Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан Ардчилсан намын зургаан сайдыг УИХ-аас энэ сарын 20-нд чөлөөлсөн бол долоо хоногийн дараа буюу өчигдөр орных нь сайдуудыг томиллоо. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьсан шаардлагын дагуу Тэргүүн шадар сайдын албыг цомхотгосноор үлдсэн таван сайдыг томилох их ажилд УИХ орсон гэж хэлж болно. Ингэснээр УИХ өчигдөр буюу баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаа зөвхөн таван сайдыг томилоход зориулж бусад асуудлаа ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригт хэлэлцэн шийдвэрлэхээр хойш тавив. Цөөнхийн бүлгээс сайдад нэр дэвшигчдийг хүн нэг бүрээр хэлэлцэн шийдвэрлэх саналыг гаргасан нь УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээснээр УИХ нь Монгол Улсын нэгдсэн төсвийг хэлэлцэн баталдгаас илүүтэй цагийг Засгийн газрыг эмхлэхэд зориуллаа. Энэ нь нэг ёсны цөөнхийн бүлгээс олонхийн бүлэгт тавих хараа хяналтаа чангаруулж байна гэдгийн дохио ч болсон биз ээ.

Тэргүүн шадар сайдын албыг Н.Алтанхуягт зориулсан юм уу?

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа сайд нарын томилгоог авч хэлэлцэнэ” гэсэн байр суурийг илэрхийлсэн тул УИХ ёсоор болгов. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд МАН-ынхнаас төдийгүй Ардчилсан намын бүлгийн гишүүдээс зэмлэл сонссоор л байлаа. Учир нь тэд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд зөвхөн Тэргүүн шадар сайдын албыг цомхотгохоор оруулж ирсэн нь дэндүү явцуу байна. Дэд сайд болон бусад албыг ч цомхотгож, төрийн албаны данхайсан бүтцийг цомхон болгох боломжийг ашигласангүй гэх шүүмжлэл байлаа. УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хэлснээр бол хамтарсан Засгийн газрыг байгуулах үед төрийн алба 160 мянган албан хаагчтай байсан бол одоо 220 мянгад хүрсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын төвшинд төрийн албыг цомхон болгоё гэж их ярьдаг, энэ чиглэлээр Засгийн газарт үүрэг өгсөн ч, жил ирэх тусам орон тоо нь нэмэгдсээр дээрх тоонд хүрчээ. Уг нь төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдын тоо өсөхийн хэрээр үйлчилгээ нь сайжирч, иргэдийн гомдол цөхрөл алга болох ёстой ч хүнд суртлыг нь шүүмжилсээр л буй. Тиймээс аль яаманд хэдэн хүн ажиллах боломжтой байна вэ гэдэг нарийвчилсан судалгааг хийх үүргийг Засгийн газар хүлээв. Мөн энэхүү үйл явцтай холбогдоод УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс эхлүүлээд “Тэргүүн шадар сайдын албыг зөвхөн Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт зориулж бий болгоо юу” гэх үгийг чулуудаж байлаа. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Тэргүүн шадар сайдын албыг Ерөнхий сайдтай зөвшилцүүлэхийн тулд хамтарсан гэрээний үндсэн дээр бий болгосон. Түүнээс хэн нэг хүнд юм уу, эсвэл Ардчилсан намын даргад зориулж бий болгосон мэтээр улстөржүүлэх нь утгагүй” гэдэг хариу тайлбар хийж байлаа. Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Ардчилсан намын бүлэг “Тэргүүн шадар сайдын албыг байхгүй болгоё” гэдэг санаачлагыг гаргасан нь зөв байжээ гэдгийг одоогийн энэхүү үйл явдал харуулж байна. Хэрвээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдаар томилогдох юм бол Засгийн газар сонгуулийн штаб болж хувирахаар байгаа. Энэ аюулаас Ардчилсан нам аварлаа” гэж бүлгийн дэд даргынхаа үгэнд хамгаалалт хийж байв. Нэгэнтээ УИХ дахь хоёр намын бүлэг урд өдөр ньТэргүүн шадар сайдын албыг цомхотгох зөвшилцөлд хүрчихсэн байсан тул санал хураахад УИХ-ын гишүүдийн 80 хувь нь “цомхотгох нь” зүйтэй гэж үзсэн билээ. Харин эрхлэх асуудлынх нь хүрээнд байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газрыг Монгол Улсын Шадар сайдад, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Оюуны өмчийн газрыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдэлд шилжүүлсэн юм. Мөн өнгөрсөн 20-иод хоногийн турш сайдад нэр нь дэвшин од болж байсан У.Хүрэлсүх МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаараа л үлдэв.

Сайдуудын томилгоо

Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гурван гишүүнийг сайдад нэр дэвшүүлснийг шүүмжилсээр байсан ч, Тэргүүн шадар сайдын албыг золионд гаргах шийдлийг гаргасан МАН-ынхны хувьд Ж.Энхбаяр, Д.Хаянхярваа, Ц.Дашдорж нарыг сайдын суудалд суулгах нь нэг номерын ажил байв. Анхны гаргасан шийдвэрээ ажил хэрэг болгохын тулд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл урд өдөр нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзсан бөгөөд түүнээс улбаалаад “Ховдын хоёр болзсоны хүчинд Засгийн газрыг эмхлэх ажил шуударлаа” гэх яриа ч бас гарсан билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ч таван сайдаа авч үлдэхийн тулд Тэргүүн шадар сайдын албыг цомхотгох санал тавьж, намын Удирдах зөвлөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нь дэмжсэн гэдгээ өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байлаа. Тиймээс энэ удаагийн Засгийн газрыг цаг алдалгүй эмхлэхэд төрийн гурван өндөрлөг хаа, хаанаа хүчин чармайлт гаргалаа гэж үзэх хэсэг ч бас байгаа юм. Харин УИХ нэр дэвшигчдийн асуудлыг нэгбүрчлэн хэлэлцэж цаг алдсаныг эс тооцвол сайд нарын томилгоонд саад тээг үүсгэсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдаар батлахыг гишүүдийн 67.9 хувь, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар батлахыг гишүүдийн 67.8 хувь, УИХ-ын гишүүн Ц.Дашдоржийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар томилохыг гишүүдийн 64.2 хувь тус бүр дэмжсэн юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшсэн Д.Цогтбаатарыг гишүүдийн 64.7 хувь, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Н.Хүрэлбаатарыг гишүүдийн 71.7 хувь дэмжиж баталсан билээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар дахин эмхлэгдэж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой болов.

Одоо тус Засгийн газраас иргэд нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийг бууруулах, нефть импортлогчдод оногдуулсан 10 тэрбум төгрөгийн торгуулийг тавьсан шиг тавихыг шаардах болно. Төрийн албан хаагчид тэр дундаа багш нар ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цалин нэмэх амлалтаа Монгол Улсын Засгийн газрыг хэрэгжүүлэхийг шаардахаар жагсаал цуглаанд бэлтгэж байна. Нөгөөтэйгүүр, хөдөөд өвөлжилт хүндэрч, улаанбаатарчуудын хувьд мах магнаг болж буй энэ өдрүүдийг Засгийн газар анхаарахгүй бол мөдхөн цагаан сар болж, хаврын урт хүн ирэхэд монголчуудын амьдрал улам хүндэрч мэдэхээр байгааг  далимд сануулъя.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж