С.Батболдын ЗГ шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

С.Батболдын ЗГ шинэ бүрэлдэхүүнээр ажиллана

Хариуцлага хүлээх эзэн тодорхой

Өнгөрөгч долоо хоно­гийн улс төрийн гол үйл явдал С.Батболдын тэр­гүүл­сэн шинэ Засгийн газрыг эмхлэн байгуулсан явдал байлаа. Нэг талаас энэ нь Ерөнхий сайд С.Батболдын хувьд өөрөө бүрдүүлж байгаа /хэдийгээр зарим сайд нарыг нь Ерөнхий сайд С.Баярын үед томилосон, шинээр томилж буй сайдынх нь олонхийг намын бүлэг нь санал болгосон ч/ анхны Засгийн газар, нөгөө талаас 2008 оны сонгуулиас хойш УИХ-д олонхи болсон МАН-ын хувьд бас л анх удаа бүрдүүлж байгаа Засгийн газар нь болж байна. Тиймдээ ч илүү их хариуцлага шаардсан томилгоонуудыг олон нийтийн зүгээс хүлээж байлаа. Харамсалтай нь хүлээж байсанчилан тийм зүйл болсонгүй.

Анх хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайд С.Батболд Ардчилсан намын зургаан сайдын оронд томилуулах хүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлэхэд Ерөнхийлөгч хариуд нь “УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашдаг жишгийг халах хэрэгтэй шүү. Хамтарсан Засгийн газрын үед бий болгосон Тэргүүн шадар сайдын албан тушаал ч гэсэн одоо шаардлагагүй” гэдэг саналаа түүнд хэлсэн билээ.

Бүр сайдад нэр дэвшигчдийг оруулж ирэхээс өмнө, зургаан сайд өргөдлөө өгсний дараа ч тэр энэ талаар урьдчилан анхааруулж байсан гэдэг. Харин Ерөнхий сайд түүнээс зориуд зөрсөн юм шиг МАН-ын бүлгийн гурван гишүүнийг сайдад нэр дэвшүүлж, Тэргүүн шадар сайдыг албыг хэвээр үлдээхээр оруулж ирсэн нь томилгоог дахиад долоо хоно­гоор хойш татсан билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдын энэ алдаан дээр дөрөөлөн өөрт ашигтай улс төрийн акцийг хийж чадсан.

Нэгдүгээрт, УИХ-ын ги­шүү­дийг Засгийн газрын гишүү­нээр томилохгүй, томил­сон тохиолдолд танхимын нийт гишүүдийг 1/3-ээс хэт­рүү­лэхгүй байя гэдэг нь өмнө хоёр нам хамтран эрх барьж байх хугацаандаа хий­сэн зөвшилцлийн нэг хэсэг бөгөөд энэ дагуу Үндсэн хууль болон бусад хууль тогтоом­жид өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл ч УИХ-д өргөн баригдчихаад байгаа. Хоёр­дугаарт, Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хамтарсан Засгийн газрын үед бий болгож, Ерөнхий сайдын эзгүйд түүнийг орлох эрхтэйгээр, угаасаа Засгийн газарт 60:40 харьцаатай байгаа намуудын эрх мэдлийг тэнцвэржүүлэх үүднээс бий болгосон зүйл билээ. Харин одоо МАН дангаараа эрх мэдлээ хэрэгжүүлэх болж буй энэ үед Тэргүүн шадар сайдын албан тушаал онцын шаардлагагүй болсон нь үнэн.

Тиймээс Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж завсарлага авсан Ардчилсан намын бүлгийн байр суурийг буруутгах үндэсгүй юм. Харин ч МАН-ын дарга С.Батболд завсарлага эхэлснээс хойш 24 цагийн дотор Ардчилсан намын тавьсан хоёр шаардлагын эхнийхийг нь хүлээж аван Тэргүүн шадар сайдын албан тушаалыг цомхот­го­сон нь Засгийн газрын гишүүдийг нөхөн томилох ажлыг урагшлуулж, Ардчилсан намын бүлэг завсарлагаа цуцлахад хүргэсэн билээ. Хоёр дахь асуудал буюу сайд нарыг УИХ-аас томилох асуудлыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн хэдий ч нэгэнт үлдсэн хугацаанд Ерөнхий сайд хэнтэй хамтарч ажиллах нь түүний сонголтын асуудал гэж үзээд Байнгын хороод, нэгдсэн чуулганы хурал­даанд оруулж, эсрэг санал өгснөөр асуудал шийдэгдсэн. Ардчилсан нам байр сууриа илэрхийлсэн, эсрэг санал өгсөн. Харин МАН-ын бүлэг УИХ-д олонхи учраас олонхиороо асуудлаа шийдсэн. Хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг илүү тодорхой болгож өгсөн хэрэг. Ямар ч байсан өмнөх шиг “Бид хамтарсан шүү дээ” гээд хариуцлагаас бултаад байхгүй боллоо гэсэн үг.

“Төрийн нарийн бичиг” улс төрийн халхавч уу?

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаа­ла­­хын сайдаар, Д.Хаянхярвааг  Сан­­­гийн сайдаар, Ц.Дашдоржийг Зам тээвэр, ба­­рил­га хот байгуулалтын сай­даар, Байгаль орчин, аялал жуулч­лалын сайдаар Га­даад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг, Эрүүл мэн­дийн сайдаар тус яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатарыг томилуу­лахаар нэгдсэн чуулган дээр санал хураалгах үед Ардчилсан намын бүлгийн гишүүд бүгд эсрэг санал өгсөн билээ. Уг нь намын бүлгийн анхны байр суурь УИХ-ын гаднаас томилуулахаар оруулж ирэх нэр дэвшигчийн хувьд эсэргүүцэх шалтгаан байхгүй гэж байсан ч Ерөнхий сайд намын бүлгийн гурван гишүүнийхээ нэрийг хэвээр оруулж ирсэн нь сайдад нэр дэвшигчдийг бүхэлд нь эсэр­гүүцэх шалтаг болсон бололтой.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин чуулганы нэгдсэн хуралдаан дээр бас нэг зөрчилтэй зүйлийг ил гаргасан юм. Тэр “Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг хувь хүнийх нь зүгээс эсэргүүцэх шалт­гаан алга” гээд тэднийг нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдад өөрт нь асуулт тавьсан. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг төрийн захиргааны байгууллагын хамгийн дээд албан тушаалтан. Бид төрийн албаа улс төрөөс ангид байлгана гэж яриад, үүний эрүүл зөв манлайллыг бий болгохын тулд энэ албан тушаалыг намын харьяалалгүй болгосон. Гэтэл өнөөдөр энэ хүмүүсийг улс төрийн албан тушаалд томилуулахаар оруулж ирж байгаа нь тэдний доор ажиллаж байгаа төрийн албан хаагч нарт ямар үлгэр үзүүлэх юм бэ. Төрийн алба гэдэг МАН-ын гишүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бааз юм уу? Үүнээс хойш төсөв шийдээд, тендер зарлаад, томилгоо хийгээд явж байгаа төрийн нарийн бичгийн дарга нарт чинь иргэд яаж итгэх юм бэ гэж.

Төрийн албан хаагчийн тухай хуулийг анх 2002 онд Н.Энхбаярын Засгийн газрын үед батлуулж, тухайн үед төрийн албанд ажиллаж байсан 100 гаруй мянган ажилтныг бүгдийг нь намын харьяаллаас гаргасан билээ. Тэдний толгойд нь төрийн нарийн бичгийн дарга нар суудаг бөгөөд үндсэн­дээ бүгд хуучин МАХН-ын батлах­тай явсан нөхдүүд. Төрийн албаны тухай хуульд “гэмт хэрэгт холбогдож, эрүүл мэндийн шаардлагаар ажлаас гарах өргөдлөө өгөх”-өөс бусад тохиолдолд төрийн албан хаагч, албан тушаалтныг ажлаас халах эрхгүй. Тиймээс ч өнгөрсөн арав шахам жилийн хугацаанд Монголын төрийн албанд ямар ч шинэчлэл хийгдээгүй, шинэ цус сэлбэгдээгүй /Үйлдвэр худал­даа­ны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор төсвийн их хэмжээний мөнгөөр казино тоглосон хэргээр хоёр жилийн өмнө ял шийтгэгдсэнийг эс тооц­вол шүү дээ/ билээ. Харин ч Монголын төрийн алба МАН-ын гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бааз болсны бас нэг илрэл нь Ерөнхий сайд С.Батболдын сая хийсэн томилгоо гэж хэлж болно.

Ерөнхий сайд С.Батболд Х.Тэмүүжин гишүүний энэ асуултад ихэд бухимдаж, төрийн албан тушаалтан ч гэлээ хувь хүнийхээ хувьд сонголтоо хийх, улс төрийн албан тушаалд томи­логдох эрхтэй хэмээн хариул­сан. Хувь хүнийхээ хувьд улс төрийн сонголт хийх эрх нь хэнд ч нээлттэй байх ёстой л доо. Жишээ нь, аль нэг намын батлах аваад сонгуульд орж, азаа үзэж болох л юм. Гэтэл Ардын намын дарга нэг л өдөр тэднийг “Манай намын шилдэг залуу боловсон хүчин” гэж нэрлээд, намын батлах ч үгүй нэг нөхрийг суга татаад гаргаад ирнэ гэдэг гайхалтай биш гэж үү. Эсвэл төрийн албан тушаалаар халхавчлан намдаа өгсөн хандивынхаа хариу төлөөсийг авч байгаа хэрэг үү?

Б.Сэмүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж