Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв мэдээг бүсчилэн толилуулъя:
Баруун зүгийн нутаг. Ихэнх нутгаар бусад нутгийг бодвол хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Буянт, Байдраг голын хөндий, Ханхөхий нурууны хойд хэсгээр шөнөдөө 41-46, өдөртөө 28-33 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Нутгийн өмнөд хэсгээр сарын сүүлээр зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.
Төвийн нутаг. Энэ сарын агаарын температурын дундаж нь Дархадын хотгороор 23-28, бусад нутгаар 15-20 градус хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40, өдөртөө 24-29 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 13-18 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин 20ноос эхлэн хүйтний эрч харьцангуй суларна.
Зүүн зүгийн нутаг. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцэс, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ба гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35, өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 25-30, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр хүйтний эрч суларна. Мөн хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба эцсээр хүйтний эрч суларна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй их байх нь.
Говийн нутаг. Энэ сарын агаарын дундаж температур нь Дундговийн, Дорноговийн хойд хэсгээр 15-20, бусад нутгаар 8-13 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч харьцангуй суларч ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дундговь, Дорноговийн өмнөд, Өмнөговийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа гэнэ.