Дэлхийн эдийн засгийн байдлыг шүүдэг хамгийн том хуралдаан буюу Давосын эдийн засгийн форум ээлжит “шүүлгээ” явуулж байна. Тав хоног үргэлжлэх 42 дахь удаагийн Давосын хуралдааны үеэр хэлэлцэх гол асуудлуудыг шинжээчид ерөнхийдөө “Өөрчлөлт, шинэчлэлтийн тухай сэдэв байх болно” гэж тоймлон харж байна. Агуу их шилжилт буюу шинэ загварчлалын өөрчлөлт” хэмээн нэрлэж буй зорилтуудын доор дэлхий нийтийн өмнө зайлшгүй шийдэх шаардлагатай маш олон хэцүү сорилтууд тулгарч байгаа талаар Давосын форумын индэр дээрээс халуун хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн байна.
Хурц асуудлуудын дотор Евро-бүсийн орнуудын хямрал болон тэдгээрийн дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, санхүүгийн хатуу зохицуулалтын сөрөг үр дагаврууд болон тэдгээрээс болж улс орнуудад үүсч байгаа эмх замбараагүй байдал, эрх баригчид болон хувийн банкны салбарт итгэхээ байсан олон нийтийн санаа бодол зэрэг олон тулгамдсан асуудлыг Давосын уулзалтаар хэлэлцэж байгаа билээ.
Засгийн газрынхаа бүтцийн асуудалтай зууралдаад үлдсэн Монголын удирдлагуудыг эс тооцвол ерөнхийдөө улс орнууд энэхүү уулзалтад багагүй ач холбогдол өгч улс төрийн болон банк санхүүгийн голлох төлөөлөгчдөө илгээсэн байна.
Нийт 40 улс орны ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар Давосын форумд оролцож байгаа юм байна. Мөн бизнес санхүү, улс төрийн болон олон нийтийн байгууллагын төлөөлөл гээд нийт 2600 гаруй нэр алдар бүхий байгууллагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Дэлхийн хамгийн их нөлөө бүхий 20 төв банкны 19-ийх нь удирдлагууд мөн хүрэлцэн очиж санаа бодлоо солилцож байгаагаас харахад энэ уулзалтаар хэлэлцэх асуудал туйлын чухал байгааг харуулж байгаа бололтой. Хуралдааны эхэнд үг хэлсэн Германы канцлер Ангела Меркелийн хэлсэн үг ч үүнийг бас тодотгож өгч байжээ.
Дэлхийн хамгийн алдартай, бас баян хүмүүсийн нэг болох цуут “Microsoft”-ийг үндэслэгчдийн нэг Билл Гейтс “Бид амаргүй цаг үед амьдарч байгаа шүү. Гэхдээ капитализмаас өөр хүмүүний амьдралыг өдий хэмжээнд сайжруулж чадах өөр систем байхгүй” гэж Давосын уулзалтаар хэлсэн байна. Түүний капитализмыг өмгөөлж хэлсэн энэ үг олон хүнд таалагдаагүй байж болох ч үнэхээр одоогийн хөгжлийг голлон барьж байгаа капиталист бүтцийг цаашид энэ хэвээр явуулаад байж болохгүй, харин боломжоор нь өөрчлөх хэрэгтэй гэсэн санаа нь магадгүй хамгийн зөв санаачилгын нэг болсон байж ч болох. Гэвч яаж өөрчлөх вэ ? Энэ асуултад өнөөгийн капиталист нийгмийг бүхэлд нь муухайгаар харагдуулж байгаа шударга бус хуваарилалтын эсрэг тэмцлийг дэгдээсэн “Occupy Wall-Street” хөдөлгөөнийхөн ч тодорхой хариулт өгч чадахгүй байна.
Асуултандаа хариулт авч чадахгүй байх энэ хооронд дэлхийн голлох эдийн засгийн бүсүүдийг хямрал хэдийнээ нөмөрчихөөд байгаа бөгөөд ойрын ирээдүй ч тэдгээр бэрхшээлүүдийн манан дунд сүүмэлэх төдий байгаа ажээ. Шинжээчид энэ талаар бас л таагүй харьцуулалтыг гаргасаар байгаа юм. Тухайлбал ОУВС-ийн ерөнхий эдийн засагч Оливье Бланш хэлэхдээ, “Дэлхийн 2-р дайны дараа бий болсон улс орнуудын өрийн хэмжээ өдийг хүртэл хамгийн өндөр нь байсан. Тэдгээр өрийг дарахад 20 жил зарцуулсан байдаг. Тэгвэл одоогийн өрийн хямралыг барагдуулахад мөн төдий орчим хугацааг зарах байх. Магадгүй илүү ч байж мэднэ” гэж хэлсэн байна. Мэдээж энэ таамаглал юуны өмнө Евро-бүсийн орнуудыг нэрвээд байгаа өрийн хямралыг зохицуулахтай холбоотой хэлж байгаа хэрэг.Тиймээс Давосын уулзалт яг Европын холбооны чуулга уулзалтын өмнө болж байгаа нь ч учиртай гэнэ.
Хэдийгээр Европын орнуудын төсвийн өрийн хямрал Давосын форумнаас уламжлагдаад Европын холбооны чуулга уулзалтаар ч яригдах боловч гарах үр дүнгийн хувьд тун ч найдвар муутай болжээ. Саяхан өрийн дарамтанд хамгийн гүнзгий нэрвэгдээд байгаа Грекийн засгийн газар өөрийн төсвийн асуудалдаа Европын холбоог оролцуулахгүй гэж мэдэгдсэн нь байдллыг улам ч хүндрүүлэхэд хүргэж байгаа аж.
Давосын форумын өмнө ОУВС-аас 2012 онд дэлхийн эдийн засаг ямар байх талаар гаргасан урьдчилсан таамаглалынхаа үзүүлэлтийг бууруулж байгаагаа мэдэгдсэн байна.ОУВС эхэлж гаргасан таамаглалаараа дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд 4 хувьтай байна гэж байсан бол одоо 3.3 хувиас хэтрэхгүй гэж үзэж байгаа ажээ.Тус байгууллагаас үзэж байгаагаар бол дэлхийн эдийн засгийн үзүүлэлтүүд муу гарсан нь нөгөө л Евро-бүсийн орнуудын төсвийн өрийн хямралтай шууд холбоотой гэнэ.Үүний зэрэгцээ улс хоорондын худалдааны тэнцвэр алдагдаж дээр нь гадаад худалдаанд мөрдөгдөж байгаа одоогийн зарчим нь эдийн засагт муугаар нөлөөлсөн нь ерөнхий үзүүлэлтээрээ муу гарахад бас нөлөөлсөн ажээ.
Өнөөгийн дэлхийн худалдааг ерөнхий байдлаар авч үзэхэд хоёр талын гэрээгээр зохицуулагдах байдал ноёлж байгаа нь дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлөх болно гэж АНУ-ын худалдааны төлөөлөлөгч ноён Рон Кирк хэлжээ. Тэрээр одоогийн байдлаар ийм маягийн хоёр талын гэрээг барьж худалдаа хийх хэлбэр нь АНУ болон Европт улам бүр газар авсаар байгаа гэнэ. Хоёр талт энэ гэрээний үндсэн дээр худалдааны болон тарифын нөхцөлийг бусдаас хамааралгүй зохицуулж ирэх нь тухайн бүс нутгийн болоод нийт дэлхийн худалдааны тэнцвэрийг алдагдуулахад хүргэдэг гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.
Мөн Давосын чуулганы үеэр Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Паскаль Лами ч мөн хоёр талын гэрээ хэлэлцээрээр нөхцөлөө тохирч гадаад худалдаа явуулах нь дэлхийн эдийн засагт хохирол учруулах болно гэж мэдэгдсэн аж.
Тэрээр хөгжиж байгаа болон хөгжилтэй орнуудын хооронд худалдааны үнэ болон тарифын хэмжээний асуудлаар байнга маргаан гарах болсон нь худалдааг хоёрхон талын оролцоотойгоор хийх болсноос үүдэлтэй хэмээн хэлж байна. Дэлхийн улс төрийн бодлоготнууд гадаад худалдаа өргөжих нь улс орнуудад хөгжил авчирна гэж үздэг ч үнэндээ ийм зүйл харагдахгүй байгааг Давосын чуулганд ирсэн олон мэргэжилтнүүд батлан хэлцгээж байжээ. Худалдаа нь ажлын байруудыг шинээр бий болгож үнийн өсөлттэй тэмцэхэд тус болно гэж улстөрчид ярьдаг ч өнөөгийн байдалд тийм зүйл харагдахгүй байгааг Давосын чуулганы үеэр олон эдийн засагчид онцлон дурдсан байна. Худалдаа өргөжихийн хэрээр харин ч иргэдийн дургүйцлийг хүргэхээр олон үзэгдэл бий болсоор байгаа ажээ.
Ялангуяа энэ талаар АНУ-ын иргэдийн дунд маш олон шүүмж байгаа тухай ч дэлхийн эдийн засгийн чуулган дээр олон жишээгээр онцлон дурдсан байна. Тухайлбал, АНУ-ын худалдааны байгууллагыг төлөөлж Давост ирсэн Рон Кирк, “Америкчууд өнөөдөр юу ярьж байгаа гээч. Тэд өнөөдөр iPad гэх мэт өндөр технологийг бүтээхэд ажил хөдөлмөрөө зориулахаа больж хямдхан футболка,цамц хийх ажлаар сольж байгаадаа бухимдаж байгаа” гэжээ. Үнэхээр гадаад худалдааны хоёр талт тохиролцоог үндэслэн өндөр технологийн бараа бүтээгдэхүүний өртгийг багасгах үүднээс голцуу хямд ажиллах хүчээр буюу Ази, Латин Америк зэрэг орны бага цалинтай ажилчдаар хийлгэж байгаа нь америкчуудад таалагдахгүй байгаа гэнэ.
Дэлхийн брэнд болсон, өргөн борлуулалттай бүтээгдэхүүнийг хямд ажиллах хүчээр гадаад улс орнуудад хийлгэснээр үйлдвэрлэгч компаниуд ашиг их олж байгаа ч харин тухайн улс орондоо тэр дундаа иргэдийн амьжиргаа,орлогод ямар ч тус нэмэр байхгүй байгаа талаар дэлхийн эдийн засгийн чуулганаар яригдсан байна. Ийм жишээ ганцхан АНУ-аар ч тогтохгүй өрнөдийн олонхи орнуудад байгаа бөгөөд тэдгээр орнуудын иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрээд байгааг ч мөн дурджээ. Компани хоорондын гэх зэрэг хоёр талт гэрээний иймэрхүү үр дүнгээс эдийн засгийн тэнцвэргүй байдал цаашид ч даамжирна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд тод жишээ нь АНУ ба Хятадын худалдааны тэнцвэр болж байгааг дурджээ. Өнөөдөр АНУ-ын Хятадаас импортоор оруулж ирж байгаа барааны хэмжээ Хятад улс АНУ-аас авч байгаа барааны хэмжээнээс даруй дөрөв дахин их байгааг энд дурдсан байна.
Мөн үүний зэрэгцээ улам бүр өрсөлдөх чадвар нь буурсаар байгаа Европын эдийн засаг БРИК-ийн орнууд буюу Бразил, Энэтхэг, Хятад зэрэг орнуудтай худалдааны зах зээл дээр хийж байгаа өрсөлдөөн улам бүр ширүүсч байгаа нь хөл дээрээ бат зогсохыг чармайж буй Евро-бүсийн орнуудын хувьд бас нэг том асуудал болж байгаа гэнэ. Европын холбоог төлөөлөн Давост ирсэн ноён Карл де Гют хэлэхдээ, “Хэрэв өндөр хөгжилтэй орнууд болон БРИК-ийн хооронд харилцан тохирч гэрээ хийж чаддагсан бол ямар нэг ашигтай тал бий болгож чадахсан.Даанч яг одоо бол тийм харилцааны гүүр алга байна” гэж харуусан мэдэгджээ.
Дүгнэж хэлбэл, энэ удаагийн Давосын чуулган 2008 оны хямралын дараахан болж байсан шиг маш олон сорилтыг түгшин хүлээсэн, мөн түүний зэрэгцээгээр бараг биелэгдэхээргүй мэт санагдаж байгаа зорилтуудыг авч хэлэлцсэн уулзалт болж байгаа бололтой.Мөн нөгөө талаар өнөөгийн байдлаар хямралын гол цохилтыг амсаж байгаа өндөр хөгжилтэй орнуудын түгшсэн байдлын дэргэд хөгжиж байгаа орнуудын төлөөлөл толгой дээгүүр харах болж байгаа өөрчлөлт зэрэг нь Давосийн чуулганы бас нэг онцлог зүйл гэж болохоор аж.