УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа зохисгүй жишгийг өөрчилж, Засгийн газрын олонхийг УИХ-ын гаднаас бүрдүүлэхийг иргэд олон нийт дэмжиж байгаа. Гэтэл шинээр томилогдох гэж байгаа сайд нарын талаас илүү хувь нь УИХ-ын гишүүд байгаа нь МАН-ын удирдлага өнгөрсөн алдаанаас сургамж авч, урагшаа харж ажиллах хүсэлгүй байгааг харуулж байна. Хуулийн өмнө хариуцлага хүлээх ёс зүйтэй, төрийн албанд ил тод, үнэнч шударгаар ажиллах сэтгэлтэй, мэргэжлийн өндөр чадвартай хүмүүсийг Засгийн газрын гишүүнээр томилон ажиллуулах учиртай. Гэтэл хариуцлага алдаж төсвийн 800 сая төгрөгийг хувьдаа завших нөхцлийг бүрдүүлсэн, Хонгор сумын ард иргэдийг хордуулж, олон зуун иргэдийн амь нас, амьдралыг аюулд хүргэсэн этгээдийг Сангийн сайдаар томилох гэж байгаа нь төрийн албыг хариуцлагагүйчүүдийн үүр уурхай болгож байгаа балмад үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын ажлаа чөлөө заваараа хийдэг, хурлын үйл ажиллагаанд тэр бүр оролцдоггүй гишүүнээр хамгийн их ачаалал хүлээж завгүй ажиллах ёстой Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарыг удирдуулах гэж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл мөн. Төрийн алба улс төрөөс ангид байх ёстой. Аливаа яамдын төрийн нарийн бичгийн дарга нар бол төрийн албыг улс төрөөс ангид мэргэшсэн алба болгох ажлыг манлайлах ёстой төрийн захиргааны хамгийн дээд албан тушаалтан. Гэтэл төрийн нарийн бичгийн дарга нарыг сайдаар томилж байгаа үйлдэл нь төрийн албыг улс төрийн албан тушаалд дэвших шат дамжлага болгон хувиргаж байгаа туйлын хортой жишиг төдийгүй төрийн албаар дамжуулж улс төр хийдэг, төсвөөс сонгуулийн мөнгөө босгодог, төрийн албыг намын гишүүдийнхээ ажлын байрыг шийдэх оромж болгосон гэх олон нийтийн шүүмж, хардалтыг нотолсон үйлдэл боллоо. Ийм хариуцлагагүй, бусармаг үйлдэл нь ард иргэдийн төрийн албанд итгэх итгэлийг улам алдагдуулах үр дагавартай хэмээн үзэж харамсаж байна.
Хоёр. Засгийн газрыг ард түмний итгэлийг хүлээж хариуцлагатай ажиллах гишүүдээр бүрдүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүй ёсны шаардлагыг улс төрийн шоу, төр засгийн үйл ажиллагааг тасалдуулах зохион байгуулалттай үйлдэл мэтээр гуйвуулж тайлбарлаж байгаа нь МАН-ын зүгээс хийж буй хариуцлагагүй үйлдлээ хаацайлж, иргэдийг төөрөлдүүлэх явуургүй оролдлого мөн. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ард түмэнд нээлттэй, иргэний мэдэх эрхийг хангаж ажиллах үүрэгтэй. Ийм сайн жишгийг тогтоож, иргэдэд хар цагааныг ялгах боломжийг бүрдүүлж байгаа Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд ихээхэн эмзэглэж, бухимдаж байгаа нь МАН үнэнийг иргэдээсээ нууж, хаалттай хаалганы цаана асуудал шийдэж ирсэн уламжлалаа Ерөнхийлөгч болон улс төрийн институцүүдэд тулган хүлээлгэх гэсэн балмад араншингийн илрэл хэмээн үзэж хатуу эсэргүүцэл илэрхийлж байна.