр хүн нас барсан нь үнэн. Ерөнхийлөгч үүнийг яагаад хэлж болохгүй гэж. Тиймээс бие, биенийгээ давах гэж байгаа юм шиг аливаа асуудлыг улс төр болгож ард түмний толгойг эргүүлэх хэрэггүй. Хонгорын асуудал их эмзэг ханддаг. Сайд болсныхоо дараа би үүнд ихээхэн анхаарсан. Эмнэлгийг нь сайжруулсан. Одоо Хонгороос ямар нэгэн химийн бодис илрэхгүй. Харин тухайн үед хордсон иргэдийн үр дагавар гарч байж болзошгүй. Энэ талаас нь уг асуудалд хандаж байгаа.
-УИХ-ын 2012 оны сонгуулийн уур амьсгал хэдийнэ оржээ. Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа зарласан тэр өдрөөс хойш сонгуулийн уур амьсгал улам ширүүсэх шиг боллоо?
-Гишүүдийн хоорондоо ярьж буй үг, үйл явдал нь улс төрийн сонгууль ойртжээ гэдгийг олон нийтэд харуулж байна. Хоёр нам хамтраад олон ажлыг амжууллаа. Эрүүл мэндийн салбарын ажлын үр дүнг 91.8 хувь хэмээн тайланд тусгасан. Үүнийг би өөрөө гаргаагүй. Харин Эрүүл мэндийн яамныхан сууж гаргасан юм. Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр ирлээ гээд нэг их сөрж, ард түмний эсрэг ажиллана гэсэн ойлголт байхгүй.
-Л.Гантөмөр гишүүн Ерөнхий сайдад хандаж хэлэхдээ ёс жудагтай байх тухай ярьсан. Мөн “Ардын намын гишүүдийг Н.Энхбаяртайгаа ёс жудгаа ярьчихаад Ардчилсан намынхантай ярь” гэж хүртэл ундууцсан. Танай нам МҮАН-тай ёс жудаг ярих хэмжээнд байгаа юм биш биз?
-Хүний ярьсан зүйлийг хэн нэгэн хүн давтаж, эсвэл өмнөөс нь ярих шаардлагагүй гэж бодож байна. Учир нь ингэж хэлэхдээ тэр хүн асуудлыг олон өнцгийнх нь аль нэгээр харсан байгаа. Ямар ч асуудлыг хаанаас нь ч хараад ярьж болно.
-Н.Алтанхуяг даргадаа шүүмжлэлтэй хандаж, солих тухай ярьдаг гишүүд танай намд олон бий. Таны хувьд?
-Намын даргыг өөрчлөх тухай асуудлыг их хурлаар шийдвэрлэнэ. Харин Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын гуравны хоёрын саналаар их хурлыг хуралдуулах эсэхийг шийднэ. Гэхдээ бид хамаагүй хэрэлдэж талцвал юун ирэх сонгуулийн бэлтгэл вэ гэдэг болно шүү дээ. Тийм учраас үүнийг нэг их гүнзгийрүүлж ярих хэрэггүй. Үүний оронд намаа эрчимжүүлэх асуудлыг бодох нь зүйтэй юм.
-МАХН, МҮАН эвсэж, Монголын Ногоон нам, Иргэний Зориг намууд нэгдсэн. Улстөрч хүний хувьд энэ бүгдэд хэрхэн ханддаг вэ?
-Би асуудалд байнга хүндэтгэлтэй ханддаг. Учир нь бид үүний төлөө 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн. Энэ утгаараа хэн нэгэн бусадтай нэгдэж, эвсэхийг хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү ард түмний эрх ашгийг өөрийнхөө эрх ашгийн дээр тавих учиртай. Хэрэв эсрэгээрээ байвал утгагүй юм. Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчнийхээ байр суурин дээр ирлээ гэдэг нь тэдний эзлэх гээд байсан орон зайг хааж өглөө. Маш том хаалт шүү. Бид засгаас гарах шийдвэр гаргахад “Еэ еэ бөө вөө. Ардчилсан намынхан хугацаагаа дуусгалгүй засгаас гарлаа. Салахгүй байх байсан юм” гэж шуугисан. Харин өмнө нь юу гэдэг байлаа “Энэ хоёр нам нэг хөнжилд орсон” гэж ярьсан байх аа. Ардчилсан намынхан сөрөг хүчний байр суурин дээр 20 жил явсан хүчтэй нам. Ийм нам сөрөг хүчнийхээ байранд буцаад ирэхээр цаана нь байгаа юмнууд юу ч биш болж хувирах байхгүй юу. Үүний төлөө л биднийг саллаа гээд эгдүүцээд байгаа юм. Ардчилсан нам засгаас гарсан нь Ардын намд ч хэрэгтэй. Учир нь бид тэднийг хурцална.
-Ярилцсанд баярлалаа.
"Улс төрийн тойм" сонин