"Хилчин" спорт хорооны тамирчин Д.Сумъяагийн хувьд эхний даваанд 2010 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Ивелина Илиеваг нэг минут, 29 секундэд цэвэр буулган, "Чингис хаан" Дэлхийн цомд хоёр жил дараалан аваргалснаар монголчуудад танигдсан, Азийн наадам болон Азийн АШТ-ий мөнгөн медальт, “Универсиад”-ын дэд аварга Ким Жан-Диг юүко үнэлгээгээр ялж, шөвгийн наймд үлдсэн юм. Гэвч 2011 оны залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт голланд жүдоч Санне Венхагенд вазари, юүко үнэлгээ алдан ялагдсан байна. Торгуулийн тойрогт "Бээжин-2008" олимпийн наадмын хүрэл медальт, Бразилийн Кетлин Лима Куадросыг цэвэр хожоод хүрэл медалийн төлөө барилдаанд М.Хайнд цэвэр дийлджээ.
Ийнхүү “Дэлхийн цом”-д тавдугаар байрт шалгарснаар Д.Сумъяа чансааны 20 оноо нэмж авч байна. Гэхдээ энэ нь олимпийн эрхийн бүст багтах зорилготой буй түүнд хэрэгтэй оноо биш юм. Олимпийн эрхийн сонгон шалгаруулалтад 2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд үзүүлсэн амжилтынх нь шилдэг таван үзүүлэлтийг л нэгтгэж оноог нь тооцох ба Д.Сумъяагийн хувьд “Дэлхийн цом”-ын гурван тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Чиндаогийн гран-прид тавдугаар байрт шалгарснаар дөрвөн тэмцээнд 40 онооны болзол биелүүлчихээд байгаа юм.
Харин өнөөдөр буюу “Дэлхийн цом”-ын хоёр дахь өдөр 70 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Ц.Наранжаргал барилдана. Түүнчлэн Гүржийн Тбилисид зохиогдож буй “Дэлхийн цом”-ын эрэгтэйчүүдийн тэмцээнд О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал, Н.Батсуурь нар хүч үзэх билээ.