Тус их хуралд нийт 500 гаран төлөөлөгчид оролцсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард болсон Их хурлаас гаргасан шийдвэрүүдээ баталгаажуулж намынхаа нэр, бэлгэдэл тамга тэмдгийг өөрчилсөн байна.
Ингээд өмнө нь шийдэж байсан хувилбар болох Иргэний зориг Ногоон нам гэсэн нэртэй болов. Мөн тамга, тэмдгээ өөрчилж ногоон өнгө голлосон шонхор шувууны дүрс бүхий тугтай байхаар шийдвэрлэлээ.
Хуралдааны үеэр намын бэлгэдэл, далбааны талаар багагүй хэлэлцүүлэг өрнөж нэрний өөрчлөлтийг сонгуулийн өмнө хийх нь сөрөг үр дагавар гарч болохыг зарим гишүүдээс анхааруулж “МНН-ынхан үнэхээр сэтгэл зүрхээрээ нэгдэж байгаа юм чинь “Иргэний Зориг” гэдэг дээр “Ногоон нам” гэж өөрчлөхөө сонгуулийн дараа хийвэл яасан юм” гэж байв.
Өмнөх Их хурлын хүндтэй зочин нь З.Алтай гишүүн байж тус намуудын нэгдлийг дэмжиж буйгаа илэрхийлж байсны адил энэ удаагийн их хурал ч мөн нэгэн хүндтэй зочинтой байв. Тэр нь МҮЭ-ийн дарга Ц.Ганбаатар байв. Тэрээр “МҮЭХ-ны даргын хувьд аль ч намын гишүүн байж болохгүй хууль дүрэмтэй. Гэхдээ дэмждэг, талархдаг намууд миний хувьд байдаг. Үүнээс ИЗН болоод Ногоон нам бол миний хамгийн их талархаж дэмждэг нам учраас энэ хуралд нь ирж оролцож байгаа юм” хэмээн хуралд оролцогчдод амжилт хүслээ.
Иргэний Зориг-Ногоон намын гишүүд өөрчлөлтийг өөрийн намаасаа эхэлье гэх санаачлага гаргаснаа хурал дээр хуваалцаж байсан ба намдаа эцэг бодлогоос илүү боломж олгох либераль үзлийг гол үндэс болгох санал олонхийн дэмжлэг авч байв.
Мөн намын удирдлагын хувьд улс төрийн шинэ намын жишиг гаргахыг олонхиор дэмжиж С.Оюун, Д.Энхбат, С.Дэмбэрэл нарыг намын даргаар сонгов. Ингэснээр намын удирдлага зөвхөн нэг хүний саналаар бус хамтын хүчээр шийдвэр гаргадаг тогтолцоог анх удаа бий болгосон байна.