Ираны цөмийн хөтөлбөрийн зорилгыг тодорхойлохоор Олон улсын цөмийн энергийн агентлагийн (IAEA) шинжээчид Тегеранд гурван өдрийн айлчлалаа эхэллээ. Ираны цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй хардалт сэрдэлтээс болж Тегеран, АНУ болон өрнөдийн орнуудын хооронд нөхцөл байдал хурцадмал байгаа билээ. Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээч Юкия Амано бүс нутагт үүсээд буй хурцадмал байдлын гол шалтгаан болж буй цөмийн хөтөлбөрийн талаар Иранаас тодорхой мэдээлэл хүсч байгаа аж. Иран хэдийгээр цөмийн хөтөлбөр нь зэвсэг үйлдвэрлэх биш, эрчим хүч гаргаж авах зориулалттай гэж мэдэгдсээр байгаа боловч АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд тус улсыг цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа юм. Ираны цөмийн хөтөлбөртэй танилцахаар Вена хотоос тус улсыг зорьсон Олон улсын цөмийн энергийн агентлагийн шинжээчид олон улсын толгойн өвчин болоод буй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудал айх зүйл биш гэдэгт найдаж байна гэжээ. Олон улсын цөмийн энергийн агентлаг дахь Ираны төлөөлөгч Али Асгар Солтани шинжээчдийн айлчлал Иран зөвхөн энхийн зориулалтаар цөмийн хөтөлбөр боловсруулж байгааг нотлон харуулна гэж мэдэгдсэн гэнэ. Олон улсын цөмийн энергийн агентлаг өнгөрсөн арваннэгдүгээр сард Ираныг цэрэг, армийн зориулалтаар цөмийн хөтөлбөр боловсруулж байж болзошгүй гэж мэдэгдсэн нь АНУ болон өрнөдийн орнуудын анхаарлыг татаж, тус улсын эсрэг эдийн засгийн хориг тавихад хүргэсэн юм. Тус улсын нефтийн худалдааг зогсоохын тулд Европын холбоо, АНУ хэд хэдэн удаа хориг тавьсны хариуд Иран олон улсын нефтийн тээвэрлэлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузийн хоолойг хаана гэдгээ мэдэгдсэн билээ.
Н.Энх