Эзнээ хүлээсэн агентлагууд

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Эзнээ хүлээсэн агентлагууд

Улс орны хөгжлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа энэ үед гол хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар олноор солигдож байна. ТӨХ-ны дарга Д.Сугар өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаа өгсөн бол Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан хариуцлага алдсан хэмээн ажлаас чөлөөлөгдлөө.  

Тэдний оронд ямар хүмүүс томилогдох талаарх яриа ид  өрнөж байна. Улс төр төдийгүй эдийн засгийн хувьд ч гол ачааг үүрч байгаа хоёр агентлаг гэдэг утгаараа даргынх нь суудал олон хүний анхаарлыг татаж, тэр хэрээр олон хүний горьдлогыг төрүүлж байгаа биз. Хамгийн хүчтэй яригдаж байгаа нь ТӨХ-ны даргын суудал. Арга ч үгүй биз. Сүүлийн хоёр жилийн дотор энэ хороо эдийн засгийн хувьд асар их эрх мэдэлтэй болж хувирсан. Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, ашигт малтмалын стратегийн ордуудыг ашиглалтад оруулах, МИАТ гэх мэт салбартаа монополь төрийн өмчит компаниудыг менежментийн хувьчлалд хамруулна гээд ТӨХ-ны хийх ажил нэмэгдэхийн хэрээр эрх мэдэл, түүнийг дагасан ашиг хонжоо улам бүр ихэсч  байгаа. Хамгийн ойрын ажил гэхэд л олон улсын бирж дээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа  гаргах асуудлыг ерөнхийд нь хариуцаж байгаа газар бол ТӨХ. Өнөө маргаашгүй олон улсын бирж дээр IPO хийж хөрөнгө босгох ёстой компанийн асуудал өнөөдөр бүрхэг болоод байгаа нь ТӨХ-ны даргын суудлыг яаравчлах үндсэн шалтгаан юм.

Уг нь хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлагад дотроос нь, ядаж мэргэжлийн хүн томилох учиртай ч ТӨХ-ны даргаар хэзээ ч хороонд алба хашиж байсан хүн томилогдож байгаагүй. Д.Сугар, түүний өмнөх дарга нар бүгд улс төрийн томилгоогоор гарч ирсэн. Тэр ч утгаар ТӨХ-ны даргад яригдаж байгаа тус хорооны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга Х.Хэрлэнгийн хувьд “шаанс” тун бага юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн таамаг дунд Володягийн Энхболдын нэр хүчтэй яригдаж байна. МАН-ын залуучуудын байгууллага болох МАСЗХ-нд идэвхтэй зүтгэж явсан гэдгээрээ намдаа гайгүй танигдсан тэрээр хуучнаар ҮХЯ-ны Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж, төрийн ажилд бага ч гэсэн туршлага хуримтлуулсан гэдэг. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, яамдын бүтцийг өөрчилснөөр түүний удирдаж байсан газар ХХААХҮЯ руу шилжиж, мань хүн ажлаа өгсөн. Түүний дараахан Энэтхэг улсад суух Элчин сайдаар томилогдож хэдэн жил нам гүм байснаа эргэн төрийн өндөр албан тушаал руу тэмүүлж байгаа нь энэ. Энэтхэгт чухам ямар гавьяа байгуулсныг нь мэдэх юм алга. Уг нь Энэтхэг манай улсын хувьд ашигт малтмалын томоохон экспортлогч болох бүрэн боломжтой улс. Ямар ч байсан Элчин сайдаар ажиллаж байх үед нь Энэтхэгийн Ерөнхийлөгч Монголд айлчилснаас өөр тоймтой хэлэх юм алга байна. Харин Энэтхэгт ажиллаж, сурдаг монголчууд түүнд ам сайтай байдаг гэдэг юм билээ. Хэрэв В.Энхболд томилогдвол “Эрдэнэс Тавантолгой”-гоос эхлээд стратегийн ордуудыг ашиглалтад оруулах нөр их ажлыг авч явж чадах уу гэдгийг хэлж мэдэх хүн одоогоор алга байна.

ТӨХ-ноос гадна Газрын тосны газрын даргын суудал бас л онгорхой байгаа. Хамт огцорсон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын орных нь хүнийг 7 хоногийн дотор томилсон ч ГТГ-ын даргын суудал хоосон хэвээр. Энэ агентлагийн даргыг Ерөнхий сайд томилдог. Харин орлогч даргыг нь ЭБЭХ-ний сайд томилдог байна. Тэр ч утгаар өдий болтол ямар нэг нэр сонсогдохгүй байгаагаас үзэхэд Ерөнхий сайдад сонголт хийхэд түвэгтэй байгаа бололтой. Хуучин дарга Д.Амарсайхан нь тус газарт олон жил ажиллаж, хэлтсийн даргаас дэвшсээр газрын дарга болсон нэгэн. Мөн Газрын тосны газар гэдэг улс төрөөс ангид байж, улс орны аж амьдралыг зогсоочихолгүй хөдөлгөж байх учиртай болохоор яалт ч үгүй мэргэжлийн хүнийг томилох нь гарцаагүй. ШӨХТГ-ын даргын томилгоог харсан ч тэр, хуучин дарга нь дотроосоо томилогдсоныг харсан ч энэ газрын дарга дотроосоо томилогдож магадгүй гэсэн таамаглал их байна. Газрын тосны газрынхан ч дотроосоо дарга томилогдчихоосой хэмээн битүүхэндээ “залбирч” суугаа дуулдана. Хэрэв дотроосоо гэвэл доод тал нь 5 жил ажилласан энэ салбарын туршлагатай мэргэжилтнүүд олон байгаа хэмээн өөрсдөө ярьж байна. Харин Ерөнхий сайдын сонголт ямар байхыг тааж хэлэхэд амар биш. Ямар ч байсан нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг найдвартай байлгах, бүтээгдэхүүний нөөц, агуулахын асуудлыг цаг алдалгүй   шийдвэрлэх чухал ажил энэ газрын шинэ даргыг хүлээж байгаа.


С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж