Цаасан дээр ”сүндэрлэсэн” спорт цогцолбор

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Цаасан дээр ”сүндэрлэсэн” спорт цогцолбор

“Заал авъя, С.Батболд ахаа” гэсэн бичиг хаа сайгүй харагдах болсон. Ерөнхий сайд заал өгөхгүйдээ биш, харин ажлаа “хайнга” хийгээд байгааг Засгийн газарт анхааруулсан залуусын үг биз ээ. Тэд “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын 2009 оны 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг шаардаж буй хэрэг.

Монгол Улсын нэг иргэнд 22 ам см зориулалт бүхий спортын талбай ноогддог гэсэн судалгаа бий. Уг нь дэлхийн стандартаар бол нэг хүнд хоёр ам метр талбай байх ёстой. Энэ судалгаатай зэрэгцэн, монголын нийт өсвөр үеийнхний 69,8 хувийнх нь бие бялдрын хөгжил, чийрэгжилт нь тухайн насны хүүхдийн биеийн хөгжлийн хэмжээнд хүрдэггүй, цэргийн албанд татагдаж буй эрсийн 45 орчим хувь нь эрүүл мэндийн байдлын улмаас тэнцдэггүй. Үүнээс үүдэн хүн амын нас баралт, өвчлөлийн шалтгаанд хүний амьдралын хэв маяг, зан үйлтэй холбоотой халдварт бус өвчин давамгайлж хүн амын амьдралын чанар, дундаж наслалтад сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд залуус спортоор хичээллэх сонирхолтой хичээллэх заал, танхимын хувьд дутагдалтай гэсэн харамсалтай мэдээ дагалдсан юм. Энэхүү судалгаа Монгол Улсын Засгийн газрын сонорт хүрэхдээ “эмзэг” тусч, тулгамдсан асуудлыг шийдэхээр  “Биеийн тамир, спорт хөгжүүлэх цогц хөтөлбөр” гэгчийг боловсруулж, эхний ээлжид спорт заал танхимуудыг ашиглалтад оруулахаар болсон. Түүний дагуу холбогдох төсвийг нь даруй баталж өгч байхаар ч болсон. Гэвч өдгөө хийсэн ажил нь нүдэнд тусахгүй л байна.

Уг нь Монгол Улсын хүн амын тал шахуу хувь амьдардаг Улаанбаатар хотдоо хамгийн эхэнд анхаарлаа хандуулахаар болж, хэд хэдэн спортын цогцолбор хотхон байгуулахаар болсон. Үүний ердөө нэг нь нийслэлийн Спорт цогцолбор. Үүнийг анх хэрхэн сүр дуулиантайгаар “шоудаж” байсныг огт мартдаггүй юм. Одоо харин тухайн үед “шоу”-даж байсан нөхөд таг чиг болчихож. Арга ч үгүй биз дээ. Өнөөх цогцолбор нь иж бүрэн тоноглол бүхий усан бассейнтай байх нь бүү хэл барилгын ажил эхэлсэн төдий харагддаг юм чинь. Тухайн үед юу болсныг эргэн саная. 

2010 оны наймдугаар сарын 20. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд “Нийслэлийн спорт цогцолборын шав тавьж байна” гээд цөөнгүй хүмүүс цуглажээ. Лам нар бат бөхийн дээр өнө удаан жилийн түүхтэй цогцолбор бариулахаар замыг нь засч, ном айлдана. Харин Эрүүл мэндийн сайд тэргүүтэй албаны хүмүүс “Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл хот 1000 хүний суудалтай спорт цогцолбортой болно. Цаашлаад усан бассейн бүхий иж бүрэн тоноглогдсон спорт цогцолбор болгох төлөвлөгөөтэй. Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод иймэрхүү спортын цогцолбор нэн чухал байна. Үүнд төр засаг анхаарлаа хандуулж, 2,5 тэрбум төгрөг төсөвлөсөн иргэдийнхээ өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. Ирэх оны /2011 он/ есдүгээр сар гэхэд бидний зогсож буй энэ газар нийслэлийн Спорт цогцолбор сүндэрлэсэн байх нь” гээд ярьж байсныг огт мартдаггүй юм. Одоо хэр нь төв цэнгэлдэх, цэнгэлдэхийн хажуугаар өнгөрөхдөө “Нийслэлийн Спорт цогцолбор”-ын шав тавьсан газрыг горьдонгуй харна. Тэр тоолонгоор горьдлого унтарна. Сүүлдээ “Баригдаагүй л байх даа” гээд харахаас халширдаг болсон. ”2011 оны есдүгээр сараас эхлэн  баригдана” гэснийг андуу сонссон юм болов уу гэхээр Биеийн тамир спортын газрын албан ёсны сайт дээр зөв сонссоныг минь илтгэх мэт мэдээлэл дурайна.

Нэг хүнд ногдох 0.22 ам метрийг нэмэгдүүлэх бодлогын ердөө ганцхан ажил нь энэхүү спортын ордон. Удахгүй нийслэлийн бүх дүүргүүд иймэрхүү цогцолбортой болохоор улсаас төсвийг нь баталсан. Хэдэн жилийн дараа ашиглалтад орохыг нийслэлийн Спорт цогцолбороор жишээлэхэд овоо урт хугацаа гарах бололтой.  Харагдахгүй байгаа ажлыг нь холбогдох албан тушаалтнаас асууж байж уурлуулав. 

-Өнгөрсөн онд хэдэн спорт заал шинээр ашиглалтад оруулсан бэ гэдэг асуултын хариуд

-Чамд ямар хамаатай юм гэсэн “тоог” холбогдох хүмүүс нь өгч байна. Харин хэдэн хөшөө ашиглалтад оруулав гэвэл нилээн хэдийг нэрлэх байсан биз. Цаасан дээр сүндэрлэсэн спорт цогцолборыг цаашид барих эсэхийг мэдэхгүй юм. Битгий л баллуурдчихаасай билээ.   

Б.Ойнбилэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж