Өнгөрсөн хавраас уул уурхайн хүнд техникүүд нь импортын түлшийг ууж эхлэхийн хамтаар шатахууны нийтийн хэрэглээнд нийлүүлэгдэх хангамж наадмын өмнөхөн доголдож үнэ нь цочмог хөдлөв. Үүнийг дагаад нийт бараа бүтээгдэхүүний үнэ налгар зунаар наазгай боловч тууштай өслөө. Төрийн тараадаг халамж нь иргэдийн амьжиргааг өөд нь татах хэрэгсэл биш зүгээр нь амьжиргааны уналтыг зөөллөх жийрэг хэлбэртэй болж хувирсан нь сургууль цуглах үед олон хүнд тов тодорхой болов. Нийт бараа бүтээгдэхүүний үнэ өсөнгүүт уул уурхайгаас бусад бизнесүүдийн ашгийн маржин бууж ирэв. Түр зуурын ашигт enjoy болж байсан барилгын салбар ч эргээд хүнд байдалд орлоо. Тоосго, цемент, арматур, тээврийн нь үнэ өсөөд ирэв. Худалдан авагч, үйлчлүүлэгчийн бааз нь мөнгөжиж амжаагүй бүх бизнесүүдийн зээлийн эрсдэл өсөж ирлээ. Энэ нь төгрөгийг хүнд байдалд оруулах суурь болов. Монгол банк зээлийн эрсдэлийг тооцоолон бодлогын хүүгээ үе шаттайгаар нэмснээс зээл олголт хумигдах тийшээ хандаж, тэртэй тэргүй үнийн өсөлтөөс болж амьсгаадан байсан бизнесийн орчинг бүүр ч хэцүү шахаанд орууллаа. Төв банкны бодлогын хүүгийн хөдөлгөөнөөс дохио авсан банкууд долларын хуримтлалаа нэмэгдүүлэхээр уралдаж эхлэв. Доллар наймдугаар сараас эхлэн эрчимтэй өсч эхэллээ. Энэ өсөлт 2012 он гарч сонгуулийн гарааны дохио өгөх үед дээд цэгтээ хүрлээ. Долларын орлогтой нэр дэвшигчдийн хувьд цагаан сараар сонгогчдын гар цайлгах мөнгийг долларт шилжүүлбэл хамгийн бага байлгах шаардлага бий болмогц төгрөг тавхан хоногийн дотор цөм унав. Он гарангуут болсон төгрөгийн савлагааг монополь хэлбэрт шилжсэн шатахууны бизнесүүдийн далим авалт дэмжиж эдийн засагт жинхэнэ цунами үүсгэж орхилоо. Энэ цунамигийн давалгаанд өнгөрснийг ирээдүйтэй холбож байсан гүүр болсон хамтарсан засгийн нэр хүнд тэсч үлдэх эсэх нь бүрхэг болов. Монголын эдийн засаг сүүлийн хэдэн жилд байгаагүйгээ цочив. Ард түмэн уурсаж жагсав. Буруутныг гэсгээхийг шаардан төрөө гороолох болов. Үйлдвэрчний босс үнэ буулгахыг дэмий л шаардан засагтай заамдалцан алдах болов. Дарга нар ч буруутныг хайн бужигнаж, зэвүүн харагдсанаа эхнээс нь няслаж эхлэв.
Гэвч үнэ буусангүй. Доллар бага зэрэг тонгойсон ч үнэ гэдгэр хэвээрээ үлдлээ. Дараагийн өсөлтийг хүлээн гэдийсээр үлдэв.
Харин үнийн өсөлтийг өлгөж авсан улс төржилтийн синдром сезоноосоо хамаагүй эрт эхэллээ. Энэ бүхэн далим авагчдад л сайхан далим болж өглөө. Бослого, хувьсгалд уриалагч солиотнууд сэрж ирэв.
Энэ утгаараа өнгөрсөн он Монголын хувьд олон талаараа 21-р зууны нэгэн жил шиг харагдавч цаагуураа 19-20-р зууны заагийн дэлхийтэй тун төстэй он байлаа.
19-р зууны сүүлчийн хагас болон капитализмын прогрессив эрин гэж нэрлэгддэг зууны зааг үеүүд бол тухайн үедээ л шинэ технологи, аж үйлдвэржилт, дэд бүтцийн их тэсрэлтийн эрин байсан юм. Үйлдвэржилт, капиталын эрчимтэй хуримтлалын шууд үр дагавар болсон чинээлэг давхрага дэлхий даяар борооны дараахь мөөг шиг эрчимтэй олширч байлаа. Тэдний хэрэглээний өсөлт, хөрөнгө оруулалтын зардлын өсөлт, технологийн зардлын өсөлтийг дагаад юмны үнэ ч өсч байв. Ялангуяа үйлдвэржсэн бүс нутгуудад амьжиргааны болон үйлдвэрлэлийн өртөг өссөөр байсан. Америкийн иргэний дайн бол боолыг чөлөөлөх дайн гэхээсээ боолын үнэгүй хөдөлмөрийг ашиглан умардын өндийж буй өртөг өндөртэй аж үйлдвэрийг өрсөлдөх чадваргүй болгож байсан өмнөдийхнийг хүчээр дарж авахын төлөөх дайн шахуу явдал байсан гэж хэлсэн ч болох юм. Хэрэв үнэхээр боолыг чөлөөлөх тэмцэл байсан нь үнэн бол хар арьст иргэд жинхэнээсээ нь эрх тэгш болох гэж дахин 100 жил хүлээхгүй байсан байхаа.
Америкт боолчлолыг, орост хамжлагыг, мэйжийн японд феодалын балар ёсыг халах зэргээр дэлхий даяар зах зээлийн зарчмаар хөдөлдөг хөдөлмөрийн фронт буй болгосон ч капитализмд үүсч байсан шинэ аюулыг Америкаас өөр хэн нь ч олж харан, түүнээс хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь аваагүй юм.
19-р зууны сүүлчийн хагас хүртэл дэлхийн эдийн засгийн процесс тэр чигээрээ шахуу laissez-faire гэж хэлэгддэг дүрэмгүй жунглийн маягийн өрсөлдөөн буюу Адам Смитийн тодорхойлсноор зах зээлийн өрсөлдөөний үл үзэгдэгч гараар зохицуулагддаг орчинд өрнөж байсан билээ. Энэ үед үнэ өссөн ч өрсөлдөөний явцад буцаад буудаг байлаа. Мөнгөжсөн чинээлэг иргэд, мөнгөжиж амжаагүй шинэ пролетаруудын хоорондох үрэлтийг үнийг өсгөдөг ч бас буулгаж чаддаг өрсөлдөөн тослон хэт халалтаас сэргийлж чадаж байсан юм.
Гэвч энэ цаг үеийг Стандарт Ойлийн толгойлогч Рокфеллэрийн бодож олсон TRUST буюу хамтын монопольчлолын төлөөх итгэлцлийн нэгдэлүүд дуусгавар болгосоноор дэлхий капитализм жинхэнээсээ зэрлэгшиж ирлээ. Энергетикийн үндсэн түүхий эд болсон нефтийн үнэ л бусад бүх зүйлийн үнийг зохицуулах үндсэн катализатор нь болдог тул Стандарт Ойлын хуйвалдааны импакт нь дэндүү нүсэр байлаа. (нефть чухал эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс National Geography сувгаас нефтьгүй болсон дэлхийн тухай уран сэтгэмжийн киног үзээрэй)
Стандарт Ойлыг үндэслэгч Рокфеллэр нэг өдөр нефтийн бизнес эрхлэгчдийг уулзалтад урьж авчраад бид өрсөлдсөнөөр хэн маань ч олигтой ашиг хийхгүй байна, иймд өрсөлдөөнөө зогсоогоод бүгд нэг ижил өндөр үнэ зах зээлд тулгая гэж ятгаж чадсан гэдэг. Ингээд нэг л өглөө Америкийн клонкууд хоорондоо өрсөлдөхөө зогсоож бүгд л ижил өндөр үнэ зах зээлд тулгаж эхлэв. Стандарт ойл-д нэгдсэн компаниудын алдагдал зогсч, ашиг орлого нь хаданд гарав. Нэгэнт үнэ буулгахад хүргэх зөрүү үнэ байхгүй болсон тул тэд үнээ дур зоргоороо хамтдаа нэмсээр л байв. Зөвхөн худалдан авагчид үнэхээр авч дийлэхгүйгээс эрэлт болон борлуулалт буурах тохиолдолд л үнийн өсөлт зогсох буюу бага зэрэг бууж байлаа. Нефтийн үнэ өссөнөөр тээврийн үнэ өсч энэ нөлөө бүгдэд нь халдварлана. Иймэрхүү өрсөлдөөний эсрэг практик цааш тархаж олон орны эдийн засгийг нурааж эхлэв. Үнэ буухаа болив, мөнгөн тэмдэгтүүд цаас болж эхлэв. Чинээлэг иргэд л үнийг өсөлтийг давж чадаж байсан бол мөнгөжиж амжаагүй давхрагынхан дэлхий даяараа бужигнаж, ажил олгогч хөрөнгөтнүүдээ мөлжлөгт хардан хараан зүхэж эхлэв. Дэлхий дайн, хувьсгалын галд ойртон очиж байлаа.
1890 онд АНУ-ын Сенатор Жон Шерман бизнесийн орчинд монопольчлох, өрсөлдөөнийг боомилох, монопольчлохыг оролдох үйлдлүүдийг хууль бус гэж зарласан маш ширүүн санкцтай хуулийн төслийг санаачлан Конгрессоор батлуулснаар Америкийг хувьсгалаас аварлаа. Адам Смитээс хойш яг 100 жилийн дараа өрсөлдөөнийг өөрийг нь хамгаалах тухай анхны хууль төрөн гарав. Стандарт ойлыг хүчээр задлан Mobil, Шеврон, Экссон зэрэг олон хэсэг болгоод хоорондоо өрсөлдөхийг тулгав. Зэргэлдээ орших ямар ч клонк хөрштэйгөө адил үнээр бензин зарах эрхгүй болов. Ижил үнэ харагдвал үгсэн хуйвалдсан гэж үзэх тул арга буюу бутархай центийн зөрөөтэй боловч үнэ тогтоох боллоо. Хэдийгээр бүх клонк нэг л нефтийн цооногоос бараагаа татдаг ч хоорондоо ижил үнэ гаргах эрхгүй болов. АНУ-н төр тэднийг хүчээр өрсөлдүүлж чадав. Эрэлт нийлүүлэлтээс гадна өрсөлдөөний орчин үнийг буулгалцдаг боллоо. 1-р дайны үед Сенатор Клэйтонын санаачилсан хуулиар хуйвалдахгүй ч гэсэн худалдааны гэрээний дүнд монополь үүсэх арга замуудыг хаалаа. АНУ тогтворжив. Тогтворжив ч гэж дээ. Улс төр, нийгмийн байгуулалын тогтвортой байдлыг зах зээлийн өөрийх нь долгионт байдлаар сольж авлаа. 1929 онд гарсан зах зээлийн алдааг засахын тулд олон салбарыг төрийн хатуу зохицуулалт, мэдэлд оруулсан ч төрийн зохицуулалтын бүүр ч тэвчишгүй алдааг засахыг тулд Рейган, Тетчэрийн үед зохицуулалтаас чөлөөлөх, хувьчлах явдалыг эрчимжүүллээ. 80-90-д онд Их Британид Бритиш нэрийг зүүсэн бүх бизнес хувьд очлоо. Бритиш эйрвэйз, Бритиш пэтролиумээс авхуулаад бүгд хувийнх болов.
Харин 20-р зууны эхэнд Европ болон бусад газарт үүссэн эдийн засгийн хямрал дайн, хувьсгалд хөтлөв. Герман зэрэг зарим орон үнийн өсөлтөөс үүдсэн эдийн засгийн буруу давалгааг зогсоох арга нь дэлхийн газрын зургийг дахин өөрчлөн зурах явдал гэж хоёр ч удаа харсан бол Орост хөлдөө чирэгч хөрөнгөтнүүдээ хоослон худалдан авах чадамжийг нь бууруулснаар үнийн галзуурлыг зогсооно гэж итгэцгээсэн юм. Ийнхүү капитализм дахь монопольчлол фашизм, социализмын эцэг нь болсон билээ.
Дэлхийн эдийн засаг саяхан бас нэг удаа доргиод авлаа. Эдийн засаг цаашид ч савлах нь гарцаагүй юм. Гэвч өрсөлдөөнийг хамгаалсан хэвээр байвал энэ савлагаанууд нийгмийн байгуулалыг хөмрөх хэмжээнд хэзээ ч хүрэхгүй нь Америкийн жишээнээс тодорхой байна. Өнөөгийн өндөр хөгжилтэй орнуудад өрсөлдөөний хууль бол төрийн хамгийн их анхааралаа хандуулан сахиулдаг, бизнесийн үндсэн хуулийн хэмжээний хууль байдаг билээ. Жишээ нь Австралийн Кантас, Шинэ зеландын Эйр Нью Зеланд компаниудыг л гэхэд хооронд нь өрсөлдүүлж Тасманы хоолой давсан нислэгийн үнийг өсгөхгүй барьж байхын тулд нислэгийн код хамтран эзэмших хүсэлтийг нь төрийн зүгээс нь одоог хүртэл буцаасаар л байна.
2012 он ширүүн эхэллээ. Засгаас зарим нь гарч, замень нь оров. Ард түмний сонголтын засаг тогтов. Шатахууны үнэ өсгөсөн хэмээн ганц нэг түшмэл, хиаг төрөөс халлаа. Тэднийг нефтийн боссуудыг цуглуулж байгаад үнийг өсгөхөөр хуйвалдсан хэмээн албан тушаалаас нь чөлөөлөв. Уулзалтын протокол нь гарч ирсэн тул үгсэн хуйвалдсан баримт нь олдсон гэж үзжээ.
“Нефть импортлогчдын холбоо” хэмээх “Стандарт Ойлын хойд дүр” өдөр бүр ижил үнэ тулгаад байхад “хуйвалдсан протокол” нь байхгүй тул үгсэн хуйвалдаан (price fixing) биш гэж андуу ойлгож ирсэн өрсөлдөөний газрын дарга нар юунаас болж халагдаж байгаагаа ч ухаарч амжилгүй засгийн хуралдаанаас хөөгдөн гарлаа. Өрсөлдөөний “мэргэжилтнүүд”-ийн ойлгоогүй асуудлыг “ойлгохоор” төрөөр нэг ажлын хэсгүүд байгуулагдав. Шатахууны импортынхон бизнесээ төрд алдахаас айсандаа бага зэрэг буулгав. Төв банк хожимдсон интервенцээр ерөнхийлөгчөө авч үлдэхээр оролдож эхлэв. Төрийн эс үйлдэлээс айсандаа нэмэгдсэн үнэ төрийн буруу үйлдэлээс айсандаа түр агшив.
Гэвч үнэ буух эрүүл механизм буй болсонгүй. Хөрш клонкууд ижил үнэтэй бензинтэй, зэргэлдээ лангуунууд ижил үнэтэй гурилтай хэвээрээ. Банкуудын ижил нөхцөлтэй зээл нь ч ижил хүүтэйгээ үлдэв.
Шерманы хуулийн санааг бараг хуулаад тавьчихсан өрсөлдөөний хууль байсаар байтал хэрэгжүүлэхгүй ингэж явсаар Нефть Импортлогчдын холбооны гишүүн компаниудын өдөөсөн хувьсгалд хуйхлагдахаа хүлээгээд байх уу? Ардын засгийг хөмрөх “ардын хувьсгал-2” хэрэгтэй юм гэж үү? Эсвэл сонгуулиар Гитлерийг төрд залсан шиг ганц хүний засаглал мөрөөдөгчдөд бидний хувь заяагаар тоглох эрхийг олгох юм болж байна уу? Хариулт нь “үгүй” л гэж гарна шүү дээ. Мэдээж. Гэхдээ л өглөө босоход л зардал нь цаанаа зөрүүтэй хэрнээ бүх клонк яг адилхан үнэ санал болгодог энэ хэвээрээ үргэлжлээд байвал Монгол хэр удаан “чөлөөт нийгэм” –д тэсч үлдэж чадах вэ гэдэг асуулт босч ирж байна. Хувьсгалчид бол яг ийм л тогтворгүй байдлын хөрс суурийг л мөрөөдөж суудаг улс юм. Тэдэнд нураах процесс нь сонин болохоос дараагийн асуудал сонин биш байдаг. Орост 1905 онд болсон үйл явдалтай төстэй зүйл Монголд нэгэнт болоод өнгөрсөн. Харин оросын 1917 оны сүнсийг бид нутагтаа дуудмааргүй л байна. (жич: Монголын 1921 он бол социалист хувьсгал байгаагүй, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн байсан)
Ер нь бол иргэдийг төртэй нь хагаралдуулахгүй байж чадах багаж бол үнийг буулгах ӨРСӨЛДҮҮЛЭХ ЧАДВАР юм. Монголын төрийн тэргүүнээс эхлээд бүгд л өрсөлдөх чадвар гэж ярих боловч өрсөлдүүлэх чадварын тухай огт ярихгүй байцгаана. Харамсалтай нь төрд нь өрсөлдүүлэх чадвар байхгүй улсын эдийн засагт өрсөлдөх чадвар буй болдоггүй.
Монголын төр өрсөлдүүлэх талаараа уг нь хэнээс ч дутахгүй. Цагийн эгзэгийг олж оновчтой өрсөлдүүлдэгээрээ ч гайхалтай. Дайснаа хооронд нь харгалдуулж байгаад аль алийг нь дарж аван тулгар төрөө байгуулснаас өгсүүлээд өнгөрсөн зуунд их гүрнүүдийг өрсөлдүүлсээр тусгаар улсаа авч үлдсэн гавъяаг үеийн үед мартахын аргагүй. Берлиний ханыг нураасан тоосноос хамгийн хожоотой гарч чадсан нь Монгол. Өнөөдөр ч Оюу толгойн хүдэр, Таван толгойн нүүрсийг зөөхөөр хаа холын БАМ руу төмөр шугам татах гээд зүтгээд байгаа нь ч монополь худалдан авагч Хятадыг хазаарлаж, дэлхийг Монголын баялагийн төлөө өрсөлдүүлэх замыг засах асар мэргэн бодлого юм. Энэ төмөр зам баригдсаны дараа л бид ханасан үнээр баялагаа зарж чаддаг болох ба дотоодын нийт бүтээгдхүүний өсөлт нэг хүндээ жинхнээсээ ноогддог болох боломж нээгдэх болно. Иймд өрсөлдүүлцгээе. Өрсөлдүүлэхэд хөрөнгө оруулж, ухаан уралдуулцгаая.
Одоо 2008 оны сонголтын засагт дараагийн сонгууль хүртэл таван сарын хугацаа үлджээ. Энэ хугацаанд ард олноо сүрхий жаргаах нь ч яахав, харин капиталист нефть импортлогчдыг хооронд нь өрсөлдүүлээд, үнэ буух эрүүл хөрсийг бүрдүүлээд л өг. Захиргаадалтын аргыг зөвхөн зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалахад хэрэглээд үз. Үр дүнд нь үнэ бууна, төгрөг тогтворжино, ард олон тайвширна, бизнесмэнүүд буюу risk taker-үүд зоригжино, хувьсгалчид хурнийж, шоучид шалчийна. Эдийн засгийн зарчим нь өөрөө ийм юм. Ингэж чадвал сонгуульд ч бас ялах болно. Чадахгүй бол улс төрийн орон зай хайгчдад ирэх сонгуулиар боломж гарна. Улс төрийн зарчим нь ч бас энэ юм.
bat.tsedevdamba@mail.mcgill.ca