Улстөрчид Монголбанкийг яагаад онилов

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Улстөрчид Монголбанкийг яагаад онилов

Улс төрийн тогтворгүй бай­далтай зэрэгцсэн үнийн өсөл­төөс туйлдаж бухимдсан иргэд айдастай хэвээр байна. Өнөөдөр магадгүй хүн бүр шатахууны үнэ дахиад өсөх вий, валютын ханш савлах вий гэж айж түгшсэн хэвээр байгаа байх, Засгийн газраа шинээр товхниулсан улстөрчдийг эс тооцвол. Тэгвэл айдсыг хэн үргээх ёстой вэ? Үнэхээр зах зээлд тогтворгүй байдал үүсээд айдсыг үргээх аргагүй байгаа бол өнөөдөр нөхцөл байдалд тохируулан ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдгийг иргэдэд энгийн ойлгомжтойгоор тайл­бар­лан, зохих арга хэмжээг авах нь хууль тогтоогчдын ч, гүйцэт­гэх засаглалынхны ч, төв банкныхнын ч үндсэн үүрэг нь. Харамсалтай нь, өнөөдөр нэг хэсэг нь үнийн өсөлт, иргэдийн эгдүүцэл, бухимдал дээр улс төрийн тоглолтоо хийх гэсэн  авир илт харагдаад байх шиг. Өөрөөр хэлбэл, үнийн хөөрөгдлийн шалтгаан нь юу байсныг олж харахаасаа илүү, шалтаг гарган хэн нэгнийг буруут­гах шилдэг мөрдөгчийн дүр тоглох нь сонирхолтой, бас ашигтай байгаа бололтой. “Иймэрхүү зорилго”-той бай­гаа хэсгийнхэнд PR-ийнх нь хам­гийн хурц шийдэл нь хэн нэгэн буруутныг олж гэсгээн цээрлүүлэх. Тиймдээ ч өнөөдөр эрх баригчид үнийн өсөлтийн буруутныг эрж хайх аянд мордоод байна.  Энд мэдээж хэрэг нефть импортлогчид хийгээд, ченжүүдийг буруутган шоглож болно. Гэвч хүссэн ч эс хүссэн ч тэдэнд хуучны социализмын аргаар арга хэмжээ авч, хааж боож, хориглож чадахгүй нь тодор­хой. Тиймээс өнөөдөр за­рим нэг хүний үзэж байгаагаар валютын ханшийг тогтвортой барьж чадаагүй Монголбанк, бүр онцолж хэлбэл төв банкны ерөн­хийлөгч Д.Пүрэвдорж болж байх шиг.

Зах зээл гэдэг өөрийн хууль­тай. Түүнийг хүчээр зохицуулах гэж оролдсон оролдлогууд тус болохоосоо ус болдог гашуун туршлага бидэнд бий. Тиймдээ ч гаднаас нь харахад хэтэрхий хатуу гэмээр Монголбанкны мөнгөний бодлого өнөөдөр шалан дээр уначихсан байх асан инфляцийг харьцангуй бага хэмжээнд барьж чадсан гэж олон улсын байгууллагын шинжээч, зөвлөхүүд олонтаа хэлж байсан. Тэр тусмаа нэг гараараа халамжийн хэтийдсэн, хавтгайрсан өгөөш хаясан Засгийн газар нөгөө гараараа Монголбанкийг инфляцийг нэг оронтой тоонд барьж байх үлгэрийн гэмээр төлөвлөгөөг тулгасаар ирсэн билээ. Харин одоо тэд юуг хүсч байна вэ? Хуучны социализмын аргаар инфляци, валютын ханшийг хатуу гараар барьж байхыг хараат бус ажиллагаатай байж, мөнгөний бодлогыг тодорхойлж байх ёстой Төв банкинд тулгах гээд байгаа юм уу. Тэгвэл дэлхийн эдийн засаг хямарсан 2008 онд ямар үйл явдал болж байсныг санахад илүүдэхгүй биз. Тухайн үед валютын ханшийг харьцангуй хатуу гараар барьж байсан Монголбанкийг “харааж загнаж” л байсан. Улстөрчдийн хүсч байснаар төвбанк их хэмжээний валют зах зээлд нийлүүлж, газарт унах байсан ханш хийгээд улстөрчид, эрх баригчдын нэр хүндийг аварч гарах байв. Гэхдээ энэ нь эргээд зах зээлийн үндэс суурийг хямрааж болохыг тухайн үед нь сануулж л байсан. Тухайн үед хэдийгээр төв банк ам.долларын ханшийг савлуулсан буруутнаар тодорч баахан баалуулсан ч төгрөгийн ханшийг хатуу барьж байсан зохицуулалтаа уян хатан болгосноор өнөөдөр хямрал дахин нүүрлэсэн ч уян хатан зохицуулалтаар харьцангуй сайн хуяг, хамгаалалттай болсон гэж олон улсын байгууллагынхан сайшаадаг. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Олон улсын валютын сангийн Вашингтон дахь Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч бөгөөд Ази Номхон далайн газрын хэлтсийн дарга Стивен Барнет өнөөгийн Монголбанкны бодлогыг буюу зах зээлийн хэмнэл богино хугацаанд түр алдагдсан үед интервенц хийх нь зөв гэдгийг манай сонинд өгсөн ярилцлагадаа онцгойлон хэлсэн билээ. Харин ханшийн уналт юм уу чангарлыг сөрөх зорилгоор интервенц хийх нь эргээд зах зээлээ хямраах эрсдэлтэйг тэрбээр анхааруулж байгаа аж. 

Зах зээлийнхээ ханшаар зохицуулагдсаар ирсэн ам.долларын ханшийн өсөлт бууралтыг үнэндээ хүчээр зохицуулбал эдийн засагт нүүрлээд байгаа үнийн дарамтыг хязгаарлах биш хөшүүрэгдсэн арга болно гэдгийг Монголны мэргэжлийнхэн, эдийн засагчид, банк санхүүгийнхан ч сануулсаар л байгаа.

Гэтэл сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд улстөрчдөд илүү хурц шийдэлтэй PR хэрэгтэй байгаа бололтой. Магадгүй эдийн засгийн талаар төдийлөн ойлголтгүй интервенц гэж юу хэлээд байгааг ч ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй байгаа улстөрчдөд хамгийн амархан шийдэл нь “үгэнд” нь ордоггүй Монголбанкны ерөнхийлөгчийг шийтгэх л болов уу? Хэрвээ Л.Пүрэвдоржийг хэн нэгнээр солилоо гээд  үнийн дарамт арилж, шатахууны үнэ буурч, хэд дахин өсчихөөд байгаа ууц, боовны үнэ буурчихдагсан бол иргэд үүнийг хоёр гараа өргөн дэмжинэ. Гэвч даанч ийм ид шид үгүй гэдгийг Долоон буудлын Долзод эмээ бид хоёр ч сайн мэддэг болсон, ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд бүдчин, тэвдчин, бас ойлгохгүй гайхашран 20 гаруй жил амьдарч байгаагийн хувьд…

Мэдээж хэрэг төв банкны бодлогод алдаатай зүйл байгаа бол түүнийг засч залруулах нь зүй. Гэхдээ улстөрчдийн элдэв тоглолт, мэргэжлийн бус хүмүүсийн тулгалт хийгээд үргэлж л сонгогчдод таалагдах гэж эдийн засгаа “алж хаячих” гээд байдаг улстөрчдийн муйхарлалаас Төв банкийг хол байлгах хуулийн зохицуулалт нь бий. Тэр ч хэрээрээ өнөөдрийн мөнгөний бодлого бэлэн мөнгөний балгалзсан шийдвэрийг балгийг баллуурдах чиглэлээ барьсаар ирсэн. Яагаад гэвэл улстөрчдийн гэнэтийн цочмог шийдвэр эдийн засагт тус болохоосоо хор болох магадлал нь их болохоор…  

Харин одоо улстөрчид Монголбанкийг хэрүүлийн бай болгож эхлэхээр онилж байгаа нь юу өгүүлэх бол? Эдийн засгийнх нь үндэс өөрөө булингартай, эрх баригчид нь мэргэжлийн бус шийдвэр гаргадаг “уламжлал”-тай өнөөгийн нөхцөлд тэд сайн шийдлийг олж чадах болов уу.

МУИС-ийн ЭЗС-ийн захирал Ц.Даваадоржийн нэгэнтээ хатуугаар хэлж байсанчлан  мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн бус шийдвэр гаргаж эдийн засгаа хорлох вий дээ.

Н.Гэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж