Жокович, Надаэль нар цомын төлөө тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Жокович, Надаэль нар цомын төлөө тоглоно

Талбайн теннисний дөрвөн цуврал “Их дуулга”-ын нэг болох “Австралийн нээлттэй тэмцээн” нэгдүгээр сарын 15-нд Мелбурн хотноо эхэлсэн билээ.

Эрэгтэйчүүдийн хагас шигшээд дэлхийн топ дөрвөн теннисчид бүгд шалгарсан нь “Их дуулга” гэгч тэмцээн ямар хатуу, ямар хүнд гэдгийг харуулж байна. “Их дуулга” байтугай цуврал тэмцээнд түрүүлэхэд ихээхэн хөдөлмөр шаарддагийг теннис сонирхогчид илүүтэй мэднэ.

Өчигдөр Испаний Рафаэль Надаль (2), Швейцарийн Рожер Федерерийг (3) 6:7, 6:2, 7:6, 6:4-өөр буулган авч шигшээд түрүүлж шалгарсан.

Өнөөдөр дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович, Их Британий тэргүүн теннисчин Энди Муррей нарын тоглолт болж, гурван цаг гаруй үргэлжилсэн тус тэмцээн тав үе тоглож ялагч тодорлоо. Жокович туршлага зааж 6;3, 3:6, 6:7, 6:1, 7:5-аар буулган авч шигшээд шалгарлаа. Дэлхийн тэргүүн теннисчний эсрэг Муррей нилээдгүй эсэргүүцэл үзүүлсэн боловч тав дахь сэтэд Жокович 7:5-аар илүүрхэж чадлаа. Ийнхүү өнгөрсөн жилийн аварга Новак Жокович аваргаа хамгаалахаар ирэх ням гаригт Надальтай тоглоно.

Ингээд дэлхийн топууд "Их дуулга"-ыг хэрхэн хүртсэн талаар хүргэхэд: Швейцарийн Рожер Федерер (3) "Их дуулга"-ын 16 цом хүртэхдээ "Австралийн нээлттэй тэмцээн"-д таван удаа түрүүлж байсан бол Испаний Рафаэль Надаль (2) "Их дуулга"-ын 10 цом хүртэхдээ 2009 онд анх удаа "Австралийн нээлттэй тэмцээн"-д түрүүлж байсан байна.

Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковоч "Их дуулга"-ын дөрвөн цом хүртэхдээ өнгөрсөн жил "Францын нээлттэй тэмцээн"-ээс бусад гуравт нь ("Австралийн нээлттэй тэмцээн", "Уимбльдон", "Америкийн нээлттэй тэмцээн") түрүүлсэн байна. Тэрбээр “Их дуулга”-ын цомыг хүртэхдээ анх 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-ээр эхэлж байжээ.

Маргааш эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргийн төлөө ОХУ-ын Мария Шарапова (4), Беларусын Виктори Азаренкатай (3) тоглоно.

ОХУ-ын теннисчин Мария Шарапова "Их дуулга"-ын гурван түрүүг хүртэхдээ 2008 онд "Австралийн нээлттэй тэмцээн"-нд түрүүлж байжээ.

Дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй Беларусын Виктори Азаренкагийн хувьд "Их дуулга"-ын анхны шигшээдээ шалгарч байна. Харин тэрбээр "Австралийн нээлттэй тэмцээн"-ий 2008, 2011 оны хосын төрлийн аварга юм.

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн хосын төрлийн шигшээ тоглолтод ОХУ-ын ОХУ-ын Вера Звонарева (2), Светлана Куцнецова (18) нар Италийн Сара Эррина (48), Роберта Винси (25) нарыг 5:7, 6:4, 6:3-аар хожиж аваргын цом хүртлээ.

Ийнхүү оны анхны "Их дуулга"-д Орос бүсгүйчүүдийн манлайлал тасарсангүй.

Нийт 26 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан
төрлийн аваргууд чансааны 2000 оноо авч, нэг сая гаруй ам.долларын
мөнгөн шагнал хүртэх бол хосын төрлийн аваргууд 200 мянган ам.доллар
хүртэх билээ.

Ч.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж