Хэлэлцэх асуудалтай холбоотой гэхээс илүүтэй өнгөрөгч өдрүүдэд үүсээд буй нөхцөл байдал, “Ардчилсан намынхан засгийг нь байгуулаад өгнө гэж гарцгаасан атлаа одоо бол сайд нарыг нь эсэргүүцээд байна” гэх шүүмжлэлд тайлбар хийхээр АН-ын дарга үг хэллээ. Тэрээр “Ардчилсан нам засгийг нь байгуулаад өгнө гэсэн болохоос биш ийм муухай зүйлд чинь дуугүй өнгөрч дэмжинэ гэсэн үг биш. Үнэндээ засгийн газрыг сонгуулийн штаб болгох гэж байсныг чинь мэдсэнгүй. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг Тэргүүн Шадар сайд болгоно гээд оруулаад ирнэ гэж бид яаж бодох вэ. Хоёр яамны Төрийн нарийн бичгийн даргыг сайдаар томилуулахаар оруулж ирсэн байгаа нь төрийн алба нэрээр улс төрийн албан тушаалтнаа бэлтгэдэг болсныг харуулж байна. Яах вэ ингэж эсэргүүцсэний хүчинд Тэргүүн Шадар сайдын албан тушаалыг үгүй болгож, сонгуулийн штаб болох аюулаас сэрэмжилж чадлаа. Өнгөрөгч өдрүүдэд МАН-ынхан ямар их сандардаг юм бэ. Захиалгат нэвтрүүлэг бэлтгээд л… Танай нэр дэвшүүлсэн хүмүүс ямар байна гэдгийг яагаад Ардчилсан нам ярьж болдоггүй юм. Чоно борооноор гэдэг шиг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин та “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс болж улсын ажил цалгардаж байна” гэж гүтгэдгээ боль. Харин ч хоёр өдөр та нар бүтэн завхруулдаг байна ш дээ” гэж үгээ дуусгав. Ингэж үг хэлэх үеэр Л.Гүндалай “Манай намын дарга ярьж байна, чимээгүй сууцгаа” ч гэж томроод авав.
Сангийн сайдад нэр дэвшигч Д.Хаянхярваагийн эсрэг тууштай зогсож байсан хүн нь З.Энхболд байлаа. Тэрээр нэгэн хошин шогийн тоглолтоос ишлэн яриагаа эхлүүлж “Дээр үед Бооёогийн хэлсэн инээдтэй зүйл байдаг даа, “Хувиарлалт нь шог байна аа” гэж. Яг үүн шиг Д.Хаянхярваа чи яагаад заавал Сангийн сайд болох гээд байгаа юм” хэмээн шуудхан асуучхав. Мөн цааш нь “Асуулт асуухын өмнө жижигхэн түүх ярья. Д.Хаянхярвааг Засаг дарга байх үед нь төсвийн 800 сая төгрөгийг завшсан хэрэг гарсан. Олон сайдын суудал байхад заавал Сангийн сайд болох гэж зүтгэдэг нь ямар учиртайг мэдэхгүй байна. Энэ хүн чинь аймгийн төсвийг хадгалж чадаагүй байж улсын төсвийг алдчихгүй яваад байж чадахгүй” гэв. Харин Д.Хаянхярваа энэ чуулганд орж ирэхдээ зарим асуултад хариулна гэх бэлтгэлтэй байсан бололтой олон улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар “сүүлийн үеийн мэдээлэл” ярьж өөрийгөө харуулахыг оролдов. Мөн шүүмжлэлийг эерэгээр хүлээн авч буйгаа хэлээд “Би З.Энхболд гишүүний хэлсэн шүүмжийг болгоомжлох ёстой сануулга гэж хүлээн авч байна. Намайг Засаг дарга байх үед 300 гаран сая төгрөгийн хэрэг гаргаж байсан нь үнэн. Би засаг даргынхаа хувьд АТГ-т хандан шалгуулж “Үнэн мөнийг нь тогтоо” гэж үүрэг өгч байсан” хэмээн хариуллаа.
Томилогдохоор нэр дэвшсэн хүн бүрт гарч байсан нийтлэг асуулт нь “Энэ албан тушаалд тохирох хүн мөн эсэх, ерөнхий сайд өөрөө биш МАН-ын удирдах зөвлөлөөр шийдчихсэн нь ямар учиртай” гэх асуултууд байлаа. Тухайлбал гишүүн Л.Гүндалай Эрүүл мэндийн асуудал хүнд үед одоо томилогдох гээд байгаа хүн нь байгаа ч юм уу гэж шүүмжлээд утаатай нөхцөлд төрөхөд хэцүү байна шүү дээ гэж гомдоллов. “Хүн байгалиасаа төрдөг. Хүн төрөх гэдэг чинь байгалийн процесс. Энэ процессийг нь эвтэйхэн удирдаад, дэмжээд өгөх хэрэгтэй юм байгаа юм шүү дээ. Үүнд хэцүү зүйл байхгүй. Зуун жилийн өмнө хүмүүс төрж л байсан. Сая жилийн өмнө төрж л байсан байх. Гэтэл өнөөдөр яагаад хүмүүс хүндрэлгүй төрж чадахаа больчихсон юм бэ” гээд ам нь халчихсан ярьж эхлэхэд МАН-ын бүлгийн гишүүдээс “өөрөө төрөөд үзчихсэн юм шиг ярьж байна аа” гэж даапаалав. Гэвч Л.Гүндалай цааш нь үргэлжлүүлж, нэр дэвшигчийн анкетнаас асуух зүйл байна гээд “Англи хэлний мэдлэгтэй гэдэг нь юу гэсэн үг юм бэ. Англи хэлээр олон улсын хуралд чөлөөтэй илтгэл тавьж ойлголцоно гэсэн үг үү. ТОЕФЛ-ийн шалгалт гэж нэг зүйл байдаг юм. Тэрийг өгчих хэрэгтэй юм шүү дээ уг нь” хэмээгээд “үлдсэн хугацаанд энэ сайд болох гээд байгаа нөхөд чинь кофе угаад, ирсэн бичгэн дээр гарын үсэг зураад л байх юм уу” гэж асуулаа. Түүний ёжлосон асуултад ч С.Батболд мөн адил хариулт өгч ”Та нар ер нь жудагтай байх хэрэгтэй. Өөрсдөө гишүүн бас сайдтай байсан мөртлөө, одоо гишүүн хүн сайд болохгүй гэх зүйл яриад байна. Чи хүртэл надад заах гээд байх юм аа. Би хуулийн дагуу хэнийгээ, ямар байдлаар нэр дэвшүүлэх нь миний эрх” хэмээн хариулав.
Чуулган дээр Ардчилсан намын бүлгийн байр суурийг илэрхийлж байсан нь Л.Гантөмөр байсан бөгөөд “Тэргүүн шадар сайдын албыг Ерөнхий сайдтай зөвшилцүүлэхийн тулд хамтарсан гэрээний үндсэн дээр бий болгосон. Түүнээс хэн нэг хүнд юм уу, эсвэл Ардчилсан намын даргад зориулж бий болгосон мэтээр улстөржүүлэх нь утгагүй” гэх тайлбарыг хийгээд Ерөнхий сайд болоод МАН-ын гишүүдэд хандан “Тэр Н.Энхбаяр чинь, би С.Батболдыг улс төрд хөтөлж оруулсан хүн нь гэж ярьсан байна билээ. Гэтэл тэр хүнээ та нар яагаад ганцааранг нь орхисон билээ. Ямар ч асуулт асуусан “жудагтай байх хэрэгтэй” гэж хариулах юм. МАН-ынхан жудаг ярьмаар байгаа юм бол эхлээд тэр Н.Энхбаяртайгаа очиж ярь. Нэг их ах царай гаргачихаад жудаг ярьдгаа болих хэрэгтэй” гээд үгээ дуусгав.
Энэ хуралдаан дээрх маргаан зөвхөн хоёр намын хооронд байгаагүй бөгөөд намын гишүүдийн дотор ч жижиг “хэрүүл” болж байв. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэх хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай дуугүй байсангүй, эрүүл мэндийн сайд байсан хүнийхээ хувьд нэр дэвшигчид хандан хатуухан шүүмжээр сургааль айлдав. Харин үүнд нь Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өмөөрч “Н.Хүрэлбаатар бол салбараа сайн мэдэх хүн. Цаашид юу хийхээ ч мэдэж байгаа. Өнгөрсөн 3.6 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн хожим гарна, үүнд би итгэлтэй байна. Харин энэ эрчийг сулруулахгүй ажиллах ёстой, чадна гэдэгт ч итгэж байна. Гол нь зарчимч ажиллаарай. Л.Гүндалайд хандаж хэлэхэд Эрүүл мэндийн салбараас би нэр хүндтэй ирж байгаа, Л.Гүндалай чам шиг самарчихаад ирээгүй. Найман сар ажиллахдаа чи юу хийсэн юм, гэхдээ би чамтай ярихгүй. Хамтарсан Засгийн газарт ажилласан энэ 3.6 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар өөр болсон. 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг очоод үзээрэй, 2008 оныхоос өөр болсон шүү” гэж хамгаалж байв.
Энэ өдөр Л.Гүндалайгаас ч дутахааргүй сөргөлдөгч нь Н.Батбаяр байсан бөгөөд ЗТБАБ-ын сайдад нэр дэвшигч Ц.Дашдоржийн асуудлыг хэлэлцэх үеэр С.Батболдод хандан “Таныг ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ? Таван толгойг “MCS”-д өгөхдөө зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?” гэж асуух нь тэр. Үүний хариуд ерөнхий сайд С.Батболд “Эхлээд та өөрийгөө засах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн юм билээ. Би өөрийгөө засаад өрхөө засчихсан. Одоо төрөө засах ажлыг үүнээс ч илүү хийж чадна гэж бодож байна. Таван толгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй. Хариуцаж байгаа хүн нь би. Харин та байсан бол чадахгүй гамшиг болгоно. Ийм зохимжгүй юм ярихаа боль” гэлээ. Асуулт тавьсан гишүүн “Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг. Та их сандарч байна. “МCS”-д Таван толгойг зарсан юм уу, бэлэглэсэн юм уу? гэж дахин асуув. Ерөнхий сайд ч мөчөөгөө өгөлгүй “Та үгээрээ хүн доромжлохгүй шүү. Миний хувийн асуудлыг сонирхож байгаа бол надад Монгол улсын хууль зөрчсөн асуудал байхгүй. Өнөөдөр гишүүнийг томилох асуудал ярьж байхад би чамд тайлан тавих хэрэгтэй юу?” гэж дуугаа өндөрсгөхөд хурлын дарга дараагийн хүний микропоныг асааснаар маргаан намжив.
ЗТБХБ-ын сайдад хэн нэр дэвших нь биш, өмнө энэ салбарт хэрэгжихээр сууриа тавьсан ажлууд үргэлжилж, үр дүнгээ үзүүлж чадах эсэх нь гишүүдийн сонирхож буй зүйл байв. Гишүүдийн нийтлэг асуултууд нь “Улаанбаатар хотын хэмжээнд утаа гамшиг тарьсан хэвээр байна. Утаанаас салах ганц арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймээс ард олныгоо хөнгөлөлттэй зээлээр, улсаас тал мөнгийг ч болов төлөөд 200 мянган өрхийг орон сууцтай болгож чадах уу. Ийм нөхцөл байдлыг бий болгоод үлдээж чадах уу. Хот төлөвлөлтийг өөрчлөх боломж байна уу” гэх зэрэг байв. Түүнчлэн Ц.Дашдоржийг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гээд ажлаа цалгардуулахгүй байхыг хүсч Таван толгойн бүтээн байгуулалт, олон улсын нисэх буудал, эмнэлэг, хотын төвийн зам, 100 мянган айлын орон сууцанд анхаарлаа хандуулахыг хүсч байв. Нэр дэвшигчийн энэ талаар хариулсан тайлбар гишүүдэд таалагдсан бололтой тул шүүмжлэх хүн төдийлэн гараагүй юм. Тэрээр “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газраас олон тогтоол батлагдсан. Нийт 75 мянган өрхийг орон сууцаар хангах боломж харагдаж байгаа. Гол нь иргэдийг орон сууцжуулахын тулд төр дэд бүтцийг бий болгох, иргэдээ мөнгөжүүлэх ёстой. Нөгөөтэйгүүр, орон сууцны өсөөд байгаа үнийн хөөрөгдлийг авч үзэх. Барилга барих гол түүхий эд болсон цемент арматурынхаа 65-70 хувийг импортоор оруулж ирж байгааг дотоодоосоо хангадаг болох хэрэгтэй. Ингэсэн цагт орон сууцны үнэ ханш хөөрөгдөхгүй байх боломж бололцоо бас харагдаж байна” гэсэн юм.