Ц.Дашдоржийг сайдаар батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Ламбаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд анхаарал хандуулахыг хүслээ. Оюутолгой, Тавантолгойн ордыг дагаад тус суманд хүн ам ихээр суурьших болжээ. 4000 хүрэхгүй шахам хүн амтай байсан Ханбогд сум эдүгээ 14 мянган иргэнтэй болсон. Түүнийгээ дагаад сумын эмнэлгийн хүчин чадлыг өргөтгөх шаардлага тулгарч, орон тоог нэмэгдүүлсэн. Гэвч эмнэлгийн барилга нь баригдаагүй. Хөрөнгө мөнгө нь мөн тавигдаагүй байгаа. Тиймээс сайдаар томилогдонгуутаа энэ асуудалд анхаарал хандуулахыг хүссэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Гүндалай нэр дэвшигчид хандан “Улаанбаатар хотын хэмжээнд утаа гамшиг тарьсан хэвээр байна. Утаанаас салах ганц арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймээс ард олныгоо хөнгөлөлттэй зээлээр, улсаас тал мөнгийг ч болов төлөөд 200 мянган өрхийг орон сууцтай болгож чадах уу. Ийм нөхцөл байдлыг бий болгоод үлдээж чадах уу. Хот төлөвлөлтийг өөрчлөх боломж байна уу. Энэ тал дээр санаж сэдэж байгаа юм байна уу, үгүй юу”гэдэгт хариулт өгөхийг хүсэв.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:- “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд Засгийн газраас маш олон тогтоол батлагдсан. Хэрэгжүүлэх хэд, хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар Засгийн гаар ажиллаж байгаа юм билээ. Тухайлбал, тодорхой газрын зөвшөөрлөө авчихсан, барилгын ажил нь 30-70 хувийн гүйцэтгэлтэй 65 компанийг мөн бүртгэсэн. Нийт 75 мянган өрхийг орон сууцаар хангах боломж харагдаж байгаа. Гол нь иргэдийг орон сууцжуулахын тулд төр өөрөө дэд бүтцийг бий болгох, иргэдээ мөнгөжүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна. Нөгөөтэйгүүр, орон сууцны өсөөд байгаа үнийн хөөрөгдлийг авч үзэх. Барилга барих гол түүхий эд болсон цемент арматурынхаа 65-70 хувийг импортоор оруулж ирж байгаа. Үүнийг дотоодоосоо хангадаг болох. Ингэсэн цагт орон сууцны үнэ ханш хөөрөгдөхгүй байх боломж бололцоо бас харагдаж байгаа” гэсэн юм.
Одоо чуулганаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг томилохоор хэлэлцэж байна.