Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд албан ёсоор өөрийн танхимыг бүрдүүллээ. УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайдын албыг түүнд шилжүүлсэн. Тухайн үед С.Батболд танхимаа бүрдүүлэх боломж байсан ч тэр тэгээгүй. С.Баярын бүрдүүлсэн танхимын сайд нар багагүй асуудал үүсгэж С.Батболдын чихийг халууцуулсан хэдий ч тэр сайд нараа хамгаалаад үлддэг байлаа. Харин Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэнээс хойш С.Батболд танхимынхаа сайд нарыг сэлгэв. Түүний санал болгосон сайд нар Ардчилсан намынхны амны зугаа болсон нь С.Батболдод таалагдаагүй нь мэдээж. Тэрбээр өөрийнхөө сонгосон хүмүүсийг сайдын албыг хашиж чадна хэмээн ам бардам хэлсэн юм. Мөн сайд нар болон өөрийг нь муулсан сөрөг хүчний гишүүдэд “Би өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд сайд нарыг томилсон. Энэ ажлыг хийж чадна гэж бодож байгаа учир сонгосон. Намайг Тавантолгойтой их холбож ярьдаг. Харин уг ордыг гадныханд худалдах тухай ярьж байсан хүмүүс энд сууж байна” хэмээн хатуурхсан юм. Энэ үг чухам хэнийг чиглэснийг мэдэхгүй. Гэхдээ л ийм хүн байгааг Ардын намын дарга олон нийтэд хэлж орхив. Энэ мэт олон нууцыг тэрбээр үлдсэн таван сарын хугацаанд танхимынхаа сайд нарын хамт дэлгэж ч мэдэх юм. Ямартай ч тэрбээр энэ долоо хоногоос эхлэн “шинэ” сайд, “шинэ” танхимтайгаар гүйцэтгэх засаглалын ажлаа явуулах нь. Харин одоо С.Батболд УИХ-ын 2012 оны сонгуульд намаа ялуулах чухал ажил үлдлээ. Мөн намын хүчтэй дарга байж чадвал түүний улс төрийн рейтинг ч өсөх нь тодорхой юм. Энэ өдрүүдэд өрнөсөн олон сорилт, шалгуур түүнийг “шинэ” Ерөнхий сайд болгов.
“Улс төрийн тойм” сонин