Монгол, Америкийн дипломат харилцааны ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн дипломат харилцааны ойг тэмдэглэв

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулан Монгол Улсын ЭСЯ-наас өчигдөр Вашингтон хотын “Four Season” зочид буудлын “Dumbarton & Conservatory” танхимд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. 

Хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга Курт Кэмпбеллнар үг хэлэв. Элчин сайд Х.Бэхбат одоогоос 25 жилийн өмнө хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох баримт бичиг зурагдсанаар хоёр ард түмэн албан ёсоор ойртон нөхөрлөхийн эхлэл тавигдаж, түүнээс хойшхи энэ богино хугацаанд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хөгжиж чадсаныг үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр Монгол Улсын ардчилал, зах зээлийн шилжилтийн хүнд бэрх үед АНУ анхнаас нь дэмжиж, бүх талын туслалцаа үзүүлсэн ирснийг дурдаад харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, агуулгад Монголын Засгийн газар, ард түмэн сэтгэл хангалуун буйг тэмдэглэв. Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдэлсэн, олон нам, чөлөөт сонгууль, зах зээлийн тогтолцоотой ардчилсан орон. Дэлхийн Ардчилсан орнуудын нийгэмлэгийг даргалж буй нь үүний нотолгоо юм. Энэ бүхнийг бий болгоход АНУ-ын Засгийн газар, америкийн ард түмний зүгээс оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй гэдгийг мөн онцлов.

Курт Кемпбелл үгэндээ Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа манай хоёр орны стратегийн сонирхолд бүрэн нийцэж байдгийг онцлоод хоёр орны ард түмний нөхөрлөл цаашид ч бэхжинэ гэдэгт итгэж явдагаа хэлэв. Тэрбээр харилцаа, хамтын ажиллагаанд сүүлийн жилүүдэд гарсан амжилтуудын заримаас дурдаад эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагаа өргөжих асар их боломжтойг жишээгээр нотлов. Үүнд уул уурхай, батлан хамгаалах, боловсролын салбарыг онцлов.   

Халуун дулаан, нөхөрсөг уур амьсгалд өнгөрсөн Хүндэтгэлийн хүлээн авалтад АНУ-ын Засаг захиргаа, Конгресс, төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллагуудын удирдах албаны хүмүүс, төлөөлөгчдөөс гадна Вашингтон хотноо амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл болсон 150 орчим хүн уригдан оролцов гэж Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж