Жүдо бөхийн “Дэлхийн цом” эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.28-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн “Дэлхийн цом” эхэллээ

Өнөөдөр Гүржийн Тбилисид жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын эрэгтэйчүүдийн тэмцээн эхэлж буй бол Болгарын Софид мөн эмэгтэйчүүдийн “Дэлхийн цом” "хөшгөө нээж" байна. Эдгээр тэмцээнд манай улсаас олимпийн эрхийн оноо шаардлагатай байгаа тамирчид маань очиж зодоглох билээ. Бусад улсын хувьд ч ялгаагүй олимпийн эрхийн төлөө ширүүн тэмцэлдэж буй олон жүдоч очсон байна. Тбилисийн “Дэлхийн цом”-д 42 орны 222 жүдоч барилдах бөгөөд үүний дотор манай гурван тамирчин байгаа.

81 кг-д О.Ууганбаатар эхний тойрогт Молдавын Валериу Думиникатай таарсан бол Г.Түвшинжаргал Латвийн Константинс Овчинниковстой хүч үзэхээр болсон. Энэ жинд 37 жүдоч зодоглох юм. +100 кг-д Н.Батсуурь Их Британийн Крис Шеррингтонтой оноолт таарсан. Хэрэв түүнийг аргалбал 8-д үлдэх эрхийн төлөө Польшийн Гжегош Эйтел, Армены Азат Абрахамян нарын хожсонтой нь барилдана.

Харин Софигийн “Дэлхийн цом”-д 44 орны 195 эмэгтэй жүдоч хүч үзэхээр цуглажээ. 57 кг-д Д.Сумъяа Болгарын Ивелина Илиеватай эхний тойрогт таарсан ба дараагийн даваанд БНСУ-ын Ким Жан-Ди, Францын Синди Хубер нарын ялсантай нь хүч үзнэ. Мөн энэ жинд Т.Баттөгс Германы Марлен Хайнтай таарчээ.

70 кг-д Ц.Наранжаргал Пуэрто-Рикогийн Мариа Перестэй эхний даваанд тулна. Удаах тойрогт Шинэ Зеландын Моира де Вилльерс, Словенийн Ажа Гачник Зупанч нарын нэгтэй барилдах ба эхний хоёр даваагаа гэтэлчихвэл наймд БНСУ-ын Хван И-Султай хүч үзэх магадлалтай байна. Олимпийн эрхийн бүст багтахын төлөө өрсөлдөж буй манай тамирчид энэ тэмцээнд медальт байрт шалгарч байж эрх авах магадлалаа нэмэгдүүлэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж