Баянзүрх дүүрэгт байх “Sky” худалдааны төв. Тус дэлгүүрийн гадаа хөгшин нь хүүхдээ дагуулж, арай залуу нэгэн нь машин хөлөглөн ирсэн байх. Зарим хөгшчүүл нь ганцаараа, гэвч ахиухан хүнс авахаар ирснийг нь барьсан түрдэг тэрэг нь илтгэнэ. Нөөцийн мах худалдах цаг нь болоогүй ч, хоосон хоцрохоос сэрэмжлэн өглөө эртлэн ирсэн нь энэ. Хэдийгээр “Sky” худалдааны төвтэй ойрхон гэртэй ч тэр л шалтгаанаар хөгшчүүл дэлгүүр онгойхоос цагийн өмнө иржээ. “Нөөцийн махыг зарна гэсэн сургаар л зогсч байна даа. Эрт ирчихлээ гэж бодсон чинь үгүй байж. Зарим нь бараг 09 цагт ирсэн сураг дуулдана лээ. Уг нь хэдэн цагаас худалдаалж эхлэхийг нь мэдэхгүй болохоор 10 цагт ирсэн юм” гэж Баянзүрх дүүргийн иргэн, өндөр настан Г.Баатаржав ярилаа. Түүний эрт ирсэнийг батлах мэт царай нь даарч, хөхөрсөн харагдана. Гадаа 30 хэмийн хүйтэн болохоор хөгшчүүл дулаан газар бараадан “Sky” худалдааны төвийн үүдэнд орж зогсчээ. Гэвч тус худалдааны төвийн хамгаалагч тэднийг гарахыг шаардан, зандарна. Хөгшчүүл болсон хойно мөчөөгөө өгөлгүй урдаас нь үг сөрж, “Бидэн шиг ээж, аавгүй юу” гэхчилэн дулаан газар бараадан шаардлагыг үл огоорно. Гэсэн ч төд удалгүй өөрсдөө гүйлдэх шахуу хаалгаар гарч одов. Бүгд нь бушуухан гарахаар тэмүүлнэ. Хэн нэгнийхээ урд орох гэж “Sky” дэлгүүрийн жижиг үүдийг эвдэх шахам зүтгэв ээ. Нөөцийн мах ачсан машин нь иржээ.
Тус худалдааны төвийн машин зогсоолын давчуухан талбайд цагаан өнгийн жижиг ачааны машин ирэн зогсов. Энэ жижиг машинаар дүүрэн байх нөөцийн махыг хүмүүст тараах аж. Жолоочоос нь лавлавал нэг тонн 200 килограмм мах ачсан байгаа гэх. Гэхдээ энэ нь тэнд байгаа хүмүүст хүрэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс бяцхан зохицуулалтыг хийжээ. Энэ нь нэгээс илүү махыг нэг хүнд өгөхгүй байх зохицуулалт. Ингэж анхааруулахад олон хүмүүс бухимдаж, загнах зөвлөхийн хооронд үг урсгахыг яалтай ч билээ. Төд удалгүй нөөцийн махыг зарж эхлэв. Өмнө нь байсан дугаар ч алдагджээ. Хямд үнэтэй мах авах гэсэн хүмүүсийн бужигнаан дэлгүүрээс гарах, дэлгүүр рүү гарах орох машинуудын хөдөлгөөнийг зогсоож орхив. Тэднийг зохицуулахаар дэлгүүрээс хамгаалагч гарч ирэн зохицуулав. Нөөцийн маханд дугаарлаж басхүү бяцхан ачаалал үүсгэж байгааг харсан том машинтнууд инээд алдан хажуугаар нь, хялалзас хийгээд өнгөрнө. Олсон хэддээ тааруулаад боломжийн үнэтэй мах авах гэж өвлийн хүйтэнд дааран байж, хоолны махныхаа төлөө тэмцэлдэж байгаа хүмүүс тэднийг үл тооно. “Энэ жилийн нөөцийн мах санасныг бодвол гайгүй байна. Ноднин тараасан махнууд туранхай. Бараг л яс байсан бол энэ жилийнх овоо өөх, мах нь алагласан дажгүй харагдаж байна. Би үүнд их баяртай байгаа. Даанч нэгээс илүүг өгөхгүй юм байна” гэж Баянзүрх дүүргийн өндөр настан С.Дугармаа хэлэв. Үнэн хэрэгтээ нөөцийн маханд дугаарлаж байгаа хүмүүсийн дийлэнх нь өндөр настнууд байлаа. Тэдний хэлж байгаагаар тэтгэврийн хэдээрээ боломжийн мах авах гэж ингэж дугаарлаж байгаа аж. Зарим нь хүүхэд, залуусыг дагуулж ирсэн байх боловч зарим нэгэн нь ганцаараа, тэрэг хөтлөн ирсэн байлаа.
…Хормын дотор нөөцийн мах ачсан машины тэвш дундарчээ. Гэтэл ард нь тарааж эхлэхэд байснаас илүү хүн ирчихсэн байдаг. Хоосон хоцорсон хүмүүсийн сэтгэлийг засах нэгэн зүйл нь маргааш нь худалдаалах машинаас хоцрохгүй байх боломж.
“Sky” худалдааны төвийн урд үзэгдэж байгаа шиг ийм дүр зураг өнгөрсөн бямба гаригийн бага үдэд нийслэлийн зургаан дүүргийн 17 газар өрнөсөн гэж болно. Идэх махны төлөө нийслэлийн зургаан дүүрэгт тэмцэлдээн болсон нь энэ.
Сонгино-Хайрхан дүүргийн “Макс” худалдааны төвийн үүдэнд байдал бас л ижил. Гэхдээ өмнөх дугаарлалтаас ондоо. Тус дүүрэгт оршин суух хүмүүсийн тоо өндөр байдгаас төсөөлж байснаас илүү хүн цугларч, бүр ч хэцүүхэн зураглал үзэгдсэн. “Цөөхөн хүн амтай бусад дүүрэгт тараадгаас илүү махыг энд тараах байсан юм. Харж байгаа биз дээ, энд ямар олон хүн цугларсан байгааг. Тэгээд тарааж байгаа тэр машин нь маш жижигхэн. Ядарсан хүмүүст арай олныг тараамаар байна” гэж СХД-ийн иргэн Н.Дашнамжил учирлав. Сурвалжлага хийхээр очсон тэр цаг мөчид нөөцийн мах тараах жижиг ачааны машин аль хэдийнэ ажлаа дуусгаад буцахад бэлэн болжээ. Дахиад нэгээс хоёр машин махыг хоослочих хэмжээний хүн махгүй хоцорчээ. Тэд бүгд л амандаа нэгэн зүйлийг үглэж хоцров. “Маргааш л ирэхээс…” гэж.
Энэ газраас хэдэн буудлын цаана байх Баянхошууны шинэ эцэст байдал хоёулангаас нь өөр. Хямдхан худалдаалахыг мэдэж өглөө ирэн жагссан зарим нэгэн хүмүүс гулуузаар нь авч арай хүчэрхсэнгүй. Хүссэнээ авч чадаагүй заримынх нь нүд хүлээж байсан шигээ байсангүй. “Жижиглэж тарааж болдоггүй юм байх даа. Над мэтийн ядарсан хүн үүнийг авч дийлэхгүй шүү дээ. Чадалтай хэд нь авдаг л юм байгаа биз. Би уг нь мөнгөндөө тааруулж авах гэж өглөөнөөс хойш дугаарласан” гэж СХД-ийн иргэн Б.Сугар хэллээ. Дугаарлаж байгаа хүмүүсээс гулуузаар нь мах авч байгаа хүмүүс цөөхөн байлаа. Ихэнх нь халаасанд байх мөнгөндөө тааруулж авах гэсэн ч “жоорлосон” хэд нь хүрээгүй учраас хоосон уутаа гартаа барин гэрийн зүг эргэнэ. Гэсэн ч нөөцийн мах тараах жижиг ачааны машин хэдхэн минутын дотор хоосорлоо.
Ийнхүү хоёр өдрийн турш нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүрэгт нэгэн зэрэг тараав. Нэг гулууз махыг 60-70 мянган төгрөгөнд багтааж авч байгаа болохоор хүмүүс түүнээс хүртэхээр цуглаж, өдөржин зарах ёстой нөөцийн мах хормын дотор дууссан нь арга ч үгүй биз. Захуудаар түүнээс бараг хоёр дахин илүү үнэтэй худалдаалж байгаа юм чинь. Гэхдээ олон хүн амтай дүүрэгт арай ихийг тараахгүй дээ гэсэн бодол эрхгүй төрөв.
Ямартай ч иргэд хоёр өдрийн турш махаа хямдралтай авсан. Түүнийгээ дуусахаар, түүнээс авч амьжаагүй нь нэмүү үнэтэй махаа авна. Нөөцийн махны худалдаа махны үнийг бууруулна гэж тооцоолж байсан ч худалдаанд гарсанаас хойш сар орчим хугацаа өнгөрөхөд өмнөхөөсөө 18-19 хувиар өсчээ. Дараа жил даан ч хол байна. Дараа дахин уулзъя, нөөцийн мах минь баяртай.