Зорчигчид болон хөлгийн багийнхан нийлсэн 4200 гаруй хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц энэ сарын 13-нд эргийн ойролцоо хажуугаараа унасан билээ. Аврах ажилтнууд алга болсон 15 хүний сургийг гаргаж чадаагүй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх мягмар гаригт тэнгэр онгойх ажээ. Хөлөг онгоц аврах ажиллагаа явуулдаг Германы “Smit“ компанийн ажилтнуудын мэдэгдэж буйгаар дизель түлшийг шахаж гаргахад ойролцоогоор дөрвөн долоо хоног шаардлагатай гэнэ. “Costa Concordia”-ийн осолд хөлгийн ахмад Франческо Скеттиног буруутган баривчилсан бөгөөд мөрдөн байцаалт үргэлжилж байгаа ажээ. Хөлгийн ахмадад олон хүний амийг эрсдэлд оруулсан, хөлгийг буруу жолоодсон, зорчигчдыг хөлгөөс гаргахаас өмнө өөрөө хөлгийг орхисон гэж буруутгажээ.
Далайн аяллын хамгийн том оператор “Carnival Group”-ын охин компани “Costa Crociere” амьд гарсан зорчигчдод тус бүр 11 мянган еврогийн нөхөн олговор олгохоор болжээ. Харин хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага тус компаниас зорчигч тус бүрд 160 мянган ам.долларын нөхөн олговор олгохыг шаардан шүүхэд өгөөд байна.