Өнгөрсөн өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллав. Энэ үеэр тус аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар "Үйлдвэрийн буудай хадгалдаг элеваторт тэсрэлт болсоны улмаас 30 метр өндөр, зургаан метрийн диаметртэй цилиндр хэлбэртэй байгууламж буюу селосийн дээд хэсэг, барилгын таазны хийц задарч, объкектоосоо 30 метр орчим газарт шидэгдэж, төмөр замын рейс төмөрнүүд дээр унасан байна. Осол гарсан элеваторыг 1980-аад онд байгуулжээ. Мөн 134 дугаартай селост байгаа буудайг яаралтай суллах шаардлагатай. Тэгэхгүй бол буудай халж, тэсрэх эрсдэлтэй байгаа" хэмээжээ.
"Дархан гурил, тэжээл" үйлдвэрийн захирал С.Намсрайжав "Хаягдал буудай ачиж байх үеэр салхи аван гал авалцсан байна" гэв. Гурилын үйлдвэрийн буудай хадгалах хэсэгт 30-аад хүн ажилладаг аж.
Харин тэсрэлт болох үед үдийн цайндаа орохоор гарсан байжээ. Дэлбэрэлт болсон байрны оршин суугчдад туслахаар дарханчууд "Дэлбэрэлтэд ертсөн 14 дүгээр байрны иргэддээ туслацгаая" хандивын хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлүүлж байгаа аж. Тус байранд амьдрах боломжгүй учир оршин суугчид нь хамаатан садныхаараа амьдарч байгаа юм байна.
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин