ИЗН-ын Их хурал үргэлжилж байна. Энэ удаагийн Их хурлаас гарах олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй шийдвэр нь хэн ИЗН-ын даргаар сонгогдох вэ гэдэг асуудал юм. ИЗН-ын даргаар томилогдох магадлал өндөр хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар зүй ёсоор орж байна. Мөн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ч яригдаж байгаа юм. Одоо бол тус намын дарга нь УИХ-ын гишүүн С.Оюун. Харин өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдсан ИЗ-НН-ын хамтарсан Их хурлаас УИХ-ын гишүүн Д.Энхбатыг хамтарсан намын даргаар сонгосон. Гэвч Улсын Дээд Шүүхээс хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас болж, хууль эрх зүйн хүрээндээ Д.Энхбатыг ИЗ-НН-ын дарга гэж нэрлэх боломжгүйд хүрээд байгаа билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй НН-ын гишүүд ИЗН-д элсэнэ. Энэ нь Д.Энхбат ИЗН-ын дарга болохын тулд хийж байгаа алхам гэж үзэх хэсэг ч бий. Тэгэхдээ С.Дэмбэрэлийг ИЗН-д элсэж батлахаа гардсан өдөр ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “С.Дэмбэрэл дарга бол чадвартай боловсон хүчин. Тиймээс намын даргад өрсөлдөх боломжтой” хэмээн мэдэгдэж байсан нь өнөөдрийн энэхүү Их хурлаас түүнийг намын даргаар нэр дэвшүүлж, сонгож мэдэх юм гэсэн таамаглалыг олон нийтээс дэвшүүлэхэд ч хүргээд байгаа билээ.
Г.Дарь