Хурд, хүчний илэрхийлэл

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Хурд, хүчний илэрхийлэл

Энэ сарын 21-нд Габон болон Экваторын Гвиней улсад зэрэг нээлтээ хийсэн “Африкийн цом”-ын төлөөх хөлбөмбөгийн тэмцээн, Европийн томоохон хөлбөмбөгийн лигүүдийн “сүүдэр дор”  “чимээгүйхэн” үргэлжилж байна. Хурд, хүч, хөлбөмбөгийн гайхалтай техникийн илэрхийлэл болдог энэ тивийн шигшээ багуудын хоорондын тоглолтууд “гал гарсан”, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэм сайхан тоглолтоороо үргэлжилсээр байна. Энэхүү тэмцээнд Африкийн шилдэг 16 шигшээ баг оролцдог бөгөөд өчигдрийн байдлаар багууд хэсэгтээ хоёр тоглолт хийгээд байна. Энэ удаагийн “Африкийн цом”-ын тэмцээн Ливийн шигшээ баг Муммар Каддафийн дарангуйллаас гарсныхаа дараа анх удаа томоохон тэмцээнд оролцож байгаа, Африк тивийн хүчтэй шигшээ багууд болох Камерун, Өмнөд Африк зэрэг улс оролцоогүй зэргээрээ онцлогтой. Хоёрдугаар тойргийн 32 тоглолтод 45 гоол орсон байна. Хамгийн олон гоолтой тоглолт Гвиней, Ботсванын хооронд болсон бөгөөд тухайн тоглолт 6:1-ийн харьцаатай Гвиней хожжээ. Мэргэн буучийн жагсаалтыг Анголын Манушо, Мороккогийн Хуссин Харжа нар гурван гоолтойгоор тэргүүлж байна.

Харин “Африкийн цом”-ын тэмцээнийг хамгийн ихээр сонирхож буй хүмүүсээр Европийн баян хөлбөмбөгийн багуудын төлөөлөгчид тодорчээ. Тэд энэ тэмцээнээр нээлт болон гарч ирсэн болон ирээдүйтэй залуу тамирчдыг “ангуучлахаар” ирсэн нь ойлгомжтой.   

Ингээд хоёр тойргийн дараах байдлаар:

А хэсэг

Энэ хэсэгт зохион байгуулагч Экваторын Гвиней болон Замбия, Ливи, Сенегалын шигшээ багууд багтсан. Экваторын шигшээ баг эхний тоглолтоо Ливитэй хийж 1:0-ийн харьцаатай хожсон бол дараагийн тоглолтоо Сенегалын шигшээ багтаа хийж, шүүгчийн мэдлийн 94 дэх минутад Килигийн оруулсан гоолоор буулган авч, хэсэгтээ тэнцээ, хожигдолгүй ганцаар тэргүүлж байна. Энэ гоолын “гайгаар” 2002 оны ДАШТ-нээс Францын шигшээ багийг хасч шуугиан тарьж байсан Сенегал тэмцээнийг орхих нь ойлгомжтой болсон. Энэ хэсгийн хоёрдугаар байрт Сенегалыг хожиж, Ливитэй тэнцэж, дөрвөн оноотой болсон Замбийн шигшээ баг бичигдэж байна. Тэд сүүлийн тойрогтоо хэсгийг тэргүүлэгч Екваторын Гвинейтэй тоглож, хожигдоогүй тохиолдолд шөвгийн наймд шалгарна.

B хэсэг

Дидье Дрогбагаар удирдуулсан “Зааны ясан эрэг” буюу Кот д’Иворе улс энэ хэсгийг зургаан оноотой тэргүүлж байна. “Зааны ясан эрэг”-ийн хувьд энэ удаагийн “Африкийн цом”-ын тэмцээнд түрүүлэх магадлал хамгийн өндөртэй багт тооцогдож байгаа юм. Учир нь Дрогбагаас гадна 2011 оны Африкийн шилдэг хөлбөмбөгч Яаяа Туре, түүний ах Коло Туре, “Арсенал”-ын Жервиньо, “Челси”-гийн Саломон Калу гэдэг шилдэг тоглогчид шигшээ багтаа дуудагдсан юм. Тэд хэсгийн эхний тоглолтоо Судантай хийж, багийн ахлагч Дрогбагийн гоолоор буулган авсан.. Харин дараагийн тойрогтоо Буркина Фасотой таарч, 2:0-ийн харьцаатай хожсон. Хэсгийн сүүлийн тоглолтоо хоёрдугаарт бичигдээд буй Анголын шигшээ багтай хийнэ.  

С хэсэг

Энэ хэсгийг “үхлийн хэсэг” гэж нэрлэж байлаа. Учир нь С хэсгийн багууд чансаагаараа ойролцоо, европ болон гадны лигт тоглодог хөлбөмбөгч цөөтэй байсан юм. Харин хоёр тойргийн дараах байдлаар энэ хэсгийг зохион байгуулагч Габоны шигшээ баг Нигери болон Морокког хожсоноор, мөн дээрх хоёр багийг хожсон Тунисийн шигшээ баг адил зургаан оноотой тэргүүлж байна. Габон, Тунисийн аль хожсон нь хэсгээ тэргүүлнэ. Тэнцсэн тохиолдолд Габон тэргүүлнэ. Харин Морокко, Нигерийн шигшээ багууд нэр төрийн төлөө тоглох учиртай.

D хэсэг

Энэ хэсгийг 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд шуугиан тарьж байсан Ганын шигшээ баг хоёр хожилтой тэргүүлж байна. Тэд Малийг 2:0,Ботсваныг 1:0-ийн харьцаатай хожсон. Харин Ганын шигшээ багийн ард Малийн шигшээ баг Гвинейг хожиж, Гвиней Ботсванынг хожиж, гурван оноо авснаар бичигдэж байна. Энэ хэсэг сүүлийн тойргоос шалтгаалах болоод байна. Сүүлийн тойрогт Ботсвана Малитай, Гана Гвинейтэй учраа таарсан.    

“Африкийн цом”-ын тэмцээний хэсгийн тоглолтууд хоёрдугаар сарын 1-нд өндөрлөж, хэсгээсээ шалгарсан багууд 4-нөөс эхлэн, хасагдах шатанд өрсөлдөнө. Харин тэмцээний шигшээ тоглолт хоёрдугаар сарын 12-нд 20:00 цагт /Улаанбаатарын цагаар/ болно. 
 

Б.Билэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж