М.Батчимэг: Долоо хоногт гурван хүн хавдраар нас барсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

М.Батчимэг: Долоо хоногт гурван хүн хавдраар нас барсан нь үнэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын байдал, тус суманд гарсан хордлогын талаар нийгэмд төрөөд буй хоёрдмол ойлголтыг цэгцлэх чиглэлээр ярилцлаа. 


-Хонгор сум хордсон, хордоогүй гэсэн зөрүүтэй ойлголт сүүлийн үед иргэдийг төөрөгдүүлэх боллоо. Үүний аль нь бодитой вэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хонгор хордсон уу, үгүй юү гэдэг тухай яриа байхгүй ээ. Хонгор хордсон нь үнэн. Тухайн үедээ Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр үүнийг хүлээн зөвшөөрч “Хонгор сум хордсон. Юу үнэн, тэр үнэн” гэж хэлж Хонгорынхноос уучлалт гуйж байсан. Тухайн үед алба хашиж байсан бүх сайд нар Хонгорын хордлогын талаар, ноцтой нөхцөл байдал үүссэн талаар ярьсан байдаг. Олон хүн хорт хавдраар өвчилж, бие дээгүүр тууралт гарч, гажигтай хүүхэд, малын төл олноор төрсөн байдаг. Тиймээс Хонгор хордсон нь нэг дэх үнэн. Хоёр дахь үнэн гэвэл тэр хордлогоос болж маш олон хүн эрүүл мэндээрээ хохирч, зовж, зүдэрч, нас барсан, амь нас, эрүүл мэнд, эдийн засгаараа хохирсон ч төрөөс иргэдээ харж үзэж хохирлыг нь барагдуулах ажил хийгээгүй нь үнэн.

Харин өнөөдөр хортой байна уу, үгүй юү гэдэг бол дараагийн яриа. Яг өнөөдөр үүнийг Засгийн газар анхааралдаа авч, хүмүүст эргэлзээ төрүүлэх аргагүй болтол шалгаж тогтоогоод “Хонгорт амьдрахад аюулгүй” гэдэг албан ёсны баталгааг гаргаж өгөх ёстой. Цианит натри байна уу, мөнгөн усны үлдэгдэл байна уу, үзэх хэрэгтэй.  Хүнцэл их байгаа гэж мэргэжлийн хүмүүс ярьдаг. Харамсалтай нь өнөөдөр эрх мэдэлтнүүд хариуцлагаас мултрах сонирхол нь дийлчихээд хордоогүй гээд нүдээ аниад явахыг хичээгээд байгаа болохоос биш бодит нөхцөл байдлыг тогтоохыг хүсэхгүй байна.

-Ерөнхий сайд, МАН-аас сайдад нэр дэвшигчидтэй Монгол Улсын Ерөнхийлөгч  уулзахдаа “Хонгорт долоо хоногт хоёроос гурван хүн нас барж байна” гэж хэлснийг Хонгорын удирдлага, зарим иргэн үгүйсгэж байгаа. Үүний аль нь үнэн бэ?

– Ерөнхийлөгч “Хонгорт долоо хоногт хоёроос гурван хүн нас барчихаж байна” гэж хэлсэн. Ерөнхийлөгч бодитой болсон зүйлийг хэлсэн. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим Боловсрол суваг телевизтэй хамтарч “Би иргэн” нэвтрүүлэг явуулдаг. 2011 оны арваннэгдүгээр сарын 30-ны дугаарт Хонгор сумын иргэд оролцсон. Дандаа гэр бүлээсээ хорт хавдраар хүн алдсан, өөрсдөө өвчин зовлонд шаналж байгаа хүмүүс байсан. Нэвтрүүлэг гарсны дараахан, тухайлбал, арванхоёрдугаар сарын 5-12-ны хооронд тэр нэвтрүүлэгт ирж оролцсон хоёр хүн, мөн сэтгүүлч очиж ярилцлага авч байсан нэг хүн, нийт гурван хүн нэг долоо хоногийн дотор нас барсан. Иргэн Цэрэндорж, Цэрэндагва, Бямбаа гэсэн гурван хүн хорт хавдраар ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Нэг хүн бүтэн биеэр нь хавдар тархсан, нөгөө хоёр нь түрүү булчирхайн хавдраар нас барсан гэдгийг иргэний танхимын нэвтрүүлэгт оролцсон нутгийн иргэд нотолж байгаа. Ерөнхийлөгч үүнийг жишээ болгож хэлснийг “долоо хоног болгон гурван хүн нас барж байна гэсэн” гэж гуйвуулсан мэдээлэл цацаж байна.

Монголчууд бурхан болсон хүнийхээ ясыг өндөлзүүлэхгүйг хичээдэг. Гэхдээ үүнийг нас барсан иргэдийн амь насыг үнэгүйдүүлж хайхрахгүй орхих, хордсон, хохирсныг нь үгүйсгэх шалтгаан болгох ёсгүй. Хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэтэй. Иймээс үнэн мөнийг нь олж тогтоох, ядаж л сэтгэл санаагаар хохирсон ар гэр, үр хүүхдэд нь нөхөн олговор олгох асуудал яригдах л ёстой. 

-УИХ-ын сонгууль дөхөж байгаа учраас Хонгороор улс төр хийгээд эхэллээ гэсэн яриа бас гарч байна л даа?

-Хонгорын хордлого өөрөө цаг хугацааны хувьд 2008 оны сонгуулийн өмнө таарсан. Энэ удаад Ерөнхийлөгчийг сонгуульд зориулж асуудлыг сөхлөө гэж байгаа хүмүүст хариуцлагатайгаар хэлье. Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгууль угтаж Хонгорын асуудлыг улс төр болгох ёс зүй ч, шалтгаан ч байхгүй.

2011 оны аравдугаар сард Хонгорын 300 гаруй иргэн гарын үсэг зурсан өргөдөл Ерөнхийлөгчид ирсэн. “Засгийн газар, МХЕГ, Эрүүл мэндийн байгууллага, шүүх гээд яваагүй газар бидэнд үлдсэнгүй. Бүх тамир тэнхээгээ барлаа. Одоо Ерөнхийлөгч танд хандахаас өөр арга үлдсэнгүй” гэсэн өргөдөл. Гэнэт хорт хавдар тусч, гэр бүлээрээ сүйрэлд орж байгаа тухай, хүнд өвчинд нэрвэгдэж эмчилгээний зардалгүй туйлдаж байгаа нэртэй устай, баримттай өргөдлүүд байсан. Үүнтэй холбоотойгоор хүний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхийн хувьд би Хонгорын нөхцөл байдлыг судалж үзсэн.
Өнгөрсөн хугацаанд Хонгорын байдал хэвийн болсон юм шиг, хор саармагжсан ч юм шиг ойлголт түгээмэл байсан. Бодит байдлыг судалж үзээд Хонгорын өнөөгийн байгаа байдлыг харуулсан телевизийн нэвтрүүлэг хийсэн.  Би өөрөө Засгийн газар, олны анхааралд хүргэхийн тулд нийтлэл хүртэл бичсэн. Тэгээд байхад Хонгорын удирдлага, УИХ-ын гишүүд тоогоогүй мөртлөө Д.Хаянхярваа гишүүн сайдад томилогдох асуудал хөндөгдөөд ирмэгц “Хонгор хордоогүй, Ерөнхийлөгч худлаа ярилаа” гээд бөөн сенсаац болгоод ирж байгаа юм. Тэгэхээр хэн энэ асуудалд улс төрийн ашиг сонирхлоор харж хандаад байна гэдгийг эндээс бодох хэрэгтэй.

-Хонгорын иргэдийн талаар зөрүүтэй мэдээлэл үүгээр тогтохгүй гарч байгаа. Нэг бол Хонгорын иргэдийн тоо цөөрч, олон хүн дайжиж нүүсэн гэдэг. Эсвэл харин ч Хонгорчуудын тоо өссөн гэдэг. Өссөн нь үнэн үү, цөөрсөн нь үнэн үү?

-Үнэхээр иргэдийн толгойг эргүүлэхээр олон янзын мэдээлэл гарч байгаа. Үнэн мөнийг салгаж тайлбарлахыг бодит байдлыг мэдэж байгаа Хонгорын удирдлага хүсэхгүй байна. Хонгор сумын нутаг дэвсгэр 253,3 мянган га талбайтай. Нийт сумын хэмжээнд 5856 хүн амтай гэсэн сүүлийн үеийн статистик байгаа. Хонгор сумын нутаг дэвсгэр тэр чигээрээ хордоогүй. Хонгорын нэгдүгээр баг буюу сумын төв хэсэгт хордлогын голомт байсан. Замын урд талын хэсэг ч гэж нутгийнхан ярьдаг. Энэ хэсэгт 2007 онд 2500 гаруй хүн оршин сууж байсан гэсэн тоо байдаг. Өнөөдөр энд хэдэн хүн амьдарч байна вэ гэдгийг сумын удирдлага тодорхой хэлэхгүй байгаа. Гэхдээ сумын төв гэдэг жижигхэн газар. Аль гудамжинд хэдэн айл байгааг, хэд нүүж, шинээр ирж байгааг, хэний хашаа эзэнгүй хоосон байгаа вэ гэдгийг нутгийн хүмүүс албаны статистик байсан байгаагүй мэддэг шүү дээ. Хордсон бүсэд амьдарч байгаа хүмүүс тэндээс 700 гаруй хүн нүүсэн, одоо 1700 гаруй хүн байгаа гэж ярьдаг. Хонгорын иргэд сонгуульд нэр дэвших гээгүй. Эрх мэдэл булаалдаагүй. Зовсон иргэд тоог улс төржүүлж тайлбарлах ямар ч шаардлага байхгүй.

Харин Хонгорын хордоогүй хэсэгт хүн ам тодорхой тоогоор өссөн гэдэг үнэн юм билээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт Хонгорын оршин суугчийн бүртгэлтэй хүмүүсийг ажилд авна гэдэг, хүмүүс ажлын байр дагаж тэнд очиж суурьшиж байгаа гэдгийг нутгийн захын хүн хэлээд өгнө. Хонгорт оршин суугчдын тоог нэмэгдүүлж харагдуулах сонирхол мэдээж эрх баригчдад нь байгаа.

-Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа УИХ дээр Хонгорт хорт хавдрын өвчлөлт, нас баралт улсын дунджаас бага байгаа гэж мэдэгдсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-Засгийн газар статистикаа яаж гаргаад агуулгыг нь яаж тайлбарлаад байгааг ойлгоход хэцүү. Эдийн засгийн 20 хувийн өсөлттэй гээд яриад байдаг. Ард түмэн улам ядуураад байдаг. Үүнтэй яг адилхан юм яриад байгаа. Улсын дундаж гэдгээ яаж гаргаад байгаа юм бэ. Хорт хавдрын өвчлөлийн дундаж гэдгээ яаж тооцоод байгаа юм бэ. Уул уурхайн олборлолт, ашиглалт, үйл ажиллагаа нэмэгдсэн нутгуудад амьдрах орчин бохирдож, өвчлөл нэмэгдэж байгаа. Уул уурхайгүй, байгаль нь харьцангуй цэврээрээ байгаа газруудад өөр. Үүнийг хавтгайд нь дунджилчихаад гайтай гайгүй гээд яриад байгаа нь зөв аргачлал уу үгүй юу гэдгээ тайлбарлах ёстой. Хоёрдугаарт, тэр дундаж гэдгээ Хонгорын нийт иргэд 5000 гаруй хүнээсээ яриад байх шиг байгаа юм. Гэтэл хордлогын голомт дахь мянга гаруй хүнээс өнгөрсөн хугацаанд 60 гаруй нь нас барчихсан байгаа. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар хорт хавдраар, гэнэт цус харвалтаар хүмүүс нас бараад байгаа. Бүх биеэр нь тууралт гардаг, 60  гаруй эх зулбаж, 10 гаруй гажигтай төрөлт тоологдсон гэж байгаа. Энэ жижигхэн сууринд хүмүүс ингэж өвчилж байгаа нь улсын дундаж, байж болох үзүүлэлт үү гэдгийг Эрүүл мэндийн сайдаас асуух ёстой.

Ганц нэгхэн жишээ хэлье. Охиноо, ээжийгээ хорт хавдраар алдаад одоо нөхөртэйгээ хоёулаа онош нь мэдэгдэхгүй өвчнөөр зовж байгаа н.Мөнхтогос гэж эмэгтэй байна. Бие давхар байхдаа хавдартай эцгийгээ сахиж байсан эмэгтэйгээс судасны хорт хавдартай хүүхэд төрсөн гэж байна. Ингэж нэг гэр бүлд хоёр гуравхан жилийн дотор хэд хэдээрээ хорт хавдраар өвчилж байгаа нь улсын дундаж, хэвийн тоо болчихсон юмуу гэдгийг асууя. Хэрэв улс даяараа ийм болчихсон юм бол Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам ер нь юуны төлөө оршиж байгаа юм бэ гэж асууя. Цаашдаа яах ёстой юм бэ гэж асууя.

-Олон улсын байгууллагын мэргэжилтнүүд Хонгорт очоод хоргүй гэсэн дүгнэлт гаргаад хэдэн жил болж байна. ЭМЯ энэ дүгнэлтийг бариад хоргүй гэсэн асуудал гаргаж ирж байгаа юу?

-ЭМЯ-ныхан олон улсын шинжээчид тэгж дүгнэсэн гэдэг. Нэг ноцтой асуулт бол Монгол Улсад өөрийн толгой, өөрийн засаг, төр байна уу. Гаднынхан нэг юм хэлээд асуудал шийдэгдчихдэг болсон юмуу гэж асуумаар байдаг. Хордлогоор мэргэшсэн манай эмч нар олон эргэлзээтэй зүйл хэлдэг. Нэгд, олон улсын шинжээчид нь мөнгөн усны хордлого байсан уу, үгүй юү гэдгийг шалгасан гэдэг. Гэтэл Хонгорт цианит натри ихээр алдагдсан байтал ирсэн мэргэжилтнүүд дотор нь цианит натрийн хордлого мэдэх хүн байгаагүй гэдгийг хамт ажилласан монгол эмч барин тавин хэлдэг. Олон улсын багийнхан “Одоогоор мөнгөн усны хордлого илрээгүй байна. Өөр хүнд металлын хордлого байх вий, судлаарай” гэж хэлээд явсан байдаг. Гэтэл манайхан “Мөнгөн усны хордлого байхгүй байна” гэсэн үгийг нь ашиглаад яриад явчихсан. Эргэлзээтэй зүйл их байгаа биз.

Нэг зүйлийг онцлоход Хонгорыг хордуулсан цианит натри гэдэг  бодис хүний биед тодорхой хугацаанд байж байгаад ууршаад гараад явчихдаг. Хөрс, усанд байж байгаад мөн ууршаад гарчихдаг юм байна. Өнөөдөр Хонгорын хөрснөөс, хүний биеэс тэр бодис илрэхгүй байж болно. Гэхдээ нэгэнт хүний биед ороод хордуулчихсан бол жил ирэх тусам хордлого нь илрээд, элдэв хавдраар өвчлүүлж, үр удамд нь хүртэл нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

-Ингэж хохирч байгаа талаараа иргэд шүүхэд хандсан болов уу. Шүүх ямар хариу өгдөг юм бол?

– Хонгорын иргэд өнөөдөр химийн бодисоос хордсон, дээрээс нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн өөрсдийгөө хамгаалах гэсэн увайгүй үйлдэл, энгийн ядарсан иргэдэд үзүүлж буй сэтгэл зүйн дарамт гээд маш олон дарамтаас болж сэтгэл санаагаараа, эдийн засгаараа хохирсон, давхар давхар хордлогод орсон гэдгийг хэлэх хэрэгтэй.

Хонгорын иргэд шүүхээр улаа эргэтэл яваад өнөөдрийг болтол ямар ч үр дүнд хүрсэнгүй. Монголд шударга шүүх байна уу, төр, засаг хаана байна гэсэн асуултыг тэд тавьж байна. Хонгорыг хордуулсан гол хэргийн эзэн бол тухайн үед Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.Батнаран, ИТХ-ын дарга байсан С.Энхболд зэрэг хүмүүс байдаг. Тэд “Мич” компанид, гадны иргэдэд Хонгорыг хордуулах боломж бүрдүүлж өгсөн. Тухайн үед шүүхээр асуудлыг таслан шийдвэрлэж буруутай хүмүүст ял оноосон. Гэтэл гол буруутан болох Б.Батнаран, С.Энхболд нарыг тухайн үед Эрүүгийн хуулиас гэнэт алга болсон 272 дугаар зүйл анги гэдгээр буруутгасан ч тэр зүйл заалт нь алга болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт шүүхээс гаргасан байгаа юм. “Хэрэг бүрдэлт хангалттай биш байна, шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэсэн Хонгорын 236 иргэнийн гарын үсэгтэй өргөдлийг шүүх бүрэлдэхүүн хайхралгүйгээр хэргийг яаран шийдсэн байдаг. 

Өнөөдрийг болтол эдгээр иргэд нас бараад, эрүүл мэндээрээ хохироод байдаг. Цаана нь байгаа эдийн засгийн хохирлыг энд ярихгүй байгаа шүү дээ. Олон хүн мал, аж ахуйгаараа хохироод ядуусын эгнээнд орчихоод явж байгаа. Хохирлоо нөхөн төлүүлсэн хүн байхгүй. Яагаад гэхээр шинжээчдийн дүгнэлт гарч байж шүүхэд нотлох баримт болдог. Гэтэл шинжээчид хохирлыг нь нотолж өгдөггүй. Эмч нар арьсны тууралтыг хамуу байна гэдэг. Хорт хавдрыг хордлоготой холбоотой гэж нотолж өгдөггүй.

– Уул уурхай хөгжихийн хэрээр Монголд олон “Хонгор” бий болох аюул тулгарсан. Баянхонгор, Өмнөговь зэрэг аймагт байдал хүндэрч байгаа талаар мэдээлэл их ирдэг шүү дээ?

-Баянхонгор, Өмнөговь аймаг гэхчлэн уул уурхайн ашиглалт идэвхжсэн олон газарт аймшигтай тоо баримтууд сонсогдох болсон. Наад захын жишээ гэхэд “Өмнөговьд сүүлийн жилүүдэд маш олон гажигтай хүүхэд төрсөн. Тэгээд нас бараад дууссан. Мөнгөн усанд хордсон байж магадгүй, хүнцлээр хордсон юм шиг байна. Цианит натри, мөнгөн ус их хэмжээгээр тархсан байна. Монгол Улсын 36 суманд тархжээ” гэсэн мэдээллүүд хэвлэлээр нэг гарч байгаа. Эмч нар, хүний эрхийнхэн бас ярьж байна. Агаарын бохирдолтой холбоотойгоор маш их гажигтай хүүхэд төрж байна. Ураг хэвлийдээ их эндэж байна гэж.

-Гурван жирэмсний нэгийн ураг амьгүй болдог гэж байсан?

-Тийм. Үүнд эхчүүд их гомдол гаргаж байгаа. Харамсалтай нь үүн дээр шинжээчийн дүгнэлт гарахгүй, хохирсон эцэг эхчүүдийн хохирлыг хэн ч авч хэлэлцэхгүй байна. “Судалж, дүгнэж өгөөч” гэж Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, бусад газарт хандахаар дээрээс нь “Та нар энэ талаар мэдээлэл өгч болохгүй шүү” гээд даруулчихдаг гэж өмгөөлөгчид хэлж байна. Ганц Хонгор бүү хэл уул уурхайтай Монголын аймгууд, Улаанбаатар хотод ч ноцтой аюул бий болсон. Уул уурхайн хордлого, агаарын бохирдлоос гадна иргэдийн зовлонг хайхрахгүй, сонсохгүй, хохирлыг барагдуулахгүй, хүний үнэ цэнийг үгүйсгэдэг эрх мэдэлтнүүд, төрийн чадавхигүйгээс үүдэлтэй хор хохирол давхар нүүрлэж байна. Иймээс Хонгорын асуудал бол зөвхөн Хонгорын асуудал биш. Иргэд ямар баталгаагүй орчинд амьдарч байгаа нь, Монголын төр засаг, шүүх ядарсан иргэддээ яаж хандаж байгаа нь бүхэлдээ Монголын асуудал  шүү дээ. Иргэн бүрд хамаатай, хэзээ ч хэнд ч тохиолдож магадгүй болсон асуудал.

-Хонгорын орон нутгийн өнөөгийн удирдлага хордлогыг үгүйсгэсэн байр суурь илэрхийлж байгаа нь ямар шалтгаантай юм бэ?

-Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд өөрсдийгөө хамгаалахыг л хичээж байна. Сумын өмнөх удирдлагууд шүүхээр буруутай нь тогтоогдсон. Хүмүүс хордсон, хохирсон байхад гэмт этгээдүүдийг хаацайлаад “хордоогүй” гээд байгаа өнөөгийн удирдлагыг гэмт хэргийг хаацайлж байна гэж ойлгохоос өөр арга байхгүй. Сум, орон нутгийн удирдлага бол хэн нэг эрх мэдэлтэнд үйлчлээд өөрсдийгөө хаацайлаад байх биш, нутгийн иргэдэд үйлчлэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Хонгор сумын Засаг дарга, эмч, удирдлага нь өөрсдөө сумын төвдөө амьдардаггүй, Дарханд амьдраад тэндээсээ ажилдаа явдаг гэж байгаа. Хонгор хордоогүй, хордлогогүй болсон юм бол сумын Засаг дарга Н.Чүлтэмбат яагаад Хонгортоо амьдрахгүй байна вэ гэдэгт Хонгорын иргэд гайхширч байна. Тэгэхээр Засаг дарга та сумандаа, бүр хордоогүй гээд байгаа нэгдүгээр багтаа, зовж зүдэрсэн ард иргэд дундаа  амьдраач ээ гэж хэлмээр байгаа юм. Ингэсний дараа “Хонгор хордлогогүй” гэж хэлбэл хүмүүст үнэмшилтэй байх болно гэдгийг хэлье.

Бас Ерөнхийлөгч энэ асуудлыг босгож ирлээ гээд байгаа хүмүүст би нэг зүйл уриалмаар байгаа юм. Энэ асуудлаар дөрөөлж хэн нэг хүн сонгуулиар нэр хүнд олж авах вий гэж санаа зовоод байгаа бол та нар өөрсдөө энэ асуудлыг барьж хөөцөлдөөд зовсон зүдэрсэн хүмүүсийг харж үзээд, нөхцөл байдлыг үнэн бодитоор тодруулаад, шүүхээр гомдлыг нь шийдүүлээд, хохирлыг барагдуулаад өгөөч гэж хэлмээр байна. Үүнийг хөөцөлдсөн хэн нэгэн нэмэх оноо авчих гээд байгаа бол тэр нэмэх оноогоо ав. Орон нутгийн удирдлага нь, сонгогдсон УИХ-ын гишүүн нь ав. Монгол Улсын Ерөнхийлөгч лав үүнийг та нартай булаацалдахгүй. Хүмүүстээ л хүний ёсоор хандаж үз гэж хэлмээр байна.

-Хонгорын асуудалд бид үнэхээр ёс зүйтэй хандах цаг болжээ гэж бодогдож байна?

-Үнэхээр тийм. Нөгөө талаас уул уурхай, амьдрах орчны бохирдолтой холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэнд улам баталгаагүй болж байна. Хонгорын үнэн, худал, хар цагааныг ялгахгүйгээр цаашид монгол хүний үнэ цэнэ, аюулгүй байдлын тухай, Монгол Улс шударга шүүхтэй, ил тод, хариуцлагатай төртэй байх тухай, сайн сайхан амьдрах тухай ярихад хэцүү болно. Монгол Улсын нийт иргэд, сайн санаат хүмүүс, хэвлэл, мэдээллийн байгууллагуудад, хүний эрхийн хуульчдад хандаж уриалмаар, гуймаар байгаа юм. Юу вэ гэхээр, хонгорчуудын зовлон бол хэзээ ч, бидний хэнд маань ч тохиолдож болох, өнөөдөр ч тохиолдож байгаа нийтлэг зовлон шүү. Хонгорчуудад хүнлэг сэтгэлээр хандаж, тэдний асуудал шударга ёсны дагуу шийдэгдэх эсэхэд нийтээрээ санаа тавиарай л гэмээр байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж