Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэр дэвшигч рүү нэлээд хатуухан үг чулуудсанд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өмөөрч, “Н.Хүрэлбаатар бол салбараа сайн мэдэх хүн. Цаашид юу хийхээ ч мэдэж байгаа. Өнгөрсөн 3.6 жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн хожим гарна, үүнд би итгэлтэй байна. Харин энэ эрчийг сулруулахгүй ажиллах ёстой, чадна гэдэгт ч итгэж байна. Гол нь зарчимч ажиллаарай. Л.Гүндалайд хандаж хэлэхэд Эрүүл мэндийн салбараас би нэр хүндтэй ирж байгаа, Л.Гүндалай чам шиг самарчихаад ирээгүй. Найман сар ажиллахдаа чи юу хийсэн юм, гэхдээ би чамтай ярихгүй. Хамтарсан Засгийн газарт ажилласан энэ 3.6 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар өөр болсон. 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг очоод үзээрэй, 2008 оныхоос өөр болсон шүү” гэсэн юм.
УИХ-аас Эрүүл мэндийн сайдыг баталснаар Засгийн газрын 14 дэх сайд томилогдсон гэж хэлж болно. Тиймээс Ерөнхий сайд С.Батболд чуулганы төгсгөлд үг хэлж “Төрийн албыг цомхон, үр өгөөжтэй, хүний төлөө ажилладаг болгохын төлөө ажиллана. Мөн дундаж орлоготой өрх бий болгох, Тавантолгойн орд газрыг зөв оновчтой ашиглах гээд шийдлээ хүлээсэн олон ажлыг хийнэ” гэлээ.