“Төв аймгийн АН‑аас нэг ч хүн өөр намыг сонгоогүй”

Хуучирсан мэдээ: 2012.01.27-нд нийтлэгдсэн

“Төв аймгийн АН‑аас нэг ч хүн өөр намыг сонгоогүй”

Төв аймгийн Ардчилсан намаас сэтгүүлчдэд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Тус хэвлэлийн бага хуралд Төв аймгийн АН‑ын дарга Д.Доржпүрэв, АН‑ын ҮЗХ‑ны гишүүн Г.Баярсайхан, Ж.Батболд, Төв аймгийн Батсүмбэр сумын АН-ын дарга  Ц.Доржпүрэв болон тус аймгийн АН-ын гишүүд оролцлоо.

2012 он сонгуулийн жил гэдэг утгаараа улстөрийн нөхцөл байдал төв, хөдөөгүй ширүүхэн байгаа аж. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн Батсүмбэр сумын АН-ын зуун гишүүн намаасаа гарлаа гэсэн мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсантай холбогдуулан тус аймгийн АН-ынхан мэдээлэл мэдээлэл хийлээ.

Төв аймгийн АН‑ын дарга Д.Доржпүрэв “Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан зарим нэг улстөрийн хүчнүүд улстөрийн соёл, шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж АН-ын эсрэг тодорхой акцуудыг хийж байгаад харамсаж байна. АН-ын гишүүд, гишүүдийн намын батлахыг худалдан авч түүнийгээ цуглуулж АН‑аас олон гишүүн гарч байгаа мэтээр зохион байгуулалттай мэдээлэл хийх боллоо. Төв аймгийн Батсүмбэр сумын АН-аас зуун гишүүн нь гарч өөр намд элсээгүй. Тийм зүйл ч болоогүй. Өнөөдөр гэхэд Батсүмбэр сумын АН-д намаасаа гаръя гэж өргөдлөө өгсөн нэг ч хүн алга. Харин АН-д элсье гэж зуу гаруй хүн өргөдлөө өгсөн байна. Ийм үндэслэлгүй ташаа мэдээлэл гарч байгаа нь орон нутагт тодорхой хэмжээний санхүүгийн эрх мэдэл шилжиж буйтай холбоотой. Энэ бусармаг зүйл хийж байгаа нөхдүүдийг үйлдлээ зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн 22 жилийн хугацаанд ардчиллын үйл хэргийн төлөө тэвчээртэй байж бусдын гар хөл болж, хэдэн төгрөгийн төлөө үзэл бодлоосоо урвахгүй байсанд баярлалаа. Бидэнд удаан хүлээсэн боломж ирж байна. Тийм учраас эв эеийг эрхэмлэн түр зуурын нөлөөнд авталгүй ялалт байгуулж, аймаг орон нутаг улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах цаг ирсэн” гэж хэлсэн юм.

Түүнчлэн Батсүмбэр сумын АН-ын дарга Ц.Доржпүрэв манай сумын намаас зуун хүн намаасаа гарч МҮАН-д элссэн гэдэг бол худлаа. Манай сум бол Төв аймгийн хэмжээнд ардчилсан сум. Тийм учраас манай ардчиллыг нухчин дарах гэж МҮАН гэгч МАХН, МАН‑тай эвссэн нөхдүүд ийм увайгүй үйлдэл хийлээ гэв. Энэ үеэр Төв аймгаас сонгогдсон ҮЗХ‑ны гишүүд ч энэ бүх үйл ажиллагааг Төв аймгаас УИХ‑д сонгогдсон УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч, сонгуулийн менежерүүд хийгээд буйг нуух шаардлаггүй гээд улстөрд зөв шударга, бодлогоор өрсөлдмөөр байна гэлээ.

Төв аймагт МАН буюу МАХН-ын ноёрхол хэрээс хэтэрсэн ардчиллын салхи ороогүй цөөхөн аймгийн нэг гэхэд болно. Энэ удаагийн 2012 оны сонгуулиар Төв аймгийнхан Ардчилалд итгэл үзүүлэх нь дамжиггүй болсоноос үүдэн энэ мэт увайгүй үйлдлийг зохион байгуулж байгаа юм гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид онцолсон юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж