Ерөнхий сайдын гавьяаг харин ч үнэлэх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын гавьяаг харин ч үнэлэх ёстой гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр гишүүн Н.Батбаяр Тавантолгойн ордтой холбогдуулан Ерөнхий сайдад асуулт тавихдаа хувь хүн рүү нь дайрсан агуулгаар хандаж байлаа. Харин Ерөнхий сайдыг хариулт өгсний дараа

УИХ-ын гишүүн Л.Гүндалай “Тавантолгойн  лицензийг манай Ерөнхий сайд С.Батболдын компани тэр үеийн мөрдөж байсан хуулийн дагуу авсан гэж би ойлгодог. Дараа нь Тавантолгойн орд газрын нэг хэсгийг Монголын том компаниуд нийлж авсан. Үлдсэн 90 гаруй хувь нь  байгаа. Би Ардчилсан намын гишүүн хүн, шулуухан л хэлье. Юм үнэнээрээ сайхан. Хэрвээ С.Батболд энэ лицензээ зарчихсан гадаад, дотоодын өөр этгээд авчихсан байсан бол ингэж өгөхгүй. Эсвэл хуулийнхаа дагуу 34 хувийг нь би өөрөө эзэмшинэ гээд сууж байх байсан ч байж мэднэ. Хэсэг газрыг нь Монголын компаниуддаа өгөөд дийлэнх хувь нь төрийн мэдэлд ирснийг би С.Батболд жудагтай зан гаргасан гэж үздэг.  Аливаа юм үнэнээрээ байвал дээр  шүү. Биеэ засаад гэрээ засчихсан, улс орондоо энэ зэргийн зүйл хийсэн нэгэн рүүгээ ингэж хамаагүй дайрч болохгүй. Харин ч энэ гавьяаг нь үнэлэх ёстой гэж бодож байна. Ер нь Тавантолгойн ордод социализмын үед улсын мөнгөөр хайгуул хийсэн байхад яагаад гаднын компани авчихсан байсан юм бэ. Тэрийг яагаад ярьдаггүй юм бэ. Харин тэр гаднын компани нь зараад, тэрийг нь худалдаж  аваад өнөөдрийг хүртэл хүнд зарахгүй хадгалж байгаад төрдөө өгсөн хүнийгээ бид шагнах ёстой” гэв.

Мөн тэрбээр “жижиг Тавантолгойн орд газрын 51 хувийг төр эзэмших талаар Монголын төр засаг харин яагаад ярихгүй байна вэ”  гэлээ.

Сайд нарыг томилох асуудлын хүрээнд нэр дэвшигч бүрт асуулт тавьж, мөн санал хэлж байсан түүнд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Одоо боль” гэж хэлсэн ч “Яадаг юм бэ, асуух юм аа асууна, хэлэхээ ч хэлнэ” гэж хэнэггүйхэн суув.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж