Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 72 кг-д барилдсан О.Бурмаа эхний тойрогт ОХУ-ын бөх Виктория Фролова, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх, дэлхийн аварга Ирис Смит нарыг ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын бөх, дэлхийн залуучуудын гурван удаагийн аварга Наталья Воробьеваг дийлжээ. Улмаар аваргын төлөө барилдаанд Болгарын бөх, дэлхийн таван удаагийн аварга Станка Златёвад хожигдсоноор Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнээс хоёр дахь мөнгөн медалиа хүртжээ. Тус жинд 14 бөх өрсөлдсөн байна. О.Бурмаа өмнө нь 2008 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм.
Харин Т.Мөнхтуяагийн жинд 12 бөх барилдсан. Залуу бөх Т.Мөнхтуяа эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Любовь Оленковаг ялж, хэсгийн аваргын төлөө барилдаанд тус жинд алтан медаль хүртсэн ОХУ-ын тамирчин А.Половневад ялагдсанаар дахин нэг барилдаан хийж, хүрэл медалийн эзэн болсон байна.
Харин өнгөрсөн жилийн тэмцээнд ОУХМ Д.Отгонцэцэг 51 кг-ын жинд алтан медаль, ОУХМ О.Насанбурмаа 63 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байлаа. 2003 онд Гавьяат тамирчин, даян аварга Г.Өсөхбаяр 120 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэнээс хойш манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнээс медаль хүртээгүй байна.