Шинэ он гарч, цаг хугацаа их хурдан өнгөрсөн байна. Ажил ихтэй гүйсээр байтал нэг л мэдэхэд нэгдүгээр сар дууслаа. Өнгөрсөн 20 гаруй хоног үйл явдлаар дүүрэн өнгөрчээ. Он гарсны дараахан Ардчилсан намынхан Засгийн газраас зургаан гишүүнээ татаж хямралын эхлэлийг тавьсан. Зургаан гишүүн ажлаа өгөхтэй зэрэгцээд нэг л өглөө нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсад нүүрлэв. Энэ удаагийн үнийн өсөлт ард түмэнд томоохон цочрол өгсөн. Хүн бүр яахаа мэдэхгүй дэмий л бухимдаж төр засгийг баахан хараасан. Төр засаг ч ард түмний энэ бухимдлыг нохой хуцсаны дайтай хүлээн аваагүй. Тэдэнд ард түмний амьдралаас илүү С.Батболдын Засгийн газрын бүрэн бүтэн байдал чухал байсан. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нефтийн бүтээгдэхүүний үнийн чангаралтыг тэсч чадаагүй. Эцсийн дүнд махны наймаачин хүртэл хүн учраас хоолтойгоо үлдэхийн тулд худалдаж байгаа махныхаа үнийг нэмэв. Энэ нь мах худалдан авагч бусад хэсэгт мэдээж таалагдаагүй. Гурил, будаа, ногоо гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав. Ард түмэн бүр ч их зовж шаналж байна. Өдрийн хоолоо аргацааж дийлэхээ больсон хэсэг бидний дунд гундуухан алхаж яваа. МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар энэ хямралын эсрэг ард түмэнтэй хамт байж 17 хоног төр засгийн эсрэг тэмцэл хийв. Гэвч төр С.Ганбаатарыг хүлээн авч уулзсан нэртэй хөнгөхөн хулхидсан. Ингээд ард түмний талд хэн ч үлдсэнгүй. Хэд хоногийн өмнө Сансарын тунелиэс уруудаж явсан нийтийн тээврийн автобус есөн машиныг ташраар нь мөргөсөн хэрэг гарав. Мөргүүлсэн машины жолооч нар хэнд хандаж яахаа мэдэхгүй дэмий л шаналж суугаа. Машинуудыг мөргөсөн автобусны жолооч ч хүмүүсийн хохирлыг хэрхэн барагдуулахаа мэдэхгүй цагдаад байцаагдаж байгаа. “Дашваанжил” ХХК-ийн савласан хийн баллоныг гэртээ хадгалсан Дархан-Уул аймгийн иргэдийн гэрт баллон дэлбэрсэн үйл явдал болсон. Энэ дэлбэрэлтээс болоод гурван хүн түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн. Тухайн байрны оршин суугчид дэлбэрэлтэд өртсөн байрнаасаа зугтан хамаатан садныдаа хоног төөрүүлж байна. Ер нь “2012 оны арванхоёрдугаар сарын 23-нд дэлхий сөнөнө” гээд байсан. Дэлхий сөнөхгүй ч Монгол Улс сөнөж мэдэхээр байна.
“Улс төрийн тойм” сонин