Эзэн хааны баг хичээсэн ч цомоос мултарлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

Эзэн хааны баг хичээсэн ч цомоос мултарлаа

Долоо хоногийн дундуур Европын улсуудын хөлбөмбөгийн цомын тэмцээн үргэлжлэв. Манай цагаар лхагваас пүрэв гаригт шилжих шөнө болсон Испани, Италийн цомын хагас шигшээ тоглолт алаг бөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг эрхгүй татаад байсан. Тоглолт ч халуухан болж, онцлон тэмдэглэх зүйл цөөнгүй тохиолоо.

“Барса” шархаа нөхнө

“Реал”-ын дасгалжуулагч “Онцгой нэгэн” хочит Жоке Моуриньо мөнхийн өрсөлдөгч “Барселона”-г ялах аргаа олоогүй байна. 250 дахь удаагийн “Эль-Классико” тохиож, “Эзэн хааны баг” хэмээгддэг “Реал” Испанийн Эзэн хааны цомын тэмцээнийг орхисон юм. Эхний тоглолт долоо хоногийн өмнө “Сантьяго Бернабеу”-д болоход талбайн эзэд 1:2-оор өндөрлөснөөр “Барса” нийлбэр дүнг 4:3-аар илүүрхлээ. “Реал” нутагтаа дийлдсэний дараа ялагчийн нэр үндсэндээ тодорхой болсон ч “Эль-Классико” бусад лигийн бүх тоглолтыг сүүдэртээ байлгаж чадсан. Хэрвээ Моуриньогийн итгэл хүлээлгэж үндсэн бүрэлдэхүүнд гаргасан Гонзало Игулайн эхний минутаас азгүйтээгүй бол баг нь өдийд инээгээд зогсч байж болох байлаа. “Реал” ынхан хангалттай олон боломж угаасны эцэст “Барса” ажилдаа орсон. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр гурван жил дараалан тодроод буй Лионель Месси өөр дээрээ эсрэг багийн дөрвөн хамгаалагчийг цуглуулагцмаа Педро Родригест гоолын  дамжуулалт өгсөн нь 43 дахь хором байв. Энэ үед зочид үнэхээр бухимдаж, лидер Криштиану Роналду уурсч байсныг нь ойлгох хэрэгтэй. Тэд “Барса” гэдэг бул хар чулуунд даруулчихаад байгаа юм. Эхний хагас өндөрлөх мөчид буюу 45+3 дахь минутад Даниэл Алвес 90-ийн буланд цөм цохиж, тоог 2: 0 болгосон. Хоёр тоглолтын нийлбэр 4:1 энэ үед “Барса” хагас шигшээд шалгарсан мэт санагдаж байлаа. Гэвч “Реал” бууж өгөхийг хүссэнгүй, хоёрдугаар үед гурван бөмбөгний төлөө тэмцэх нь тэр ээ. Итгэл найдвараа гээгээгүйнхээ хүчинд Роналду 68,  Карим Бензема 71 дэх минутанд гоол хийсэн. Ганц гоол бүхнийг шийдэх эгзэгтэй мөч. Хэрвээ “Реал” 3:2-оор ялах юм бол хоёр тоглолтын нийлбэр 4:4 болж, айлын талбайд олон гоол хийснийхээ хүчинд хагас шигшээ рүү орчих байв. Гэсэн ч үлдсэн минутад Хосе Пинтог давж яадалгүй байсаар үзэгчдийн суудалд шилжсэн юм. Серхио Рамос 88 дахь минутад хоёр дахь шар жавтийгаа хүртэж талбайгаас хөөгдсөн нь ч нөлөөлсөн. Шүүгч сүүлчийн 10 “Эль-Классико”-д есөн улаан хуудас өргөсөн статистик бий. Моуриньо “Реал”-ын торгон жолоог атгах болсноосоо хойш “Камп Ноу”-д найм дахиа зочилсон ч ялалт байгуулж чадаагүй хэвээр. Тэрбээр тоглолтын дараа “Манай багийнхан сайн тоглосон ч хожих сэтгэлзүй байсангүй” гэж хэлснийг нь Испанийн сэтгүүлчид өлгөж аваад байна. Ямар ч байсан “Реал” аваргаа хамгаалж чадсангүй. Тэр өнгөрсөн жил ганц Эзэн хааны цомын тэмцээнд л аваргалж байсан. Харин “Барса” үүнээс бусдыг нь (“Ла лиг”, “Аваргуудын лиг”, Испанийн Супер цом, Клубүүдийн ДАШТ) өөрийн болгосон билээ. Тэд хагас шигшээд “Валенси”-тай тулна.

“Энфильд”-д тавтай морил, “Улаанууд”-аа

“Ливерпуль”  зургаан жилийн дараа цомын бараа харж магадгүй боллоо. “Улаанууд” 2006 онд Английн супер цом хүртсэнээсээ хойш алтан медаль зүүгээгүй байсан. Тэгвэл Кенни Далглишийн шавь нар Английн лигийн цомын хагас шигшээгийн хариу тоглолтод “Манчестер Сити”-тэй 2:2-оор тэнцсэнээр аваргын төлөө тоглох эрх халааслав. Тэд эхний тоглолтод 1:0-ээр ялаад байсан. Хариу тоглолтод Манчестер хотын баг тэргүүлж, талбайн эзэд тэнцүүлэх  зарчим үйлчилсэн бөгөөд Найжел Де Йонг 31, Стивен Жеррард 41 / пен/, Эдин Жеко 67, Крэйг Беллами 74 дэх хоромд гоолын дансанд нэрээ бичүүлсэн. “Carling Cup” буюу Английн лигийн цомын тэмцээний шигшээ тоглолт хоёрдугаар сарын 26-нд Лондоны алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно. Хагас шигшээд “Кристал Палас”-ыг мулталсан “Кардифф Сити” энэ удаа “Ливерпуль”-тэй түрүү булаалдахюм. Сонирхуулахад “Улаанууд” хамгийн сүүлд 1996 онд Английн цомын шигшээ тоглолтын хүрээнд “Уэмбли”-д айлчилсан ч “Манчестер Юнайтед”-д 0:1-ээр дийлдэж байв. Харин энэ удаа яах бол.

Есөн жил үзүүлэгүй муу амжилт

“Coppg Italia” буюу Италийн цомын тэмцээний хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн гурав нь тодроод байна. Шөвгийн наймын ялагч хоёр биш нэг тоглолтын эцэст тодордгоороо Испанийн цом, Английн лигийн цомоос ялгаатай. Энэ даваанд “Ювентус” “Рома”-г 3:0, “Сиена” “Кьево”-г 1:0-ээр өвдөг шороодуулаад байсан. Үүний дараа “Натоли””Интер”-ийг 2:0-ээр өвдөгдүүлсэнээр их шөвөгт орсон гурав дахь баг болов. Уругвай довтлогч Эдинсон Кавани дубль хийж, багаа ээлжит удаагаа чирсэн бол “Интер” сүүлийн есөн жилд анх удаа цомын тэмцээний хагас шигшээд үлдэж чадсангүй. Шөвгийн наймын сүүлчийн тоглолт урьд шөнө “Милан”, “Лацио”-гийн хооронд болсон бөгөөд ялагч нь “Юве”-тэй, нөгөө талд “Сиена”, “Наполи”-той хүч үзэх оноолт бий. Италийн цомын хагас шигшээгийн ялагч хоёр тоглолтын нийлбэрээр тодордог юм.

Д.Нанжид

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж